“Би Жи Би Жи” компанийн эрхийг нь цуцлахаар болов
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын хэмжээнд зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын дүнг өчигдөр танилцуулж, авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас энэ сарын 13-24-ний хооронд хийсэн шалгалтаар 33 барилга зөрчилтэй баригдаж байгааг тогтоосон байна. Эдгээр барилгууд нь архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байжээ. Зөрчилтэй барилгууд дотор нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй есөн барилга багтсан байна. Дээрх 33 барилгаас 16 барилгын ажлыг бүрэн зогсоох, газрын эрхийг цуцалж, газар чөлөөлөх, бичиг баримтын бүрдэл дутуу 17 барилгын ажлыг зөрчлөө арилгах хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн 200 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны, 3-р хорооллын 16 дугаар байрны асуудлаар 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.
Захирамжинд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “Би Жи Би Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналаа боловсруулж энэ сардаа багтаан танилцуулахыг өмчийн харилцааны газрын Ш.Төмөрбаатарт үүрэг болгосон байна. Мөн барилгын хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагуудад даалгасан юм.
Б.Анир
zaluu.com
URL: