Түрүүч цолтой “Монгол морь” Реклэс
Баатарлаг Монгол морьдод зориулсан хөшөө босно
Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэж үлдснээр бол Монгол морь өдгөөгөөс 2220 гаруй жилийн тэртээд өөрийн эзэн, баатарлаг дайчин эрсийн хамт дэлхийн тэн хагасыг туулж, хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд соёлын тэсрэлт, шинэчлэлт өөрчлөлтийн хувьсгалыг хийлцэж, даяарчлалыг эх суурийг тавьж явсан аугаа түүхтэй, Монгол дайчин эрсийн үнэнч анд, хань нөхөр, итгэлт хүлэг нь билээ.
Монгол морьд өөрсдийн энэхүү гайхамшигт чанарыг өнгөрсөн зууны хэд хэдэн томоохон дайн, тулаанд мөн л нотлон харуулж чадсан ба эрэлхэг дайчдын хайр хүндэтгэлийг хүлээсээр иржээ. Түүний нэг бол Америкийн Пенделтон хотод хөшөө нь боссон Монгол морь/гүү/ Реклес юм.
Энэ бол Америкийн түүхэнд тодоор бичигдсэн, давжаахан биетэй монгол морины түүх юм. Баатарлаг хэмээн цоллогдсон Реклэс гүүний тухай Америкт мэддэггүй хүн бараг байхгүй.
Энэ морь 1954 оны Солонгосын дайнд оролцож, хятад болон хойд солонгосчуудын шуурган гал дундуур гайхамшгийг үзүүлдэг байжээ. Хүч чадал сайтай, омголон, эрэмгий хүлэг байсан гэдэг. Тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдэд маш олон орон дамжсан байна.
Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн. Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт ирсэн байна. Реклэс гүүг хаана хэдэн онд төрсөн гэх баттай сурвалж байдаггүй ч түүнийг монгол морь гэдгийг хүн бүхэн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн, зүсчилбэл хул, халзан гүү байсан аж.
Түүний Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу хүү байсан бөгөөд хайртай морио зарах болсон шалтгаан нь эгчдээ хиймэл хөл хийлгэх шаардлагатай байснаас болжээ.
Түүний эзэн Ким Хук Мүн гэгч морины наймааны дуудлага худалдаанд 250 ам.доллараар зарсныг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын Рекойлесс Рифле салаанд ачаа зөөвөрлөх морин салаа авч байсан байна.
Төд удалгүй шалгууртаа тэнцэн АНУ-ын армийн нэгэн хэсэг болж цэргүүд ч түүнд их хайртай болжээ. Реклэс цэргүүдийн өгсөн юуг ч хамаагүй иддэг байсан ба хэдэн хэрчим гамбир, өндөг идэж, кофе ууж, тэр ч байтугай кола, пиво уудаг байсан аж. Нэг удаа бүр покерын 30 долларын хясаа хүртэл идэж байсан гэдэг.
Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг байжээ. Өрнөдийн, эсвэл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн дурсан ярьдаг.
Зэвсэг ачаад очих газрыг нь чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуутай уулын хэд хэдэн давааг давж тулалдаж буй цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байлаа. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа цэрэг зэвсгийн баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн байна.
Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байлаа. Тэрээр Америкийн армийн “Нил ягаан зүрхтэн” цол, “Сайн удирдагчийн медаль”, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн цэргийн бүхий л цол хэргэмээр шагнуулж байсан ажээ.
Реклэс 1960-аад оноос тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байжээ. Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний дурсгалыг нь хүндэтгэн хөшөөг нь босгож өнөө хэр дурсан ярьцгаасаар байна.
О.Мөнхдуулга
URL: