Төрийн яамдад иргэдийг залилан мэхлэгчид “орогнож” байна
Төрийн албанд ажилдаг хүмүүс залилангийн шинжтэй хэрэг хийжээ
Улс орны эдийн засгийн хямрал нь нийгэмд олон сөрөг талыг бий болгож байна. Үүний нэг тод жишээ бол төрийн албан хаагчид болон бизнесийн байгууллагуудын хоорондох “нууц тохироо”-ны ажил юм. Яагаад “нууц тохироо” гэж нэрлэх болсон гэвэл өмнөх жилүүдэд бизнесийн байгууллагуудад шууд гэрээгээр ажил авч өгнө хэмээн төсөвт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мөнгө авч сурсан нөхдүүд одоо ч үүнийгээ хийсээр бүр тэд эдэн /30 -120 сая/ төгрөг өгвөл, энэ тэр ажлыг авч өгье гэж улайм цайм бизнесийнхэнд ханддаг болжээ.
Эдийн засаг хямарсан энэ цаг үед бизнесийн байгууллагуудын хувьд олон тендерт орж “үгүй” гэдэг хариулт сонссоор залхсан уу, эсвэл аль даргын компанид нь тендерээ алдсандаа шантарсан уу гэмээр болж, арга ядахдаа ажил олж хийхгүй бол үүдээ барихдаа тулахын эрхэнд “өнөөх мөнгө авч ажил бүтээж өгнө” гэсэн залилагчдын өгөөш болж байдагаа тэдэнд алддаг бололтой.
Харамсалтай нь жижиг дунд бизнесийн байгууллагууд хамаг хөрөнгө мөнгөө шавхан төрийн ажил үйлчилгээг компанид нь хариуцуулж өгнө гэсэн залилагчдын гарт алдах ийм хэрэг сүүлийн үед нэлээд гарах болжээ.
Ийм хэргийг хийдэг нэр бүхий төрийн албан хаагчид Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газарт байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тухайлбал, БСШУЯ-ны болон ЭМЯ-ны нэр бүхий хоёр ажилтан Иргэн Ц-ээс салбарынхаа сайдын багцаас ажил үйлчилгээнд хамруулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө бэлнээр аваад, дараа нь Сайдын багцад ажил үйлчилгээ байхгүй болчихлдоо, өөр тендерийн ажлаас бүтээж өгнө хэмээн өгсөн мөнгө эргүүлэн өгөлгүй бултаж зугтан, иргэдийг залилж мэхлэсээр байгаа гэнэ.
Энэ хүмүүсийн тухай бидэнд ирсэн мэдээллийг баталгаажуулсны дараагаар нэрийг нь олон нийтэд хүргэх болно.
Ц.Найдан
URL: