Д.Байгал: Чуулганд оролцох ахмадуудад ил захидал, санал асуулгын хуудас хүргүүлсэн
2015 оны 5-р сарын 10-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 ахмадын чуулган болно. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалаас тодрууллаа.
- “Эрдэнэт” үйлдвэрийн тэтгэвэрт гарсан ахмадын тоо 1500 гарч байна. Сүүлийн жил 400 гаруй хүнээр нэмэгдлээ. Одоо ирэх хоёр жилд “Эрдэнэт” үйлдвэрийн захиалгаар суралцан төгсөж, өнөөдрийг хүртэл үйлдвэрт ажиллаж буй ахмадууд тэтгэвэрт гарна. Үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл санаачлан тэтгэврийн насны хүмүүс олон болсонтой холбогдуулан цехүүдэд ахмадын зөвлөл байгуулсан. Өөрөөр хэлбэл, ахмадууд нэмэгдсэнээр хүн бүрт зар мэдээ хүргэх, хүн бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй болсон учраас цехүүдэд зөвлөл байгууллаа. Цехийн зөвлөл “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн жил Илгээлтийн эздийн 40 жилийн ойг тохиолдуулан ахмадуудын амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх үүднээс зуны дэлгэр цагт баярын үйл ажиллагаа зохион байгуулсан. Ахмадууд үүнд их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Өнгөрөгч онд 30 гаруй ажил төлөвлөснөөс бараг 100 хувь биелсэн. Ахмадын оролцоотой ажил, спорт, урлагийн олон уралдаан зохион байгууллаа. Одоо ч уламжлал ёсоор тэдний дунд тэмцээн явагдаж байна. Уралдаанд тогтмол оролцох хүний тоо цөөхөн. Нийтийг хамарч чаддаггүй. Тиймээс бид олон хүнийг амьдралд идэвхтэй байлгах зорилготой ажилладаг. Манай Ахмадын нэгдсэн зөвлөл үйлдвэрийн удирдлагатай ярилцаад 1000 ахмадын чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Ер нь ахмадуудад ямар тулгамдсан асуудал байна. Манай үйлдвэрийн ахмадын байгууллага хэрхэн яаж ажилладаг юм. Энэ бүгдийг ярилцъя. 1500 ахмадад сайн зар хүргэвэл 1000 орчим хүн цуглана гэж үзсэн. Манай ахмадуудаас гадаадад амьдардаг хүн ч бий. Ач, зээгээ хараад завгүй өөр аймаг, суманд амьдарч буй хүн ч байгаа.
- Чуулга уулзалтын ач холбогдол юу вэ?
- Энэ чуулганыг угтаж бүх ахмадууддаа захидал илгээсэн. Одоо хүмүүс нэгэндээ захидал бичихээ байж. Гарт нь захидал очихоор сонин байх болов уу гэж үзсэн. Энэ нь ажил зохион байгуулах нэг хэлбэр юм. Хүн бүрт захидал хүргэх ажлыг эхлээд гурван долоо хонолоо. Захидлын хамт санал асуулгын хуудас хүргүүлсэн. Ахмадууд санал асуулгын хуудас бөглөж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Үүнийг нэг бүрчлэн үзэж дүгнэлт гаргана. Ахмадууд юу хүсч, юу зөвлөсөн нь эндээс харагдана. Мөн ахмадын байгууллагын үйл ажиллагаанд аль хэр сэтгэл хангалуун явдаг юм. Энэ бүхэнд судалгаа авна гэсэн үг. Судалгаагаар цаашид юу хийх нь гарах болов уу. Ер нь ахмадууд аливаа үйл ажиллагаанд хэрхэн хамтарч оролцох юм. Ахмадуудын хэн нь хаана амьдарч, ямар ажил эрхэлж байна энэ бүхэн санал асуулгаар тодорно. Үүнийг ажлын хэсэгт танилцуулна. Тулгамдсан зарим асуудлыг чуулганаар авч хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх, бусад асуудалд үйлдвэрийн захиргаа, ахмадын байгууллага хамтарч ажиллах зорилготой байна. Энэ бүхэн чуулга уулзалтын үр дүн юм.
- Чуулганы үйл ажиллагаа ямар хэлбэрээр явагдах вэ?
- Энэ сарын 10-ны 13 цагт цех, хэлтэс, албаараа ахмадууд цугларч дурсгалын зураг татуулна. Дараа нь цех, хэлтсийн хүний нөөцийн болон манай зөвлөлийн ажилтнууд ахмадуудаа “Уурхайчин” соёлын ордонд урьж, 14 цагаас чуулга уулзалтын үйл ажиллагаа эхэлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал чуулганыг нээж үг хэлнэ. Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч компанийн өнөө-гийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. С.Сувдаа захирал “Өнөөдөр ба маргааш” гэсэн нийгмийн хамгааллын сэдвээр илтгэл тавина. Үйлдвэрийн удирдлагуудад хандсан асуултуудыг ахмадууд бичгээр ирүүлэх ажлыг бид зохион байгуулна. Чуулганы үеэр нэг хэсэг нь ам халаад дуусахгүй юм асуугаад дугаарлаад зогсох асуудлыг ингэж зохицуулах болсон. Бүх ахмадын зөвлөлгөө, санал хүсэлтийг бид урьдчилан бичгээр авна. Тэдний тавьсан асуултанд үйлдвэрийн удирдлагууд хариулт өгнө. Өөрөөр хэлбэл, уламжлалт санал, шүүмжлэлийг ийм хэлбэрээр зохион байгуулна. Хуучин Орон сууцны хэсгийн харьяаны 100 гаруй ахмад байдаг. Манай ахмадын зөвлөлөөс хамгийн сайн ажиллаж буй нь энэ цех юм. Энэ цехийн болон хамгийн олон хүнтэй Авто тээврийн байгууллагын ахмадын зөвлөлийн дарга, тодорхой хугацаанд үйлдвэрийн ахмадын зөвлөлийн тэргүүнээр үр бүтээлтэй ажилласан Д.Адъяа нарын төлөөлөл үг хэлнэ. Мөн ахмадын байгууллагын хийсэн ажил, цаашдын зорилт, төлөвлөсөн ажлын талаар би илтгэл тавина. Төгсгөлд нь ахмадын “Мөнгөн сор” чуулгын уран бүтээлчид концерт тоглоно. Энэ үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал хааж үг хэлснээр чуулган өндөрлөх хөтөлбөр гараад байна.
- Залуу насаа “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжил, дэвшилд зориулсан ахмадууд шагнал урамшилд аль хэр хамрагдаж байна вэ?
- Бид Засгийн газрын шагналд нэлээн олон ахмадыг тодорхойлсон. Тэдний бараг 90 гаруй хувь нь салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Төрийн дээд одон медалиар шагнагдах хүмүүсийн тодорхойлолт журмын дагуу явагдаж, шийдэгдэж ирсэн. Энэ нь манай ахмадын нэгдсэн зөвлөлийн анхаарлын төвд байдаг ажлын нэг.
- Баярлалаа. 1000 ахмадын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Т.БАТЧУЛУУН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ус тасрахыг зүгээр сониуч үзгээр бичмээргүй л байна, сэтгүүлчээ. Наадахыг чинь монголчууд “дутуу алсан могой” гэдэг юм. Мэдээлэлдээ ус тасрах хуваарь, графикийг нь нарийвчлаж олоод оруулсан бол жинхэнэ мэдээлэл болох байлаа. Олонд тустай байх байлаа.
Yu gesen ug ve hezee hedii hugtsaagaar tasrahiin oilgomjgui yumaa