Нэр төрийн “тогоо долоох”-ыг хүсэгчид

tt_3_700x700

Амтай бүхэн нь Тавантолгойн тухай ярих болж. Тэр дотор улстөрчид хамгийн их ярьж, маргаж байгаа. Арай л. Нойрон дундаа “Тавантолгойг тарааж хаяна” гэж хашгирдаг байж магад. Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд ойрын өдрүүдэд улс орны амин чухал ямар ч асуудал хэлэлцсэнгүй. Ердөө л Тавантолгойгоор “өвчлөгсөд” болчихов.

Тавантолгой мөлжүүртэй ч юм даа. М.Энхсайханы ярьж байгаа тэр их хөрөнгө мөнгө орж ирээд надад юу хүртээж. З.Энхболдын хэлснээр шинэ төсөл 20 жилийн дараа хүртэх 2500 төгрөг энгийн бидэнд олдох уу, үгүй юу. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,

-Тавантолгойн гэрээг хэлэлцээд УИХ зөвшөөрчихвөл хувьцаа эзэмшиж байгаа 1,8 сая хүний ногдол ашигт зөвхөн энэ жил 100 мянган төгрөг тусгай санд хуримтлах боломж байна гэж ард олондоо тал зассан мэт үгийг хэлж байна. УИХ-ын гишүүд ч хэлдэг үг нь бас л Тавантолгой. Тэгвэл мань мэтэд нь тэр Тавантолгой яах ийх нь хамаа алга. Харин тэдний ярианаас нэг тодхон ойлгогдож байгаа юм нь сонгууль үнэртүүлсэн улстөржилт л байна гэдгийг онцлоё. Ер нь сүүлийн үед манай төр, засгийн томчуулын дунд хэн нэгнээсээ илүү гарахын төлөө өрсөлдөөн бий болчихжээ гэдэг л энэ Тавантолгойн асуудал дээр улам ил тод байна шүү дээ. Нэг нь нөгөөгөөсөө ухаантай мэт харагдах гэж мөн ч зовох юм даа. Ерөнхий сайд нь засаглалын эрх мэдлээ гүйцэлдүүлэх гэхээр УИХ-ын дарга нь нам дарах гэж оролдоод. Улстөрчдийн хоорондын энэ мэт зөрчлийн дунд зарим нэг сайд нь “хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг л болоод. Одоо Монголын улстөрчдийн гарт байгаа хөзөр нь ердөө л “Тавантолгой”. Тэр хөзрөөр хамгийн сайн тоглосон нь “түүз” болох юм байх л даа. Улстөрч нөхдийн ойлголтоор нэг төр гэдэг нь шар тосоор дүүрэн тогоо юм байна л даа. Тиймээс тэр тогооны хусмыг ч болов олж долоох л тэдний ойрын зорилго болчихсон юм уу. Улстөрчдийн “имиж” гэж байх. Тэр нь хүн бүрийнх өөр өөр байдаг гэдэг. Гэтэл өнөөгийн улстөрчдийнх нэг л өнгө төрхтэй мэт байх юм. Ямар өнгө төрх зонхилж байгааг хэлбэл улс орноо гэсэн санаа бараг алга. Зөвхөн хувийн эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцэлд мордсон гэж  болохуйц санагдана. Үүнийг Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өрсөж АН-ын гүйцэтгэх зөвлөл уг асуудлыг шүүрэн авч тогтоол гаргаж. Энэ тогтоолын гол санаа нь Тавантолгойн ордыг ашиглах төслийн явцад төр эзэмших нэрээр халхавчлан 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-д өгнө гэсэн зорилготой юм байх. Бас УИХ-ын ажлын хэсэг байгуулаадхав. Үүнийг зарим хүн “Тавантолгой”-г гацаах “хар хөзөр” гэж хэлж байна. Тийм ч байж магадгүй л дээ. Уг нь намын гүйцэтгэх зөвлөл чинь аливаад улстөрийн дүгнэлт хийх ёстой биш үү. Гэтэл бизнест хутгалдаад явчихлаа.

Бас нэг хачирхалтай нь УИХ-ын зарим түшээ танхим дотроо шийдчих асуудлыг гудамжинд ярьж онцгойрох гэж оролдож явна. Энэ нь нөгөө л нэр хүндийн “тогоо долоох” гэсэн санаа байх л даа. УИХ-д суудалгүй намынхан, иргэний хөдөлгөөнийхөн бас дутахгүй Тавантолгойн мөлжүүрээс хүртэх гэж их оролдох юм. Хүн бүр л эдийн засагч, уул уурхайн мэргэжилтэн болчихсон мэт яриад л. Хэвлэлийн хурал хийж телевизийн дуранд өртөх гэж гүйцгээгээд. Энэ үйлдлийг мань мэт харахад ойлгомжгүй ч юм шиг. Гэхдээ улс төрийн тайзан дээр сонгуулийн шоу эхэлчихээд байгааг түвэггүй мэдэж болно биз. Хэн нэгэн улстөрч ганцаарчилсан тоглолт хийгээд нэр хүндээ өсгөхгүй л байм. Улстөрчид хэдий болтол “Тавантолгой” гэсэн хөзрөөр нааддаг бол…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих