Ерөнхийлөгч Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа

Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа.

 32_ec3d9f626e54ef1245f4d7e30554e51f2bb5453b

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийн энэхүү бүтэц нь сүүлийн гурван жил “Гаалийн холбоо” нэрээр явсан бөгөөд энэ оны эхээр Евразийн эдийн засгийн холбоо болж байгуулагдсан. Манай улсын хувьд цагаа олсон анхны дээд хэмжээний уулзалт болж байгаагаараа онцлог юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Эрхэм хүндэт Виктор Борисович тантай уулзаж байгаадаа таатай байна. Аугаа эх орны дайны 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Энэ оны гуравдугаар сард Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, интеграцчлал, макро эдийн засгийн үндсэн чиглэлүүдийг хариуцсан сайд Татьяана Дмитриевна Валовая манай улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж ярилцсан үр дүнтэй уулзалт болсон гэдгийг дурдлаа.

Уулзалтын үр дүнд юуны өмнө хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор Монгол Улсын засгийн газар, Эдийн засгийн комиссын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар тогтов. Энэхүү санамж бичгээр үндсэн чиглэлүүдийг гаргаж, хамтарсан  ажлын хэсгийг байгуулан үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын талаас Евразийн эдийн засгийн комиссын коллегийн гишүүн, худалдааны асуудал эрхэлсэн Сайд Слепнев Андрей Александрович, Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын орлогч дарга Шухно Сергей Степанович нар болон албаны хүмүүс байлцлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих