АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн дахин суудалдаа залардаг жишиг тогтоов уу
Ч.Сайнбилэг нэгэн ярилцлагадаа “Том хөрөнгө оруулагч орж ирж байгаа энэ үед Я.Батсуурь ажлаа өөрөө хийгээд явах зөв гэж үзэн өргөдлөө өглөө” гэсэн байна. Тэгэхээр АН-ынхан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнийг буцааж “суудалд нь залдаг” жишиг тогтоох бололтой. Уг нь тухайн компани төрийн нэрээр овоглосон л бол үйл ажиллагаа нь тасралтгүй явна. Гэтэл өртэй гэгдээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ашигтай ажилласан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.
Тодруулбал, тус компани сүүлийн гурван жилд ашигтай ажиллаж байгаа талаарх тайлангаа хэвлэлүүдэд өгсөн байна. Тайланд тус компани 2012 онд 208 тэрбум төгрөгийн борлуулалт хийж нийт 20 гаруй тэрбумын ашигтай ажилласан бол 2013 онд 17.5 тэрбум, өнгөрсөн онд 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой″ компани 60 тэрбумын ашигтай ажилласан гэсэн үг. Ийнхүү өртэй гэгдэж байсан компани гурван жил ашигтай ажилласан гэх тайлан гэнэт гарч ирсэн нь гайхширмаар үйлдэл шүү.
Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан хүн бүр хэрэгт орооцолддог нь ч сонирхолтой. Ч.Сайнбилэг өмнө нь хүргэн Г.Дэнзэнгийн оронд ЗГХЭГ-ын дарга болж байсан. Өдгөө хүргэн Г.Дэнзэнгийн талаар ноцтой асуудал ихээр “яригдаж”, өөрөө гадаадаас ирэхгүй байгаа. Дараа нь захирал Я.Батсуурь нь баригдаад явчихсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар томилогдсон. Энэ компанийн өмнөх захирал Б.Энэбиш мөн л асуудалд орсон. Баригдаагүй ч Монголдоо ирж чадахгүй Австралид байгаа гэх сурагтай. Гэтэл өдгөө хэрэг нь шийдэгдээгүй хоригдож байгаад батлан даалтад гарсан Я.Батсуурь дахиад “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах нь. Энэ бүхнийг олон нийт АН-ынхан дотроо сэм тохироо хийчихэж, ер нь “Эрдэнэс Тавантолгой” гэж тоглоомын компани уу гэлцэж байгаа юм.
С.НАРАН /info.mn/
URL: