Л.Баярсайханы аяллын тэмдэглэлээс

11121762_10204616627000947_5701182624824909381_n

….Монголын баг өглөө 6:00 цагт Балбын нийслэл Катмандугаас нисэж Хималайн уулсын Лукла тосгонд ирцгээв. Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд урд талаас нь авирах бол эндээс л бүх аялал эхэлнэ. Эхний онгоцоор Ганбаатар, Баярсайхан, Канадын Моника, хөтөч Гунса дөрөв ирлээ. Энэ онгоц буцаж нисээд манай үлдсэн 12 хүнийг авчрав. Лукла сэрүүн байна. Ихэнх нь анх удаа 16 хүний суудалтай жижиг онгоцоор нисч, тэгээд өндөр уулын хормой ирмэг дээр богинохон зам дээр газардсан тул сэтгэл хөөрөл нэлээн байх шиг.

 

…Уржигдар Эверестийн авиралтын “Хөх тэнгэр 2012” багийнхан авиралтын, уулын, өндрийн хувцас хэрэгслээ авч бэлтгэлээ жигдэллээ. Нийт 10 гаруй мянган ам.долларын хэрэгсэл нэмж авцгаав. Бид долоон треккер, долоон уулчин (Монголын таваас гадна Канадын нэг, Норвегийн нэг), мөн Нима Гомбо шерпагийн бүгд нийт Эверестед 56 удаа гарсан ах дүү долуул гээд давхардсан 777 гэж байгаад бүх хэрэгслийг 7.0 хувь хямдруулж авав. Мөн “Монгол Эверест 2012” хайкерууд маань брэнд дэлгүүрээс уулын хувцас хэрэгсэл авцгааж өнгө засацгаав.

 

…Бид Монголын 12, Канад нэг, дөрвөн шерпа нийт 17 хүн Луклагаас 2640м өндөрт байрлах Пакдинг орохоор алхав. Манайхан зам зуур зураг дарцгааж шинэ орчиндоо дасч явцгаана. Пакдинд “Шерпа Фармхаус” гэдэг буудалд бууцгаав. Аравдугаар сард Байгаль уулчны хамт ирэхдээ бууж байсан, боломжийн тохилог газар. Оройдоо бөөн инээд хөөр, зарим нь зад мушгиж нэгэн оройг өнгөрөөв. Тэнд байсан шерпа, буудлын эзэн нар “Урьд нь олон гадаадын аялагч ирж байсан, гэхдээ монголчууд шиг ийм хөгжилтэй байдаггүй” гэцгээнэ. Аялал зохион байгуулж байгаа хүмүүс бидний зохион байгуулалттай, бэлтгэл сайтайг тэмдэглээд, талархаад авав.

 

…Пакдинаас өглөө 7 цагт хөдлөж, Намче Базаар тосгоныг зорив. Энэ хэсэг нэлээн алхуулна, гэхдээ байгаль нь үнэхээр гайхалтай. Гүн ногоон мод, өвс ургамал, тэр доор хад асга мөргөн хүржигнэн урсах гол, тэртээ дээр гялалзан сүндэрлэх оргилууд гэхчилэн олон өндөр урт дүүжин гүүрээр гарсаар огцом өгсч явсаар орж ирнэ. Канад уулчин бүсгүй түрүүлж алхаад алга болов, замдаа өдрийн хоолоо идэх байсан тул Нима Гомбу шерпа түүний араас нь элдэв. Бид замын дунд үдлэж хооллоод Намчег зорилоо. Замдаа газраас хамгийн өндөрт дүүжилсэн урт гүүрээр гарцгаав. Аравдугаар сард энэ хэсэгт би нэлээн ядарсан, арай ядан Намче Базаар хүрснээ санав. Бие организм өндөрт дасч л явж дээ.

 

…Пакдинаас Намче орно гэж 2640 м-ээс 3640 м-ийн өндөрт хүрч, бараг 1000 м өгсдөг. Энэ удаад арай гайгүй, ямар ч байсан багаасаа түрүүлж ирээд цай ууж, усанд орж амраад амжив. Манайхан ч ар араасаа орж ирэв. “Ямар байна, ядрав уу?” гэж асуухад “Урьд нь та хэцүү гэж хэлсэн болохоор сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан, гайгүй” гэцгээсэн. Нэг өдөр бараг 1000 м өгссөн тул бие организмаа агаар сийрэг орчинд дасгах зорилгоор энд бид хоёр хононо. Эс тэгвээс цааш явах улам хэцүү болох юм. Намче Базаар Гималайдаа л хамгийн юм юмтай, уулын брэнд бараатай, тохилог тосгон тул бүгд шоппинг хийхээр гарцгаав.

 

…Өнөөдөр тэнгэр сайхан бол бид нээлтээ хийж, Монголынхоо туг далбааг мандуулж, сүлд дууллаа дуулцгаах байлаа. Шерпа нар маань бааз лагериа үнэхээр сайн зохион байгуулжээ. Бидний майхан тохилог, ер нь бүх юмыг шинээр авч бэлджээ. Энд бидний таван монгол 60 хононо. Монголынхоо далбааг мандуулж, Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран”-г өдөр болгон тавьж, хайкер Гоцбаярын  өгсөн Монголын байгалийн зурагтай номоо зочиддоо үзүүлж, дөрвөн бэрх шагайгаар хаяуулсан шигээ байна. Бас дасгалаа ч идэвхтэй сайн хийж байгаа.

 

…Цас их орно. Байсхийгээд майхныхаа цасыг нураадаг л ажилтай. Алсын бараа үгүй. Ингэж их цас орохоор дэлхийн 14 дэх өндөр Шишапангма ууланд авирах мөрөөдөл улам холдоно. Швецарийн багийн нэг уулчны бие тааруу доош буцсан, Нялам орно гэнэ. Бараг эргэж ирэхгүй байх. Энд одоогоор таван швейцарь нэг баг, гурван англи нэг баг, шинээр ирсэн холимог дөрвөн гишүүнтэй нэг баг бид зургаатай нийлээд нийт 19 уулчин байна. Өнөөдөр манай багийн “Пужа” гэдэг уул усаа аргадаж тахих ажиллагаа болов. Ингээд үндсэндээ өндрийн авиралтын бэлтгэлдээ орцгооно.

 

…Энэ дани, швейцарь, герман, итали гээд дөрвөн уулчинтай шерпагүй авирах холимог баг өдөр ирсэн.Тэдэнд  “Танай Маттерхорны оройд гарсан, Монт Бланкийн оргил дээрээс тандем шүхрээр нисээд Шамонид буусан” гээд надад бол ярих юм байв. Харин тэд Монгол гэж юу билээ гэж бодож суугаа бололтой.

 

…Манай хамгийн ахмад Мацумото сан шинэ хүмүүс орж ирсэнд олцуурхаж “Та нар бүгд надад адилхан” (You all are same for me) гэнэ. “Тийм, бид бүгд таны хувьд хүүхдүүд шүү дээ” (Yes, we all are kids for you) гэж намайг хэлэхэд “Үгүй ээ, чи бол Чингис хааны хүн, харин эд нар бол бүгд надад адилхан” (Not you, you are a man of Chinggis khan, but all others are same for me) гэж бүр нэмэв. Бүгд ойлгосон ойлгоогүй худлаа инээлдэж, толгой хоргодох газар олсноо олзуурхах зуур би “Эд нар бүгд л Марко Поло шиг харагдаж байгаа байх. Агуу өвөг дээд эсийнхээ хажууд би өчүүхэн тоосны хэлтэрхий билээ” (I am a piece of dust behind to our great ancestors) гэв.

 

…Бага багаар бие дасан зохицож байна. Цусандахь хүчил төрөгчийн сатураци 75% -тай, цусны даралт 140/90, зүрхний цохилт 110-с буухгүй л байна. 5700 метр дээр ирээд 3 хоноод байхад тийм ч сайн үзүүлэлт бас биш юм.

…Холимог уулчдын баг, Английн баг Шишапангмагийн оргилд хүрч амжилгүй буцсан. Япон уулчны санаатай хэлсэн үг дараагийн дэлхийн зургаа дахь өндөр Чо Оюу оргилд гарах хүч чадал өгсөн. Тэрбээр миний хоёр оргилд угсруулан авирахыг сайн мэдэж байв. Энэ улирал Анкажи шерпа бид хоёроос өөр уулчин давхар авиралт хийж амжаагүй. Нэг оргил дээрээс нөгөө оргил дээрхи хооронд найм хоног болж таарав.


URL:

Сэтгэгдэл бичих