С.Эрдэнийг “томоотой” сууж байтал Н.Алтанхуяг орж ирээд…

Өчигдөр болсон АН-ын бүлгийн хурлын үеэр Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нар хурцхан маргалдаж. Арайхийн намжтал

Н.Алтанхуяг орж ирээд “цөс ихт” Н.Батбаяр, С.Эрдэнэ нар руу долоовор хуруугаар чичлэн ширээ шаагаад босоод ирсэн гэнэ. Тэгснээ, “Та хоёр аятайхан байгаарай. Юмыг чинь дэлгэнэ шүү” гэв.  С.Эрдэнэ дуугүй л байж. “Чи гэрт нь очиж Энхбаяртай  есөн удаа уулзсныг чинь мэднэ. Түүнээс мөнгө авч захиалгаар ажилладаг. Тагнуулд манай хүмүүс бий шүү” гэх зэргээр намын даргад баймгүй авир гаргаж байх суух газаргүй болтол нь дарамталжээ. Бүлгийнх нь хурал ийм халуухан маягаар өрнөж, намайг дарамталсан гэж С.Эрдэнэ  хэвлэлийнхэнд гомдоллов. Тэсэхүйеэ бэрх байсан учраас УИХ-ын даргад албан тоот илгээж, өөрийг нь тагнаж чагнасан гэх Н.Алтанхуягийг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулахаар болсноо бас дуулгав.  С.Эрдэнийг омголон, Н.Алтанхуягийг аядуу талыг баримтлагч гэдгийг олон түмэн мэдэх болов уу. Харин “хохирогчийн” ярьснаар энэ дүр яах аргагүй солигдсон нь түүний ярьснаас тодорхой байна.

Намын даргадаа учиргүй ихээр гомдсон С.Эрдэнэ хэвлэлийнхэнд ч бас таагүй ханддаг болсноо нуусангүй. Учир нь хэвлэл мэдээллийн ихэнх хэрэгсэл Н.Энхбаярт шүүмжлэлтэй ханддаг  нь  түүнийг ой гутахад хүргэжээ. Экс Ерөнхийлөгчийг битгий Лхүмбэ шиг хэлмэгдүүлээч,  та нар эрх баричгдчидтай нийлээд намайг гүтгэхээ боль л доо гэж байна лээ. Улс төрд танил хоёр эрхэм 2000, 2004 оны сонгуулиар Баянгол дүүрэгт өрсөлдөж байсан юм. Сүүлийнхэд нь би бараг ялчихсан юм даг, даанч гэж ирээд С.Эрдэнэ доорх утгатай зүйлийг хэвлэлийн бага хурдын үеэр нотлов. Тэднийг хэрэлдүүлсэн “этгээд” нь төсвийн төсөл юм байна. Би Ц.Нямдорж шиг хүн боож унагаагүй. хэн нэгнийг хэзээ ч гүтгэж, дарамталж байгаагүй. Хүчтэйгээс хүчгүйг нь хамгаалж ирсэн. Харин эрх мэдэлтнүүдийн өмнөөс сөрдөг. Оюутолгой, Тавантолгойн гэрээнд шүүмжлэлтэй ханддаг. Хэд хэдэн удаа асуулга тавьсан. Одоо тавиад байгаа.  Энэ мэт нь эрх баригчдад таалагдаагүй учраас намайг дарамталж, гүтгэж байна. 2008 оны сонгуулиас хйш элвээр дарамталж, хилсээр яллахыг оролдож байв. Түр гишүүний үнэмлэхтэй байхдаа ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Н.Энхбаяртай хоёр удаа уулзсан. Түүнээс хойш барааг нь хараагүй. миний эсрэг кампанит ажлыг Н.Алтанхуяг зохион байгуулж, санхүүжүүлдэг. Эцэст нь намайг тагнаж чагнаж байна гэж С.Эрдэнэ ярьж байна. Харин Н.Алтанхуяг өөрөө С.Батболд, С.Баяр хоёртой байнга уулздаг, тэднээс даалгавар авдаг. АН-ыг устгах гэж байна хэмээн тэрбээр хардаж байна лээ.   Тэгж ярих юм бол “Алтан гадас”-ынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь өрөөнийх нь үүдэнд оочерлодог байсан шүү дээ гэв.

С.Эрдэнийг үзэл бодлоо илэрхийлж дууссаны дараа АН-ын дарга Н.Алтанхуягийн үүдийг сахиж хэдэн цаг суув. Тэрбээр ийм хэрүүлд оролцмооргүй байна гэж хэсэг цааргалсан ч цөөн асуултад хариулахыг зөвшөөрлөө.

-ҮЗХ-ны хурлын өмнө нийгэмд хүлээлт бий болсон гэж зарим хэвлэлд бичсэн. Таныхаар ямар хүлээлт байж вэ. Хамтарсан Засгийн газрыг тараахгүй байгаасай гэсэн нийгмийн олонхийн хүлээлт талаар болсонгүй.

-Ямар хүлээлт байсныг мэдэхгүй. Зарим телевиз, хэсэг сониноор гарч, нийтлэгдэж байгаа хар “пиар”-аас харвал зохион байгуулалттай юм яваад байх шиг. Захиалагчдыг нь гадарлана л даа. Гэхдээ ҮЗХ-ны гишүүдийн олонх тэр сурталчилгаанд үл автаж, шийдвэрээ гаргасан гэж үздэг. 20 жил туулсан зовлон зүдгүүрийн дунд би яах вэ, ямар шийдвэр гаргах вэ гэдгээ манай гишүүд тунгаадаг болсон. Тэгж ч чадлаа. ҮЗХ-ны 200 гаруй гишүүний 30 орчим нь л ээлжит бус хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн.

-АХХ, Алтан гадас гэдэг хоёр бүлэг  сөргөлдөж байна гэдэг дүр зураг л гаднаас харагдаад байлаа. Шийдвэр нэгэнт гарлаа. Таны оронд очихыг хүсээд байсан З.Энхболд гишүүн  олонхийнхоо саналыг юу гэх юм. Та хоёр хурлаас хойш уулзав уу. Та хоёрын өмнөх харьцаа одоо сайн сайхан болсон байх?

-Энхболд гишүүнтэй уулзаж санал бодлоо солилцдог байсан. Хурлаас хойш харин уулзаж амжаагүй байна. Бидний хооронд хувийн асуудал байхгүй шүү дээ. Намынхаа дүрэм журмын хүрээнд бид ажиллаж, олонхийнхоо шийдвэрийг дагах  ёстой. Тэр дагуу л ҮЗХ-ны хурал болж өнгөрлөө.

-Энхболд гишүүн энэ шийдвэрээ хүлээн зөвшөөрч байгаа болов уу. Энэ талаар бодож үзэв үү?

-Ёстой мэдэхгүй юм.

-АН-ын хурал нэг их бужигнасан, хэрэлдсэн гээд халуухан болдог доо. Харин энэ удаа МАН-ыг санагдуулам хурал болсон шүү. Эрийн цээнд хүрсэн АН томоожиж эхлэв үү?

-Ард түмнийхээ итгэлийг даах хэмжээний нам болжээ гэдгээ харуулж чадаж байна. Засгийн эрх барилцаж байгаа намын хувьд төсвийн хийгээд төр, засгийн бодлогын бусад асуудлаар зөвхөн УИХ дахь бүлгээрээ бус ҮЗХ-гоороо хэлэлцлээ.  Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаагаа манайхан ухамсарласан хурал боллоо. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж эхэлсэн, хэрэгжүүлж буй зүйл бий. Огт ажил болоогүй нь ч байгаа. Дараа дараагийн жилүүдийнхээ хөгжлийн суурийг ямар ч байсан тавьж чадлаа. Төмөр замаа, засмал замаа хавраас тавьж эхлээч, хүрз жоотуугаа хөдөлгөөч гэж манай гишүүд хэлж байгаа. Юм хийж байна. Гэхдээ удаан байна гэдэг. Нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа нь тун цөөн байна шүү гэж сануулж байгааг хүлээн зөвшөөрнө.

-Хэрвээ хамтраагүй бол хөгжлийн сууриа тавьж чадахгүй байсан гэдгийг танайхан хүлээн зөвшөөрч байгаа биз?

-Их л хэцүү дээ. Тэгүүлэхгүй байхын тулд л бид явж байгаа гэдгийг би хэлээд байгаа.

-ҮЗХ-ны хурал дээр Та үг хэлэхдээ эмэгтэйчүүдийн, тэр тусмаа АЭХ-ны ерөнхийлөгч Ц.Оюунгэрэлийн талаар таагүй үг хэлсэн юм биш үү?

-Бүх юм сайн сайхан болчихоогүй байна. ардчилал,зах зээлийг сонгож аваад 20 жил боллоо. Гэсэн ч энэ нийгэмд авлига, хүний наймаа, мансуурах, донтох, зарим эмэгтэйчүүд маань харийнхний өмнө өвдөг сөхөрч байдаг явдал байдаг тухай, нийгмийнхээ хар барааны зүйлийн талаар ярьсан. Түүнээс бус тодорхой хүний тухай хэлээгүй. Энэ бүхнийг засаж залруулахын төлөө байна гэдгээ хэлсэн. Намынхаа эмэгтэй байгууллагын тэргүүнийг гоочилдог дарга гэж байх уу?

-Н.Батбаяр, Ч.Сайханбилэг  хурцхан маргаад дуусаж байтал Та давхиж ороод баахан дарамталжээ дээ. С.Эрдэнэ гишүүн болсон явдлыг бүгдийг ярьчихлаа. Харин Та, тийм юмыг өдөөгөөд яахав гэх.

-Бид маргаж л байдаг. Ээлжит удаагийнх нь болсон.

-Эрдэнийн ярьдаг шиг юм болоогүй гэсэн үг үү?

-Би хүн дарамтлаад байдаггүй шүү дээ. Дарамтлагчид манай намд байж болохгүй шүү гэдгийг янз бүрийн хэлбэрээр харин хэлдэг, би. өчнөөн л маргадаг.

-Яаманд нь хангалттай мөнгө хуваарилсангүй гэж Л.Болд сайд Танд гоморхоо юу. Төсвийг нь нэмэхгүй бол огцорно гэдэг мэдэгдлээ намын даргадаа өгсөн гэх юм?

-Надтай тийм асуудлаар ер яриагүй. Мэдэгдэл ч өгөөгүй.

-Эрдэнийн ярьж буй асуудлаар эрх баригчидтай санал нийлдэггүй гишүүн нэг биш нэлээд бий. Гэтэл тэр дундаас та нар түүнийг л онцолж гоочлоод байх шиг?

-Эрдэнээг онцлох шалтгаан байхгүй. ҮЗХ-ны хурал дэрэ би хэлсэн. Намынхаа асуудлыг дотроо л яръя. Гаднаас шидсэн чулууг битгий шүүрч аваад байгаарай гэж. Энэ зарчим дээрээ хатуу зогсож байгаа.

-Экс Ерөнхийлөгчтэй есөн удаа уулзсан нь үнэн үү?

-Би ҮЗХ-ны хурал дээр тэгж хэлсэн. Тэр бол үнэн.

-Энэ мэдээллийг тагнуулын шугамаар олж авсан. Манай хүмүүс Тагнуулын байгууллагад байгаа шүү гэж Та сүрдүүлсэн юм биш үү?

-Тэр худлаа, тэгж яриагүй. надад тагнадаг чагнадаг юм байхгүй.

-Өөрийг нь тагнаж чагнасан учраас Таныг Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулахаар боллоо.

-Шалгаад тодруулна биз. Би ямар тагнуулч биш.


URL:

Сэтгэгдэл бичих