Ерөнхийлөгч рүүгээ манго шидээд байртай болжээ
Венесуэльд насаараа ажиллаад, нийгмийн хөтөлбөрийн урт жагсаалтад ороод аз таарвал байртай болдог. Бас нэг арга байдаг нь Ерөнхийлөгч Николас Мадурогийн ивээл хишиг юм. Улс орны удирдагчтай таараад “сэтгэлийг нь хөдөлгөж” чадвал шууд байртай болж болдогийг Марлени Оливо хэмээх венесуэль бүсгүйн жишээ баталж байна.
Долоо хоногийн өмнө Арагуа мужийн нэгэн жижиг хотод Ерөнхийлөгч Мадуро зочилжээ. Туслахууд нь ард иргэдээс төрийн тэргүүнд хандсан захидлыг цуглуулж явахад гартаа нэг мангоноос өөр юмгүй зогсож байсан Марлени “Чадвал над руу залгаарай” гэж жимсэн дээр бичээд захидал хураах сагс руу шидчихжээ. Гурав хоногийн дараа Н.Мадуро телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Тэр өдөр надад хэдэн захидал ирсэн гэж бодож байна. Дөрвөн мянга гаруй захидал, бичиг ирсэн. Би бүгдийг нь үзсэн. Нэг манго хүртэл байсан” хэмээн ярьжээ. Тэрээр өөрт захидал хэлбэрээр ирсэн манго жимсийг “Чадвал над руу залгаарай” гэсэн бичигтэй нь хамт телевизийн дуранд харуулаад “Замд таарсан манго аз авчирдаг. Энэ мангог илгээсэн иргэн та байртай боллоо. Хэдхэн цагийн дараа байрыг тань гардуулах болно. Өнөө орой энэ мангог би зооглочихно” хэмээн хэлжээ.
54 настай Марлени хоёр хүү, нэг үеэл, нэг ачтайгаа ээжийнхээ байранд амьдардаг байсан аж. Удалгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кармен Мелендес Марлени руу утасдаж байр олгож байгааг дуулгасан байна.
Марленийн азтай явдал олон хүнийг урамшуулж, иргэд жимсэн дээр утсаа бичин Ерөнхийлөгч рүүгээ илгээх болжээ. Дараагийн нэгэн арга хэмжээн дээр иргэд Ерөнхийлөгч рүү манго шидэхээс сэргийлэхийн тулд Мадурогийн сууж явсан автобусны цонхыг хаахаас өөр аргагүй болсон аж.
Уго Чавесийн дараа улс орны жолоог атгасан Николас Мадуро ганц удаа хишгээ хайрласан нь энэ биш юм. Хагас сарын өмнө тарж унах дөхсөн хуучин автомашинаар гэр бүлээрээ явж байсан нэгэн эмэгтэй Каракас орох зам дээр Ерөнхийлөгчийн цуваатай таарчээ. Н.Мадуро зогсч уг автомашинд дөхөж очоод цувааныхаа нэгэн автомашиныг бэлэглэчихээд яваад өгсөн байна.
Н. Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: