“Би Жи Би Жи”-ийн нууцлаг эзнийг АТГ шалгаж байна
Би Жи Би Жи компанийн балгаар нэлээн том асуудал үүсээд байгаа. Тус компанийнхан барилгын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлснээс хажуугийн байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлсэн. БГД-ийн 15 дугаар хорооны 16 дугаар байрны оршин суугчид гэрээсээ “хөөгдөн” зочид буудал, хамаатан садныдаа хоноглоод 12 хоног өнгөрөв.
Энэ асуудлыг үүссэн даруйд Би Жи Би Жи компанийн “том” эзнийг олохоор цагдаагийн байгууллагынхан ажиллаж эхэлсэн. Компанийн эзнийг ил гарч ирдэггүй, менежер нь гэх н.Ганбат аливаа асуудал дээр компанийг төлөөлдөг гэж 16 дугаар байрны оршин суугчид болон БГД-ийн удирдлагууд мэдээлж байсан. Үүнийг нь батлах шиг асуудал үүссэний дараахан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг танилцуулах, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр “Би Жи Би Жи”-г төлөөлөөд менежер н.Ганбат л ирсэн. Ингэхдээ тэрбээр иргэдийн нүүлгэн шилжүүлэлт болон бусад зардалд нийслэлийн нөөцөөс гарч буй хөрөнгийг, 16 дугаар байрны суурьт хийх бэхэлгээ, хүчитгэл хийх, үерийн даланг сэргээх засварлах зэрэг сэргээн засварлах ажлын бүх хохирлыг компанийн зүгээс төлнө гэдгээ мэдэгдэж байсан.
Тэгвэл БГД-ийн цагдаагийн I хэлтсээс Би Жи Би Жи компанитай холбоотой асуудлыг шалгаж, олноос далд, нууцлаг байсан эзнийг илрүүлэн, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.
Түүний хэн гэдгийг хэлэх албаны эх сурвалж хараахан байхгүй байгаа ч хийсэн үйлдэл нь АТГ-т шалгуулах хэмжээний нэгэн аж.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэснээр барилга хоорондын зай зохих хэмжээнээс зөрчигдсөн, БХБЯ-аас суурийн ажилд гэсэн зөвшөөрөл авсан ч зассан байдалтайгаар иж бүрэн зөвшөөрөл болгож өөрчлүүлж, хоёр давхар зоорьтой 20 давхар барилгын зөвшөөрөл авсан. Барилгын ажлаа эхлүүлэхдээ хөрсний бэхэлгээ хийгээгүйгээс эргэн тойрондоо том асуудал үүсгэсэн Би Жи Би Жи компанийн нууц ноёнтон хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Барилгын хууль дүрмийг зөрчиж, албан тушаалтнуудаар ч өөрийн хүслээр шийдвэр гаргуулсан энэ эрхэм чамгүй эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Б.Хүлэг /шууд.мн/
URL: