Монголын баяжуулагчдыг тэнгэр ивээж байна
Лондоны металлын биржийн зэсийн ханшийн графикийг хар даа. Баярламаар байгаа биз? Манай экспортын орлогын талыг бүрдүүлэх зэсийн баяжмалын үнэ цэнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн оны сүүлчээс навс унаж, нүд ирмэхийн зуур тонн нь 5340 ам.доллар буюу сүүлийн таван жилийн доод цэгтээ тулсан зэсийн ханшийг байгалийн гамшиг аварсан билээ.
Тодруулбал, Чилийн зэсийн үйлдвэрлэлийн бүс нутаг болох Атакамад өнгөрсөн гуравдугаар сард үер бууснаас “Эрдэнэт”, “Оюутолгой”-н орлого өсөж байна. Эдүгээ тонн зэс 6400 ам.долларт хүрчээ. Манай баяжуулагчдыг тэнгэр ивээж эхэлснийг илтгэх мэдээлэл хөвөрсөөр.
Хятадын зэсийн хэрэглээ муудсан ч зэсийн хүдэр ба баяжмалын импорт нь 30 хувиар өсжээ
Дэлхийд үйлдвэрлэсэн нийт зэсийн талыг хэрэглэдэг Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь уг металлын ханшид сөргөөр нөлөөлсөн билээ. Тус улсын хэрэглээ хоёр оронтой тоогоор нэмэгдэхийн хэрээр Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ ч цойлж, 2011 онд тонн нь 10 мянган ам.доллараас давж байв. Харамсалтай нь, тэр сайхан цаг нэгэнт ард хоцорчээ. Энэ жил л гэхэд урд хөршийн зэсийн хэрэглээ ердөө 2.6 хувийн буюу 2006 оноос хойших хамгийн сул өсөлт үзүүлэхийг “Morgan Stanley” тооцоолсон.
Тэдний зөв болохыг статистик баталж буй. Тухайлбал, энэ оны эхний улиралд урд хөрш 1.1 сая тонн цэвэр зэс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг “Reuters” мэдээлжээ. Хятадын зэсийн хэрэглээ муудсан боловч хайлуулах үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, бүр эрчимжүүлж эхэлсэн нь ийнхүү цэвэр зэсийн импорт багасахад хүргэсэн байна. Энэ нь бидний хувьд сайн мэдээ юм. Хятадын хайлуулах үйлдвэрүүд чинь манай зэсийн баяжмалын гол хэрэглэгчид шүү дээ.
Дээрх шалтгаанаар урд хөршийн зэсийн хүдэр ба баяжмалын импорт өнгөрсөн гуравдугаар сард 1.3 сая тонноос давж, өмнөх сарынхаасаа 70 хувиар, өнгөрсөн жилийн гуравдугаар сарынхаас 30 орчим хувиар өссөн байна. Цагаан сартай холбоотойгоор тус улсад жил бүрийн хоёрдугаар сард импорт унаж, гуравдугаар сард огцом өсдөг учраас арай өөр өнцгөөс харъя. Энэ оны эхний улиралд БНХАУ гурван сая гаруй тонн зэсийн хүдэр ба баяжмал импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 300 мянган тонноор өссөн дүн билээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд урд хөршийн цэвэр зэсийн импорт 17.1 хувиар буурсан байхад зэсийн хүдэр ба баяжмалын импорт нь 10 орчим хувиар нэмэгджээ.
Дахиад нэг сайн мэдээ. Хятадад нийлүүлж буй зэсийн хүдэр ба баяжмалын хэмжээгээр Монгол Улс өнгөрсөн онд зургадугаарт жагсаж байсан бол энэ оны эхний улиралд гуравдугаарт бичигдэж байна. “Bloomberg”-ийн мэдээллээс үзэхэд, Чили 826, Перу 488 мянган тонн зэсийн хүдэр ба баяжмал хятадуудад зарсан бол Монголынх 285 мянган тоннд хүрчээ. Бид Мексик, Австрали, Казахстаны өмнүүр орчихсон байна.
Манай улс энэ оны эхний улиралд нийт 309 мянган тонн зэсийн баяжмалыг 512 сая ам.доллараар экспортолсныг Монгол банкны гадаад худалдааны тоймоос харж болно. Энэ нь манай экспортын нийт орлогын 48 хувийг бүрдүүлж буй учраас анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ ямар байхаас Монгол Улсын гадаад худалдааны ашиг, төсвийн орлого, төгрөгийн ханш шалтгаалах үе эргэж ирээд байна шүү дээ.
Д.Мөнхчимэг
URL: