“Ард түмний эцэг”-ийн тайлагдаагүй нууцаас
Оросууд их удирдагч Иосиф Виссарионовичийнхаа тэнгэрт хальсан тухай эмгэнэлт мэдээг 1953 оны гуравдугаар сарын 5-нд анх дуулцгаажээ.Үхлийн шалтгааныг албан ёсны бичиг баримтанд тархинд цус харвасан хэмээн тэмдэглэсэн байдаг гэнэ.Гэвч “ард түмний эцэг” И.В.Сталиных нь тухай домог адил яриа хөөрөө өнөөг хүртэл яригдсаар л байдаг аж.Тэдгээрээс цөөн заримыг хураангуйлан хүргэж байна.
Сталины аминд хэн хүрэв
Иосиф Сталиныг Ближний дэх зуслангийнхаа байшинд газар ухаангүй хэвтэж байхад нь хамгаалалтын ажилтан Пщтр Лозгачев анх олжээ. Тэр өдөр гуравдугаар сарын 1 байсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Эхлээд өрөөнд нь орж үзсэн. Байхгүй болохоор нь угаалгын өрөөнд, дараа нь зочны том танхимд үзсэн ч Сталин байхгүй байв.
Зочид хүлээж авдаг танхимаас гараад хоолны жижиг өрөөний хаалга хагас онгорхой, гэрэл нь асаалттай байхыг хараад явж ортол нөхөр Сталин газарт нэг талаараа тохойлдоод унасан бололтой хэвтэж байсан. Би гүйж хүрээд “Та яасан бэ, нөхөр Сталин” гэж асуусан ч хариулт сонсч чадаагүй. Түүний хажууд шалан дээр “Правда” сонин, бас Цагны нэгдүгээр үйлдвэрийн хийсэн халаасны цаг нь хэвтэж байв” хэмээн дурссан байдаг. Маргааш нь буюу гуравдугаар сарын 2-ны өглөө эрт эмч ирж эхний оношийг тавьсан. Тэгэхэд түүний баруун тал мэдээгүй болсон байжээ. Эхний ээлжинд цусны даралтыг бууруулж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоход эмч нар хамаг анхаарлаа тавьсан ч одоотой адил сайн эм тариа байгаагүйгээс ч болсон уу аварч чадаагүй. Гэхдээ хамаатан садангийнхан нь хэрвээ эмч нар маргааш нь биш өмнөх өдөр нь ирсэн бол аврах л байсан хэмээдэг.
Сталиныг амьсгал хураах мөч хүртэл Зөвлөлтийн тухайн үеийн удирдагчид Берия, Маленков, Хрушев, Ворошилов, Каганович хажуугаас нь холдоогүй гэдэг. Берия бүр хэд хэдэн удаа их удирдагчаа ядаж ганц бол үг хэлээч хэмээж байжээ. Сталин ухаан оролгүй байсаар гуравдугаар сарын 5-ны 21:50 цагт амьсгал хураасан.
Сталиныг жамаараа тэнгэрт халиагүй, түүнийг алсан гэсэн цуу яриа оршуулгын бараг маргаашаас л тарсан байна. Хэдийгээр үүнийг нь батлах ямар нэг нотолгоо байхгүй ч “ард түмний эцэг”-ийн үхлийг хүссэн хүн эргэн тойронд нь хэдэн арваараа байсан хэмээдэг юм. Коммунист намын дээд удирдлагыг Сталин тэр чигт нь бут ниргэж ч магадгүй нөхцөл байдал үүссэн тул Вячеслав Молотов, Никита Хрущев, Лаврентий Берия нарын хэн хэнд халтай байжээ. Мөн түүний хүү Василийг ч хардаад амжсан. Эдгээрээс хамгийн их тарсан буюу магадлал өндөртэй хувилбарыг Лаврентий Бериятай холбодог. Тухайлбал, Хрушев нэгэнтээ “Сталин нас барахад хамгийн их баярласан нь Берия. Түүний царай бараг л гэрэлтэж байсан. Тэр Сталины хөрч амжаагүй цогцсынх нь дэргэд зогсч байхдаа бүдүүлгээр хэлбэл тун ч хөгжилтэй бас нүдэн дээр л залуужчих шиг болсон. Магадгүй Берия тэр үед өөрийнх нь цаг ирлээ гэж бодсон байх. Түүнийг барьж дийлэх хүч үгүй боллоо гэдэгт итгэсэн тэр мөчид баярласан сэтгэлээ нуухад хэцүү байсан биз” хэмээн дурссан байдаг юм. Мөн Берия нэг удаа “Сталин бол жинхэнэ галзуу. Тэр биднийг толгой дараалан буудаж ч мэднэ” хэмээж байсныг ч ярьсан.
Хачирхалтай нь хүмүүс Сталины үхлийг захиалагчийн нэгээр Хрушевыг ч нэрлээд амжсан билээ. 1963 оны долдугаар сарын 19-нд Унгарын Коммунист намын төлөөлөгчдөд зориулсан еслолын цуглаан дээр Хрушев “Хүн төрөлхтөний түүхэнд харгис хэрцгий дарангуйлагчид цөөн биш байсан. Гэхдээ тэд хүчээр барьж байсан эрх мэдлийнхээ ирэнд өртөж үгүй болсон” хэмээн ил тод ярьж байв. Түүний энэ үгийг сонссон хэн ч бол дарангуйлагч гэж Сталиныг хэллээ хэмээн түвэггүй ойлгосон гэдэг. Энэ мэтээр Сталины үхлийг жам ёсны биш байсан уу, үгүй юу гэдэг асуулт өнөөг хүртэл хариултгүй үлджээ.
Төрсөн өдрөө өөрчилсний учир
Хэдийгээр Иосиф Сталины албан ёсны намтарт түүнийг 1879 оны арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн гэдэг ч үнэн хэрэгтээ 1878 оны арванхоёрдугаар сарын 18-нд мэндэлжээ. “Ард түмний эцэг” өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй нэгэн байв. Тэрээр дайснууд нь зөнч, шидтэний хүч ашиглаад өөрт нь муу юм хийж магадгүй хэмээн үргэлж айдаг. Өөрийнх нь хувь тавиланд нөлөөлөх вий хэмээн сэрэмжилдэг байжээ. Чухам тийм учраас л төөрөлдүүлэх зорилгоор төрсөн өдрөө бараг жилийн зөрүүтэй хэлдэг байсан гэнэ. Энэ бол ердөө нэг л хувилбар. Гэхдээ өөрчилсөн гэдэг бол үнэн. Сталиныг ийм зүйл хийхэд тухайн үед нэлээд нэртэй зурхайчийн нэгд тооцогдож байсан Георгий Гуржиевыг нөлөөлсөн байж магадгүй гэдэг. Тэрээр нэг удаа Стаинд “Чиний төрсөн өдрийн төөргөөр бол чи хэзээ ч Оросын эзэн удирдагч болж чадахгүй. Чамд өөр зурхай хэрэгтэй” хэмээснээр насаа нэгээр нэмж хувь төөргөө өөрчилсөн гэцгээдэг.
Тэр юу уншдаг байв
Иосиф Сталин тун их уншдаг, тал бүрийн өргөн мэдлэгтэй нэгэн байсан. Түүнийг өдөрт багаар бодоход 500 хуудас уншдаг тухай бичсэн эх сурвалж ч бий гэнэ. Түүхчдийн бичсэнээр Сталины хувийн номын санд 20 мянгаас хол давсан тооны ном байсан. Тэрээр номыг анхааралтай, нэгбүрчлэн уншдаг. Үүнийг нь сонирхолтой санагдсан хэсгийнхээ доогуур харандаагаар зурсан, хажууд нь тэмдэглэсэн байдгаар баталж болно. Сталины номын санд Оросын сонгодог зохиолууд бүгд байжээ. Ялангуяа Пушкины бүтээлүүд, нэвтэрхий толь, толь бичиг, янз бүрийн лавлах олон байсан гэдэг. Түүх, эдийн засаг, социологийн чиглэлийн ном ч олон таарна. Төр эрх зүй зэргээс гадна далд ертөнц, ховс, сэтгэл зүй тэр ч бүү хэл мэдрэлийн болон арьс өнгөний өвчний тухай ном ч гарч ирж байж. Сталин нарийн бичгийн даргадаа номуудыг нь ангилж цэгцлэх тухай үүрэг өгөхдөө “Эхний ээлжинд сэдвээр нь ялгаад а) Ленин, б) Маркс, в) Энгельс, г) Каутский, д) Плеханов, е) Троцкий, ж) Бухарин, з) Зиновьев, и) Каменев, к) Лафарг, л) Люксембург, м) Радекийн бүтээлүүдийг тусад нь тогтоосон дарааллын дагуу ангилж хураах. Харин үлдсэнийг нь зохиогчоор нь ангилж, сурах бичиг, сэтгүүл, шашингүйн үзлийн номуудыг цаасны хаягдалд өг” хэмээн бичсэн байдаг. Английн түүхч Саймон Монтефиор Сталины унших дуртай сэдвийн талаар “Мопассан, Уайльд, Гоголь, Гете болон Золяг тэр таашаадаг байжээ. Тэр яруу найрагт дуртай. Сталин Библиэс, Бисмаркийн бүтээлүүдээс, Чеховын зохиолуудаас бүтэн бүтнээр нь эш татаж чаддаг. Мөн тэр Достоевскийгээр бахархдаг нэгэн байжээ” хэмээн бичсэн байдаг. Найруулагч Алексей Пиманов ч мөн Сталиныг хувь хүнийх нь хувьд чамгүй их судалсан нэгэн. Тэрээр Сталины номын санд байсан хэдэн мянган номуудыг үзсэн хүний хувьд тэдгээр номын 90 хувьд нь харандаагаар ямар нэг тэмдэглэл хийсэн, тэдгээр тэмдэглэлийг өөр хэн ч биш Иосиф Виссарианович өөрийн гараар бичсэн гэдгийг баталдаг юм.
Огцрох өргөдөл гурван ч удаа бичиж байжээ
Сталиныг эрх мэдлийн төлөө эцсийн мөчөө хүртэл хатуу тэмцсэн хэмээн бидний олонх нь боддог. Үүнийхээ төлөө замдаа таарсан бүгдийг хайр найргүй гишгэлж, найз нөхдөө ч устгаж унагаж чаддаг нэг үгээр дарангуйлагч гэсэн ойлголт бий. Гэтэл энэ дарангуйлагч, эрх мэдэлд дуртай эрхэм гурван ч удаа огцрох өргөдлөө бичиж байсан гэхээр гайхалтай санагдах биз. Тэрээр Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 1924 онд анх бичжээ. Өргөдөлдөө хамтран зүтгэгчдийнх нь байр суурь түүнд улс төрд үнэнч шударгаар нэгдэж хамтрах боломж олгохгүй байгаа учраас Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээс чөлөөлж өгөхийг хүссэн байдаг. Магадгүй тэр энэ өргөдлийг бичиж байхдаа түүнийг чөлөөлөхгүй гэдгийг сайн мэдэж байсан ч байж болох юм. Үүнээс хоёр жилийн дараа Намын Төв хорооны Бүгд хуралд хаягласан хүсэлтдээ “Намайг Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж өгнө үү. Энэ албан тушаалыг цаашид хаших боломж ч хүч ч надад алга гэдгийг мэдэгдэж байна. И.Сталин 1926.12.27” хэмээсэн байдаг. Харин гурав дахь өргөдлөө Сталин 1927 онд Коммунист намын XV их хурлын дараа гаргасан боловч Бүгд хурлаас зөвшөөрөөгүй учраас тэрээр намын удирдлагад хэвээр үлджээ.
Тэр генерал Пржевальскийн хүү мөн үү
Оросууд “ард түмний эцэг”-ийнхээ угсаа гарвалын талаар сонин зүйл олныг ярьдаг. Гэвч аль аль нь батлагдаж нотлогдож чадалгүй өнөөг хүрсэн. Тухайлбал, алдарт аялагч Николай Михайлович Пржевальскийг Сталины эцэг гэсэн яриа бий. Пржевальский 1878 онд Гүржийн Горид танилындаа зочилжээ. Энд тэр Екатерина Георгиевна Жугашвилитай танилцсан гэнэ. Екатерина тэр үед гэрлэсэн нэртэй ч архичин нөхөртэйгөө хамт амьдардаггүй байж. Тэд хэд хэдэн удаа уулзсан гэдэг. Харин есөн сарын дараа Иосиф хүү төрсөн. Гэхдээ энэ ярианаас илүүтэй Иосиф Сталин, Николай Пржевальский хоёрын усны дусал мэт адилхан гадаад төрх тэднийг аав хүү гэдгийн гол баталгаа хэмээдэг. Харин үүнийг эсэргүүцэгчид Николай Михайлович Пржевальский тэр үед Гүржид ч, Горид ч байсан нь батлагддаггүй гэцгээдэг аж. Сонирхуулахад Сталины үеийн Зөвлөлтийн нэвтэрхий тольд генерал Пржевальскийн хөргийг өнгөтөөр, бас Карл Маркс, Фридрих Энгельсийнхээс ч илүү тавьсан байдаг нь “ард түмний эцэг”-т таалагдахын тулд хийсэн ажил гэдэг. Мөн 1946 онд Пржевальскийн нэрэмжит алтан медаль гэсэн шагналыг бий болгож байжээ.
URL: