Л.Эрхэмбаяр өндгөө, Л.Эрдэнэчимэг эм тариагаа зарвал барав

d8556e0c1a77eb96original      Тавантолгойн төсөл урагшаа хөдлөх хөг өнгөрлөө. Ийм эрх ашгийн зөрчилтэй, ийм улстөржсөн байдлаар төслийг урагшлуулна гэж үгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад МАН, АН хоёр “МАНАН” нэрээр хараалган зүхүүлж байж урагшаа явуулсан. Өнөөдөр энэ төслийн алдаа оноог шүүн хэлэлцэж л байна. Чухам хэн нь алдсан, хэн нь оносныг өнөөдрөөр дүгнэх аргагүй. Алдсан ч биз, үгүй ч биз. Цаг хугацаа харуулаад өгөмз.

Тавантолгойн төсөлд ч ийм л нэгдсэн ойлголт, нэгдсэн санаа хэрэгтэй. Манай эдийн засгийг дээш нь өргөсөн гэрээ бол Оюутолгойн гэрээ байсан гэдэгтэй хэн маргах билээ. Хиймэл өсөлт байсан, хөөсрөлт гээд ярьж л байна. Ямартай ч өнөөдөр шиг ядуураагүй юм даг. 2009 оны хямралаас харваж үлдсэн сүүдрээс энэ гэрээ л биднийг аварсан. Харин өнөөдөр энэ Засгийн газар нь үхрийн бөөр шиг зүйсэн хэд хэдэн бүлэглэлээс бүрдэж байна. УИХ-д гурав дахь хүчний бүлэглэл гээд хэнд ч хэрэггүй чөдөр тушаа байна. Нөгөө талаас бие даагчид гээд халуухан эх орончид ч бий. Ядахад эрх баригч намынх нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг баахан фракциуд гээд Тавантолгой төсөл урагшаа явах хөг нь өнгөрлөө.

Яг С.Баярын Засгийн газар шиг, тухайн үеийн улстөрийн бүлэглэл шиг байж гэмээнэ энэ том төсөл урагшаа явна. Оюутолгойн гэрээг батлах гэж байхад бэрхшээл байгаагүй биш шүү дээ. Одоогийн УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ тэргүүтэй хорь гаруй хүн удаа дараа эсэргүүцэж л байсан. Батлагдсан даруй ч цуцлахыг удаа дараа шаардсан. Энэ бүгдийн ар талд гарснаар Монгол Улс чамгүй мөнгөтэй болж эдийн засаг нь өссөн. Гагцхүү үүнийгээ буруу зарцуулсан болохоос биш мөнгөтэй байсан юм шүү.

Өнөөдрийн УИХ-д байх эх орончдын, шударга ёсын гээд бүлэглэлүүдийн гишүүд ч яахав, газар шороо, ард түмэн гээд худлаа царайлж л байг. Харин Засгийн эрхийг барьж байгаа голлох үүрэгтэй АН-ын нөхдүүд яагаад хувийн тоглолт хийгээд байгааг ойлгох юм алга.

Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн гэрээний тухайд баахан шүүмжлэл өрнүүлэв. Тэр Тавантолгой ярих хэмжээнд очоогүй санагдах юм. Үндэсний эрх ашгийн төлөөх дуу хоолой бол тэр лав биш. “Монос”-ынхоо эмийг зараад явбал хангалттай санагдлаа. Ухаандаа намынхаа даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдод тал засч байгаа хэрэг юм болов уу. Эсвэл сонгууль дөхөж байгаа энэ үед “Тавантолгой ард түмний өмч шүү” гээд бахираад байя гэж бодсон хэрэг болов уу. Түүнээс бус нэг эмийн наймаанчинд Тавантолгой орд газар элбэгдэж таарна.

Гэтэл үүнтэй дөрөө харшуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлон тоглогч Тавантолгойн орд газрын 51 хувийг төр эзэмших ёстой гээд л гараад ирэв. Манай намын байр суурь л гэнэ. Юу болоод байгааг ойлгох юм алга. УИХ дахь намын бүлгийн байр суурийг нэг муу “шороотой бөх” гудамжнаас юм шиг бахирах нь хэнд хэрэгтэй юм. УИХ-д бүхэл бүтэн бүлэг байхад нэг муу өндөгний наймаачин бол цаашаа. Ямартай ч стратегийн орд газар бол өндөгний наймаачинд томдохын дээдээр томдоно биз дээ. Хувь улстөрчийн ч бай, хувь иргэний үүднээс хүсэл бодлоо илэрхийлэхийг нь хязгаарлах гээд байгаа хэрэг огт биш.

Тавантолгойн гэрээг батлах эс батлахад ямар ч эрхгүй нэг муу орлон тоглогч гортигоны цаанаас улстөржүүлээд байхаар хэний ч дургүй хүрч таарна. Хэний захиалгыг хэнд хүргэх гээд улайраад байгаа юм бэ. Тэр Гүйцэтгэх зөвлөл гэж ямар улс багтадаг юу байдаг юм. Манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ийм шийдвэрт хүрлээ гэв үү. Тэр Гүйцэтгэх зөвлөл гээч нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын дээр нь байдаг зүйл юм уу. Юу яриад байна вэ. Тэд стратегийн орд газрыг хааш нь хөдөлгөхийг мэддэг юм уу. Нэг улстөрийн нам стратегийн орд газрыг гэрээлэх, ашиглах ажлыг бие даан гүйцэтгэдэг болчихсон юм уу. Ёстой улстөржих мөрөөрөө л улстөржөөрэй гэж захих байна.

Сонгины шороотой шороогүй хоёр наймаачинд стратегийн орд газар тийм хамаатай юм бол анхнаасаа дуугарч байхгүй яасан юм. 39 дугаар тогтоолыг хэлэлцээд он дамжин хэрэлдэж байхад Л.Эрдэнэчимэг эм тариагаа зараад, Л.Эрхэмбаяр өндгөө зарангаа сонгуульд өвдөг шороодоод л явж байсан биз дээ. Иргэний зүгээс гэж үзвэл тэр үедээ дуугарч байхгүй яасан юм. Энэ бол зүгээр л улстөржилт. М.Энхсайханы өөдөөс, Ч.Сайханбилэгийн өөдөөс шидэж байгаа өнөөх л фракцийн чулуу. Шулуухан хэлэхэд “Шонхор” З.Энхболдын л захиалга шүү дээ. Юун фракцигүй нам эвсэл вэ. Донгосно биз. Энэ мэтээс харвал Тавантолгойн төсөл ингээд гацлаа, улстөрийн ямар ч гарц харагдахгүй байна. Яахав, дараа дараагийн эх үүсвэр гарч ирээд хэдэн тэрбум тонн нүүрс маань үнс болчихгүй бол байж л байг. Ирээдүйд хэрэг болж л таарна.

 

 

С.Ууганбаяр

 


URL:

Сэтгэгдэл бичих