“Фортуна” Н.Батбаярын “хүн” Н.Мөнхбатын төсвийн үрэлгэн зардал хэтэрлээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг Н.Мөнхбатыг УИХ-ын гишүүн Н.Батбаярын “хүн” гэдэг. Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр түүнийг сайд болсных нь дараа Хөгжлийн банкинд очсон. Учир нь Н.Батбаяр Чингис бондыг оруулж ирж, улмаар уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй Хөгжлийн банкинд өөрийн “хүн”-ээ томилсон юм. Гэтэл сүүлийн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай холбоотой чих халууцуулсан мэдээлэл гарах боллоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус банкинд Аудитын ерөнхий газраас шалгалт явуулж, дүгнэлтийг гаргаад байгаа аж. Чингис, Самурай бондын зарцуулалт гишүүдийн анхаарал, шүүмжлэлийг ихээр татдаг. Ийм үед Хөгжлийн банкинд нэлээд шалгалт хийж, бондын зарцуулалтыг хянах, уг банкны үйл ажиллагаанд хяналт тавих гэхчлэн асуудлыг гишүүд олон ч удаа тавьдаг. Харин аудитын шалгалтаар Н.Мөнхбатын хариуцан ажиллаж байгаа банк хангалтгүй үзүүлэлттэй гарчээ. Шалгалтаар төсвийн мөнгийг хэтрүүлсэн, Хөгжлийн банкны орон тоог 62 албан хаагчтай байхаар тогтоосон ч, өдгөө ажилтнуудынхаа тоог нэг дахин нэмэгдүүлсэн, баяр ёслолын арга хэмжээний зардалд 116 сая төгрөг зарцуулсан, шинэ жилд гэхэд 90 саяар тэмдэглэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн аж. Уг асуудлыг байнгын хороогоор удахгүй авч хэлэлцэх болов уу. Ажлын хэсэг байнгын хороонд ажлаа тайлагнах үеэр гишүүд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дүгнэлт хийх боломжтой болох нь.
1.5 тэрбумын “Чингис” бонд, 30 тэрбум иений “Самурай” бонд, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банк аваад байгаа.
Бондын эргэн төлөлт 2017 оноос төлөгдөхөөр цаг нь тулчихаад байгаа энэ үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь төсвийн мөнгийг үргэлгэн зарж, тансаглаад байж болох уу. Өчигдөр гэхэд түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл твиттер хуудсаар цацагдаж, цахим хэрэглэгчид шүүмжилж байсан. Энэ бол Шилдэг нийтлэлчдийн клубт 19 сая, МҮОНРТ-д 18 сая төгрөгийг шилжүүлэхээр Шилэн дансандаа тусгажээ. Олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаанд зориулж тэрбээр ийм их мөнгө цацаж байгаа аж.
Хөгжлийн банкны тухайд хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй, урт хугацаанд үр ашгаа өгөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Харин энэ үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ гэдэг нь төсвийг хэрхэн захиран зарцуулж байгаагаас нь харвал эргэлзээтэй л харагдаж байна.
Ц.Цацрал
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
арай л биш юм даа