Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө
Залуу хүн гэдэг хөгжлийг дагаж биш, түрж биш, чирж явдаг байх хэрэгтэй.Тиймдээ ч Монголын Залуучуудын Холбоо, Үндэсний Залуучуудын Зөвлөлийг байгуулах тухай V их хурлаараа шийдвэрлэсэн.ҮЗЗ нь залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулсан Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Тус зөвлөл нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна. Үндэсний Залуучуудын Зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө.Сонгуульд нийт 587 хүн нэрээ дэвшүүлсэнээс Дэд Ерөнхийлөгчид 62 хүн, Хорооны дарга тэргүүлэгчид 93 хүн, Чөлөөт бус суудлын 143 хүн, Чөлөөт суудалд 268 хүн өрсөлджээ.Өчигдөр тус зөвлөл анхдугаар хуралдаанаараа олон олон асуудлыг хэлэлцэж баталсан байна. Тодруулбал ҮЗЗ-ийн Анхдугаар хурлын Сонгуулийн хорооны дүнг сонсож, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, ҮЗЗ-ийн үйл ажиллагааны журмаа хэлэлцэж, Дэд ерөнхийлөгчдөө батламжилж, Байнгын хороо тус бүр дээр тогтоол гаргахаас гадна, Хар цагаан жагсаалт гаргах тухай журмын төсөл хэлэлцүүлж баталжээ.
МЗХ нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрсөн гуравдугаар сарын 28 –ны өдөр хуралдуулсан. Тэрхүү хуралдаанаар үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдах хороотой байх нь зүйтэй гэж үзсэн юм. МЗХ-ны удирдах хороо нь Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид, Хариуцлагын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас бүрдэнэ. Тэгвэл өчигдөр болсон ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар 5 Дэд Ерөнхийлөгчөө батламжилсан байна. Дэд Ерөнхийлөгчид нийт 62 хүн нэрээ дэвшүүлснээс 16-19 насанд МУИС-ийн Олон улсын сэтгүүлчийн 3-р дамжааны оюутан У.Басбиш, 20-24 насанд МЗХ-ны УХАГ-ын ахлах мэргэжилтэн Ө.Шинэхүү, 25-29 насанд Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, 30-34 насанд ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, 35-39 насанд UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар тус тус сонгогдож, МЗХ-ны Дэд ерөнхийлөгчдөөр батламжлагджээ.Энэ үеэр шинэхэн сонгогдсон Дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү “ Залуучуудынхаа төлөө олон зүйлийг хийж бүтээнэ.Хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө ажиллана” гэсэн бол Д.Амарсайхан “Монгол залуу хөтөлбөр”, “Төрөөс залуучуудын талаарх баримтлах бодлого” –ын баримт бичигт залуусынхаа дуу хоолойг өргөх гүүр нь болж ажиллахаа илэрхийлжээ. Ийнхүү МЗХ-ны удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Мөн тус хуралдаанаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтсон. Тухайлбал Байгаль орчны хороо, Бизнесийн хороо, Боловсролын хороо, Гадаад харилцааны хороо, Гэр бүлийн хороо, Инновацийн хороо, Спортын хороо, Соёлын хороо, Орон сууцны хороо, Хууль эрхзүйн хороо, Хөдөлмөрийн хороо, Хүнсний хороо, Хүмүүнлэгийн хороо, Хүүхдийн хороо, Эрх чөлөөний хороо, Эрүүл мэндийн хороо гэсэн 16 хороог байгуулж байгаа юм байна. ҮЗЗ-ийн 339 гишүүн дээрх хороодод хуваагдан ажиллана гэв.
Тус хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг чухал асуудал бол улстөрчдийн хар жагсаалт гаргах тухай. Тэгвэл ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, ингэхдээ улс төрчдийн цагаан жагсаалтыг бас гаргах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Ингээд 2016 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжих “Цагаан жагсаалт” болон нэрийг нь дэвшүүлж болохгүй улстөрчдийг багтаах “Хар жагсаалт”–ын журмыг боловсруулж, зохион байгуулах эрхийг Удирдах хороондоо шилжүүлжээ. Энэхүү жагсаалтад иргэн бүр нээлттэй оролцож болох бөгөөд МЗХ-ны үндсэн сайт болох www.myf.mn сайтаар дамжуулан 5-р сараас 9-р сарын хооронд санал асуулга өрнөх нь ээ. Тиймээс хэвлэл мэдээллийн бүх байгууллага Хэвлэл мэдээллийн сүлжээнд нэгдэж залуучуудын санаачилсан энэхүү санал асуулгыг дэмжин ажиллаж олон нийтэд түгээхээр болсон байна. Хар болон цагаан жагсаалтад багтсан этгээдийг есдүгээр сарын 29-нд болох ҮЗЗ-ийн II хуралдаанаар хэлэлцэж нэгтгээд аравдугаар сарын 2-н бюу С.Зориг агсаны нас барсан улс төрийн “хар өдөр” жагсаалтуудыг олон нийтэд зарлахаар болжээ.
Ийнхүү ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.Дүрэмдээ зааснаар бол ҮЗЗ нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой.Дараагийн II хуралдаанаа намар цагт буюу есдүгээр сарын 28–ны өдөр хийхээр товоллоо.МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хуралдааныг хааж хэлсэн үгэндээ: “ МЗХ бол бүх л цаг үед түүхийг бичилцсэн байгууллага юм.Өнөөдөр тус байгууллагын үр шимээр олон олон ажил хөрсөн дээр бууж, биелэлээ олсон.Атар газар эзэмших, Эрдэнэт гэх их айлыг босгох,Аж үйлдвэрийн хот Дарханы их бүтээн байгуулалт гээд гар бие оролцож явсан олон зүйлийг нэрлэж болно.Ахмад үеийнхэн маань залуудаа дээрх бүтээн байгуулалтыг хийж чадсан шиг бидэнд ч тийм зориг, хүч чадал бий. Бид өнөөдөр Монголынхоо мянга мянган залуусын төлөө ажиллаж бүх залуучуудыг орон сууцтай болгох их хүсэл тээж, түүнийгээ бодит ажил болгох зорилт дэвшүүлэн ажиллах ёстой. ҮЗЗ-ийн эрхэм гишүүд та бүхэн шинэ зүйлийг сэдэж, санаачилж манлайлж ажиллана гэдэгт итгэж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Zuw eyreg setgelgeetei zaluus mongol ulsad ih bgaaad bayrtai bnn
Орчин үеийн залуус их нээлттэй бас их нийгмийн идэвхтэй болжэээ энэ хүчээ дайчлаад нийгэмд эрс шинэчлэлтийг
одоо залуус их идэвх санаачлагатай болжээ. залуусын оролцоог дэмжих хэрэгтэй.
amjilt amjilt zaluusaa
зөв зүйл санаад зөв зүйлийн төлөө явж бхад бүтэхгүй юм гэж бдаггүй юмаа урагшаа залуусаа.
ajliin amjilt zaluusaa uragshaa