АНУ өрийн таазыг нэмэхгүй бол зээлээ хумина

Барак Обама баярт мэдээ дуулгав. АНУ-ын Ардчилсан нам Бүгд найрамдахчуудтай тохиролцож чаджээ. Өнөөдөр АНУ-ын Засгийн газрын өр дээд хязгаартаа хүрч, 14.3 их наяд ам.доллар болжээ. Хэрэв өрийн таазыг нэмж, зээлийн дээд хэмжээг өсгөхгүй бол АНУ зээлээ төлж чадахаа болилоо гэдгийг албан ёсоор зарлах байсан юм. Харин тус улсын эрх баригч хоёр намын төлөөлөл санал зөрөлдсөөр нэлээд хугацааг ардаа үдсэн юм. Эцэст нь Б.Обама “Бид амжиж тохиролцоонд  хүрч чадлаа” хэмээн зарлав. Тэд төсвийн зардлаа нэг их наяд ам.доллараар танаж, алдагдлаа бууруулахаар болсон байна.

Ямартай ч АНУ-ын Засгийн газрын өр таазандаа тулснаас болж нэлээд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн юм. Энэ нь Америкийн хэрэглэгч, хөрөнгө оруулагчдыг түгшээж байв. Үүнээс болж сүүлийн өдрүүдэд “Dow Jones”-ийн үйлдвэрлэлийн индекс тасралтгүй буурсаар энэ он гарснаас хойшхи хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. АНУ-ын өр ихэсвэл Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэх нь дамжиггүй. Түүгээр дамжуулаад моргейжийн зээл хумигдаж, хувьцааны зах зээл замбараагүй болохын хэрээр эдийн засаг тогтворгүйжих юм. Харин жирийн америк иргэний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ.

АНУ-ын Засгийн газар өрийн таазыг нэмэхээр болбол мөнгөний бодлогоо хумихаас өөр аргагүй. Угаасаа эрх баригч хоёр нам нь төсвөө танах болзолтойгоор тохиролцоонд хүрч байгаа. Гэхдээ эдийн засаг нь суларч доройтсон АНУ-д тун хүнд тусах юм. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд үүссэнээс хойш АНУ-д 8.7 сая хүн ажилгүй болжээ. Харин Барак Обама ажлын байр шинээр бий болгохын тулд чамгүй олон ажил эхлүүлсний хүчинд ажилгүйчүүдийн тоо  1.8 саяар буурсан юм. Мөнгөний бодлогоо асар их хэмжээгээр тэлсний хүчинд төдий тооны хүн ажилтай болжээ. Харин зардлаа хумиад эхэлбэл байдал эсрэгээрээ өөрчлөгдөж, ажлын байр хомсдож эхлэх юм. Бодлогын хүүг нэмснээр барилгын салбарынханд нөлөөлж, шинээр бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхэд авах зээлийн хэмжээг багасгах юм. Харин энэ нь орон сууцны үнийг хөөргөнө.

АНУ-ын өрийн таазыг нэмэхгүй бол тус улсын зээлээ төлөх чадвар ААА зэрэглэлээс АА болж буурна. Түүнтэй  зэрэгцээд тус улсын Сан­гийн яамны бондын хүү өсч эхлэх юм. Энэ нь дахиад л моргейж гэх мэт олон төрлийн зээлийн хүүг нэмэгдүүлэх үр нөлөөтэй. Хэрэв Цагаан ордон, Төлөөлөгчийн танхи­мын төлөөлөгчид өрийн таазыг нэмэхээс татгалзвал Барак Обамагийн засаг захиргаа эхний ээлжинд татварын орлогоор орж ирсэн мөнгөөр зээлээ төлж эхэлнэ. Үүнээс болж татвараа огцом нэмж магадгүй гэх таамгийг шинжээчид гаргасан байна. Б.Обамагийн баталсан Эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийн төсөв ч хумигдаж магадгүй. Гэхдээ хамгийн гол аюул нь гадны орнуудын Засгийн газар АНУ-ын бондыг олноор нь эзэмшихээс татгалзаж эхлэх юм. Энэ тухай “Los Angeles Times”-т онцолжээ.

Хувьцааны зах зээлийн тухайд гэвэл өнгөрсөн долоо хоногт “Dow Jones”-ийн индекс 484 нэгжээр буурсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл нь суларч эхэлсэн байна. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан удахгүй бодлогын хүүгээ нэмж, тэр нь корпорациудын ашигт нөлөөлнө гэх хүлээлттэй байгаа юм. АНУ-д тэтгэврийн тогтолцоог бүрдүүлдэг “401К” хөтөлбөр ч тодорхой хэмжээнд сааталд орно. Нью-Йорк дахь “Standard & Poor’s”-ийн хөрөнгө оруулалтын газрын шинжээч Сэм Стовалл “АНУ-ын Конгресс эцсийн шийдэлд хүрч чадахгүй байгаагаас болж хувьцааны зах зээл хэлбэлзэлд орж, энэ нь жирийн америкчуудын амьдралд нөлөөлж байна” гэжээ.

Хамгийн сүүлд гарсан мэдээл­лээр АНУ-ын Сангийн яамнаас арван жилийн хугацаатай гаргасан бондын хүү 2.95 хувьд хүрсэн ба энэ нь гурван долоо хоногийн өмнө  3.13 хувь байснаас нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь АНУ-ын эрх баригчид өрийн таазыг нэмэх магадлал өндөр гэж тооцсон хөрөнгө оруулагчидтай холбоотой хэмээн шинжээчид дүгнэжээ.

АНУ-ын Засгийн газрын зээлээ төлөх чадвар нь ААА зэрэглэлээс буурч, АА болбол юу болох вэ гэдэг дээр ажиглагчид янз бүрийн байр суурийг илэрхийлжээ. Нью-Йорк дахь “RBC Capital Markets”-ын шинжээч Том Тюкки “Хэрэв тэгвэл эхний ээлжинд АНУ-ын Сангийн яамны бондын худалдаа буурч магадгүй” гэсэн байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид юу сонирхож эхлэх вэ гэх асуулт эндээс гарч ирнэ. Хамгийн найдвартай “валют” болох алтны үнэ өсч байгаагийн шалтгааныг ч үүнтэй холбон тайл­барлаж болох юм. Алтнаас гадна сүүлийн үед Швейцарийн франкийн эрэлт ч ихэсчээ. Өнөөдрийн байд­лаар алт, швейцарь франкийн ханш хамгийн тогтвортой өсөлттэй байгаа билээ. АНУ-ын эдийн засаг тогтворгүй боллоо гэж үзвэл хөрөнгө оруулагчдын зүгээс Австрали, Шинэ Зеланд зэрэг орон руу хошуурах магадлалтай.

Т.ЭЛИСА

“Улс төрийн тойм” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих