Эрүүдэн шүүж, хэрэг тулгадаг баримтуудыг дэлгэлээ

4-29-3_700x700

Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал ямар төвшинд байгаа судалгааг 2013, 2014  онд хийжээ. Энэ мэдээллийг тус комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан юм. Энэ нь шүүх, цаг­даа, прокурорын байгуул­лагуудын хувьд нэлээд шүүмжлэл дагуулав.

Хэрэг мөрдөх, мөрдөн байцаалтын шатанд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос баримт, нотолгоотойгоор танилцуулсан. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулагдсан иргэдийн эрх их, бага хэмжээгээр зөрчигддөг. Тухайлбал,  мөрдөн байцаагч сэжигтнийг хойшлуулшгүй арга хэмжээ авах нэрээр 24 цагаар хорьж, ингэхдээ прокурорт танилцуулж зөвшөөрөл авах ёстой байдаг байна. Энэ хугацааг шүүгчийн захирамжаар 72 цаг хүртэл сунгадаг. Гэтэл мөрдөн байцаагчид хойшлуулшгүй арга хэмжээ авч байна гээд сэжигтнийг баасан гаригийн орой аваачаад хорьдог. Гэтэл шүүгчийн захирамж амралтын өдрүүдэд гарахгүй, хугацаа алддаг. Тиймээс Цагдан хорих газрын дарга 24 цагийн хугацаа дуусангуут суллах, үүнийг зохицуулсан заалт байх ёстойг Хүний эрхийн үндэсний комиссоос анхааралдаа авахыг хүслээ.

Эрүүдэн шүүх байдал газар авсныг өөр нэгэн жишээгээр дурдав. Мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар иргэнийг хулгайн хэрэг үүрүүлэхийн тулд зочид буудалд оруулж  байгаад дарамталж,  бороохойдож, удаан хугацаагаар өлсгөсөн тохиолдол ч байна. Мөн гэм буруугүй хүнийг 570 хоног хориод эцэст нь гурван шатны шүүхээр шүүж гэм буруугүй нь нотлогдсон нь ч бий гэнэ. Уг асуудалтай холбоотой Хүний эрхийн комиссоос тухайн хүний хохирол болох 84 сая төгрөгийг нөхөн олгох талаар хөөцөлдөж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүн гараагүй байгаа аж. Хамгийн гол нь эрүүдэн шүүж байгаа дээрх ноцтой тохиолдлуудыг прокуророос тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Үүний зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комисс Цагдан хорих 461 дүгээр ангид гэнэтийн шалгалт хийсэн талаарх мэдээллийг Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр өгсөн юм. Мэдээлэл хийх үеэр Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын төлөөллүүд оролцсон. Гэнэтийн шалгалтын үеэр мөн л хэд хэдэн зөрчил илэрсний нэг нь шүүгчийн захирамжгүй хорьсон тохиолдол их байжээ. Шүүгчийн захирамжгүй хорьсон 29 тохиолдлыг илрүүлснийг Хүний эрхийн үндэсний комиссынхон хэлсэн бол Цагдан хорих 461 дүгээр ангийн зүгээс арай өөр тайлбарыг өгч байлаа. Нэг ч хүнийг шүүгчийн захирамжгүй хорьсон тохиолдол байхгүй. Харин тухайн үед хоёр ажилтантай байсан учир хувийн хэрэгт нь баяжилт хийж амжаагүй байсныг буруугаар ойлгосон байна гэлээ.

Хүний эрх зөрчигдөж буй асуудалд хоёр талаас нь хандах хэрэгтэй гэсэн санал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргав. Учир нь зарим тохиолдолд сэжигтнийг заавал хорьж шалгах шаардлага гардаг. Үүнийг хатуу, чанга байна гэж шүүмжлээд гадуур шалгах хугацаанд дахин хэрэг хийх магадлалтай. Хүний эрх зөрчигдөж, эрүүдэн шүүх явдал нийтлэг тохиолдож байгаа асуудлыг ярихын зэрэгцээ хохирогчийг хэрхэн хамгаалах талаар огт ярихгүй байна гэв. Хүний эрхийн үндэсний комиссын хувьд дараагийн удаа хууль шүүхийн байгууллагад шалгагдаж буй иргэд төдийгүй хохирогч цаашлаад цагдан хорих ангид ажиллаж буй ажилчдын эрх хэрхэн зөрчигдөж байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг санууллаа. Гишүүдээс их, бага хэмжээгээр эрүүдэн шүүсэн шүүх, цагдаагийн ажилтнуудад ямар хариуцлага тооцох, мөрдөн байцаалтыг зөвхөн камержуулсан нөхцөлд явуулах хэрэгтэй зэрэг олон саналыг дэвшүүлж байсан.

Энэ мэт эргэж нухацтайгаар харах олон асуудал байгаа учир Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 13, 14 дэх илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоол боловсруулан батлах нь зүйтэй гэж гишүүд үзсэнээр хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 May 2015

Эрүүдэн шүүхийг би эсэргүүцнэ Гэхдээ хэзээ яаж олсон мэдэгдэхгүй их хөрөнгөнийхөө эх үүсвэрийг хэлэхгүй байгаа хүнийг эрүүдэхийг зөвшөөрнө

Сэтгэгдэл бичих