“Боко Харам”-ын олзны аймшиг

527-14308813385-6-10_700x700Нигерийн армийн цэргүүд лалын “Боко Харам” бүлгийн барьцаанд байсан 700 орчим хүнийг чөлөөлсөн нь дэлхийн гол үйл явдлын нэгд тооцогдож байна. Барьцаанд байсан хүмүүс олзны үеийн аймшгийн талаар ярьж байна.
Нэгэн эмэгтэйн хэлж буйгаар, лалын босогчид олзны зарим хүнийг чулуугаар нүүл­гэж цаазалжээ. Засгийн газрын цэргүүд Самбиса ой модон дахь томоохон хуарангаас 300 орчим эмэгтэй, хүүхдийг чөлөөлсөн юм. Сүүлийн долоо хоногт Нигерийн арми нийтдээ 700 орчим хүнийг олзноос чөлөөлөөд байгаа аж.
Чулуугаар нүүлгэж алдаг лал шашны айм­шигт цаазанд хэдэн хүн үхсэн нь тодорхойгүй. Гэрчүүдийн ярьж буйгаар, босогчид эрэгтэйчүүд, том жаалуудыг төрөл төрөгсдийн нүдэн дээр нь хороож, үлдсэн эмэгтэйчүүдийг нь ой руу тууж явсан байна. Цөөнгүй эмэгтэйг босогчдод хүчээр эхнэр болгон өгч байжээ. Өрнөдийн соёл, боловсролыг эсэргүүцэн гарч ирсэн “Боко Харам” бүлгийнхэн сургууль, боловсролын байгууллагыг байнга довтолдог аж. Мөн тэд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь дээр лал шашны консерватив үзэл санааг баримталдаг.
Олзны эмэгтэй­чүүдийг босогчид байнга хараа хяналтад байлгаж, мөрдөж, бие засахад нь хүртэл хараа салгадаггүй байжээ. “Биднийг хөдлөхийг хориглож, бөөнөөр нь байлгадаг байсан. Өдөрт ганц удаа л хооллодог. Хатсан, хуурай эрдэнэ шиш л өгдөг байлаа. Үүнийг нь бараг идэх аргагүй байсан” хэмээн олзонд байсан Асабе Умару хэмээх бүсгүй ярилаа. Муу хооллолтын улмаас олон хүн өөд болсон аж. 24 настай, хоёр хүүхдийн эх Умаругийн баталж буйгаар, өдөр бүр нүдэн дээр нь хэн нэг нь нас бардаг байжээ.
Засгийн газрын цэрэг хүүхэд, эмэгтэйчүүдийг чөлөөлсний дараа пикап автомашинаар гурван өдрийн турш зөөж аюулгүй газар авчирчээ. Үүний дараа сайн хооллож, эмчийн үзлэгээр оруулсан байна. Тэдний ихэнх нь Чибок хотоос холгүй орших Гумсури тосгоны иргэд байжээ. Нэг жилийн өмнө тус тосгоноос 300 орчим эмэгтэй сурагчийг хулгайлсан нь дэлхийн нийтийн зэвүүцлийг төрүүлж байсан билээ. Тэндээс хулгайлагдсан хүүхэд, эмэгтэйчүүд тосгондоо буцаж очихыг хүсэхгүй байна.
“Боко Харам” бүлэг Нигерийн хойд нутагт лалын улс байгуулахын төлөө зэвсэгт тэмцэл эх­лүүлс­нээс хойш хэдэн мянган хүн амиа ал­даад байна. Өнгөрсөн хоёр­дугаар сард Нигерийн зэв­сэгт хүчин хөрш улсуудын тусламжтайгаар лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлж “Боко Харам”-ын эзлээд байсан ихээхэн газар нутгийг эргүүлж авчээ.
Н. Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих