16-р байрны урсгал зардлыг хэн төлөх вэ?

32_f0fd79d168429f076fd85009b8a52743fb913a8dСүүлийн жилүүдэд барилга хоорондын зайг бөглөх гэсэн мэт шавсан барилгууд хэт их баригдах болжээ. Түүнээс болж хүний амь эрсдэх нь цөөнгүй гарсаар байна. Үүний нэгэн жишээ бол Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-р байрны асуудал юм. Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч эрт арга хэмжээ аваагүй бол албан тушаалаа хууль бусаар ашигласан хэд хэдэн хүмүүсийн балгаар цаашлаад яах байсныг хэн ч таашгүй.

16-р байрны хажуугын талбайг анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгожээ. Тус газар гаражийн барилга барьж иргэдэд худалдсан байдаг байна. Түүнээс хойш 2008 онд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгт “Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус ондоо “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн нь мөн л хувирч 2011 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан ч зөвшөөрөлгүй байсан юм.Харин тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгож бантанг нь зуурцгаасан байдаг байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар орон сууцны 16-р байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан нь 20 гаруй хонгийн өмнө боловч оршин суугчид одоог хүртэл байрандаа орж чадаагүй л байна.

Энэхүү асуудлыг Нийслэлийн  Худалдан авах ажиллагааны газар хариуцаж байгаа бөгөөд дээрх ажлыг ямар компаниар гүйцэтгүүлэхээ өчигдөр шийдвэрлэхээр болоод байсан юм. Энэ асуудлыг шийдчихвэл хөрсийг хүчитгэн бэхжүүлэх болон цутгалтын ажлыг долоо хоногийн дотор хийгээд дуусгачих боломжтой гэж яриад байгаа. Түүнд шаардагдах зардлыг Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан.

Үүнтэй холбоотойгоор оршин суугчдын зочид буудалд хоноглосон мөнгө, урсгал зардлыг “Би Жи Би Жи” ХХК гаргана гэдгээ мэдэгдсэн. Оршин суугчид ч “Би Жи Би Жи” болон “Эн Эс Ар” компаниудаар гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж байлаа. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тус компани буруугүй нь тогтоогдож, анх Оросууд барихдаа л дөрвөн см хазайлттай барьчихсан дүгнэлтийг гаргаад тавьчихсан. Тэгэхээр 16-р байртай холбоотойгоор гарсан бүх зардлыг хэн Нийслэлийн Засаг даргын нөөцийн санд эргүүлэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

Түүнчлэн энэхүү албан бус эх сурвалжууд” Бантанг нь зууралцсан хүмүүс эргээд энэ асуудлаа хамт үүрэлцэх ёстой, хөрөнгийг тэдний халааснаас ч гэсэн гаргах хэрэгтэй” гэж ярьж байлаа.

Тус асуудлаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орлогч Н.Батааг ямар ч хариуцлаггүй ажилласан хэмээн ажлаас нь хална гэж байсан ч халгаа, сэлгээ хийлгүй чимээгүй болсон.

Түүнчлэн 16-р байрны баруун талын газрыг барилгын хууль, стандартыг зөрчин “Би Жи Би Жи” компанид өгсөн гэх архитекторч нь гэнэт өвчний улмаас  хэмээн халагдах өргөдлөө өгсөн нь бас нэг анхаарал татах зүйл болоод байна. Олон нийтэд түүнийг хэргээс бултахын тулд ажлаа хүлээлгэн өгч байна гэсэн хардлага үүсээд байгаа юм.

Мөн байрны оршин суугчдийг нүүлгэсэн болон оршин суугчдын байрлаж буй зочид буудлын мөнгө гэх мэт урсгал зардлуудыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнд нөхөн олгох асуудлуудад хоблогдох эздийг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Түүнчлэн зах замбраагүй баригдаж буй энэ барилгуудын газар олголтыг зогсоож, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй компаниудад даруй арга хэмжээ авах нь зүйтэй юм.

Б.Учрал

URL:

Сэтгэгдэл бичих