“Эх орны дайны баатруудад зориулав”

5-7-2_700x700

Зөвлөлт, Монголын цэргүүд Халх голын дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойг Монгол, ОХУ  өнгөрсөн жил хамтран тэмдэглэж байсан бол  Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны түүхт 70 жилийн ойг энэ жил мөн хамтран тэмдэглэж байна. Дайн самуунтай тэртээх хүнд он жилүүдэд Зөвлөлт, Монголын цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж, гар нийлэн ажиллаж байсан цаг үе эдгээр өдрүүдэд тохиож байгаа юм. Хоёр улсаас түүхт ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны  сүлдэт танхимд дэлгэсэн “Халх голын цэрэг дайчид-Аугаа их Эх орны дайны баатрууд” сэдэвт цэрэг түүхийн үзэсгэлэн байлаа.

Баярт өдрийг тохиолдуулан анх удаа үзүүлж байгаа чухал ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнд Халхын голын 1939 оны дайнд эр зоригоо гайхуулсан, дараа нь 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд баатарлаг гавьяатай цэрэг эрсийн талаар сонирхолтой материал дэлгэсэн юм. Тэдний дунд онгоцны нисгэгчийн амийг аварсан, дайсны 10 гаруй онгоцыг сөнөөсөн, дайны жилүүдэд амжилттай тулалдаж явсан гавьяа шагналтай жирийн цэргүүдийн талаарх ховор нандин баримтууд ч байна. Үзэсгэлэнг И.В.Сеченовын удирдсан “Дорнын манаа” эрэн хайгуулын отряд нэртэй Оросын орон нутгийн олон нийтийн байгууллага бэлтгэжээ. Тус отряд Халхын голын дайнд амь үрэгдэгсдийн цогцсыг хайж олон хүндэтгэлтэйгээр дахин нутагшуулах зорилготой хээрийн экспедицийг зохион байгуулдаг юм байна. “Дорны манаа” отряд манай улсаас 56 улаан армийн цэрэг, нэг япон цэргийн цогцсыг олж нутагшуулжээ. ОХУ, Беларусь, Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон холбогдох албаныхан шимтэн сонирхсон үзэсгэлэнгийн үеэр хайгуулын отрядын удирдагч И.В.Сеченов ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын цэргийн ёслолын хувцасны маршалын таван хошууны хуулбарыг тус музейд хүлээлгэн өгсөн юм. Ялалтын баярын Монгол дахь арга хэмжээ дууссаны дараа баатар эрсэд зориулсан үзэсгэлэнг Москва хот руу шилжүүлж, Поклонная гора дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний Төв музейд байршуулах юм байна.

Аугаа их Эх орны дайнд Монголын талаас 21384 цэрэг дайчид оролцож, есөн оперативын нэгж, таван чиглэлээр хүч хуралдуулан хоёр үндсэн чиглэлд давшиж,  ялалтад хувь нэмрээр оруулснаар Дэлхийн хоёрдугаар дайныг ялалтаар  төгсгөсөн гэдэг. Энэ дайны ялалтын ойг тэмдэглэх ажлын хүрээнд Батлан хамгаалах сайдын тушаалаар томилогдсон ойг зохион байгуулах салбар комиссоос Мон­гол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-д байх Монгол дайчдын хөшөөнд  хүндэтгэл үзүүлэх, баримтат кино, түүхэн ном, зургийн цомог бүтээх гээд олон ажлыг зохион байгуулсаар байна. Мөн ялалтын баярт зориулсан баярын хурал энэ сарын 8-нд эхэлж, 9-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө,  Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм.  Энэ өдөр Чингисийн талбайд  Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг МҮОНТ-ээр  шууд дамжуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих