Нийгмээрээ таван жил мартсан асрамжийн газар

11088248_816637051724178_1722146103_n-300x180Сүүлийн үед хувийн цэцэрлэг, сургууль, асрамжийн газар олноор байгуулагдаж, энэ хэрээр төрийн зүгээс нийгэмд үзүүлэх халамж, үйлчилгээний ачаа хөнгөрч байгаа билээ. Гэсэн ч асуудлууд бүрэн дүүрэн цэгцэрчихээгүй л байна. Бид асрамжийн газруудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж үйлчилгээ үзүүлдэг нэгэн байгууллагыг сонгож энэхүү сурвалжлагыг хийсэн юм.

“Батгэрэлт ирээдүй” төрийн бус байгууллагын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын нөхцөл байдлыг сонирхохоор өнгөрсөн долоо хоногийн цас хаялсан өдөр Баянхошууны хуучин эцсийг зорилоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх тодотголтой асрамжийн газар олон байдаг ч бидний зорьсон газар улсаас санхүүждэг, энэ төрлийн ганцхан хувийн хэвшил учир илүү сонирхол татаж байлаа. Харамсалтай нь эднийг дэмжиж, тусалж ажилладаг газар байдаггүй ажээ.

Зөөлөн цас будран орж байсан ч газарт буунгуутаа хайлах нь цаг дулаарч буйг санагдуулах ч явган яваа бидэнд хүндрэлтэй байв. Хүрэн модон хашааны их хаалгаар ороход хоёр нохой гинжээ таслах шахам агсарч, цовхчиж, боргон хуцах нь аймшигтай санагдав. Асрамжийн газрын цонхоор намайг “сонжин” харах хүмүүс олон байсан ч нэг нь ч гарч ирээгүй тул нохойноос айж, бэргэж байсан ч бөхөлсөн гинжинд нь найдаад зориглон хашаа руу орж явчихав.

Шавар нь ховхорч халтартсан нэг давхар саарал байшин руу алхахад, тэргэнцэртэй хүмүүст зориулсан налуу шат, дундын нуруутай хүн алхахад ч хүндрэлтэй өндөр гишгүүр бүхий “энгийн” хоёр шат байлаа. Нэг хүн дотроос хаалганы түгжээг “тор хийлгэн” онгойлгож өгсөнөөр дотогш орлоо. Хаалга онгойлгосон хүн биднийг оруулангуутаа хаалгыг томоо хар цоожоор түгжих нь анх ирж буй бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэв.

11096818_816636998390850_1638006036_nТөрийн бус байгууллагын эрхэм зорилго, асрагч, асруулагч нарын үүрэг, цагийн хуваарь зэргийг танилцуулж зэрэгцүүлэн наасан хүйтэн цэнхэр хана, урагдаж навсайсан шалны хулдаас, чийг баам үнэртсэн битүү агаар биднийг угтан авав. Байнга ажиллах хоёроос гурван ажилтнаас өөр хүний бараа хараагүй удсан болов уу? гэмээр тэргэнцэртэй, таягтай тав, зургаан хүн биднийг захирлын өрөөнд орон ортол хөлийн улнаас, толгойн орой хүртэл цоо ширтэн байх нь хүний мөрөөсөл болсон, нийгмээс “шоовдорлогдсон хүмүүс” гэсэн ойлголтыг эрхгүй санагдуулав.

Асрамжийн газрын захирал Г.Розатай уулзснаар асрамжийн газрын талаарх “анхны” мэдээллийг авлаа. “Батгэрэлт Ирээдүй” төрийн бус байгууллагыг гэр бүлээрээ 2009 оны 9 сард байгуулсан ажээ. 2011 оны 4 дүгээр сарын 3-нд Батсүмбэрийн асрамжийн газраас 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэн авсанаар үйл ажиллагаа нь эхэлжээ. Өдгөө 45 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулан асардаг юм байна. Энд ажиллах эмч, сувилагч олддоггүй учир “Энэрэл” эмнэлэгтэй гэрээ байгуулж, тэндээс сард нэг удаа нэг эмч, сувилагч ирж үзлэг хийдэг ажээ.

Амарч, байрлах зориулалттай гурван өрөө, гал тогоо, захирлын өрөө, бялдаржуулах өрөөнүүдээс бүрдэнэ. “Бялдаржуулах өрөө” гэсэн хаяг өлгөсөн ч ширээ сандал, телевиз зэргийг байрлуулж, өвчтөнүүдийн хийсэн гар урлал, хайчилбар, наамал, будсан зураг зэргийг өлгөсөн харагдана. Нэрэнд нь тохирох нэг  зүйл бол “эвдэрхий” гүйлтийн зам ажээ. “Эмэгтэйчүүдийн” гэх нэршилтэй өрөөгөөр шагайвал хичээлийн жижиг танхмийн хагастай ойролцоох жижиг өрөөнд есөн ор тавьсан байх бөгөөд зай хүрээгүйгээс давхарлан тавьсан нь ч харагдана.

Толгойдоо бэртэл авсан, өөрийгөө ойлгуулах чадваргүй сэтгэц мэдрэлийн өвчтэй, тэргэнцэр, таягтай, доголон, гараа ч өргөх тэнхээгүй байна уу даа гэмээр яс арьс болтлоо турж эцсэн хүмүүс энд байх ажээ. Ийм хүмүүст давхар ор тавьж өгч болох талаар лавлаж, 40 хүн асран халамжлах боломжтой ч одоо 45 хүн авч халамжилж байгаа учир үүнээс өөр боломж байхгүй байгаа талаар ажилтнаас сонслоо.

Өвчин зовлондоо шаналсан, “өөрийгөө аваад явах” чадамжгүй “өрөвдөлтэй” хүмүүс бидэнд харагдаж байсан ч тэдгээр хүмүүсийн ихэнх нь бүх насаараа хог, траншейнээр явсан, архинд хэт донтсон, гэр бүл нь хүлээн авахаас татгалзсан хүмүүс байдаг талаар захирал тайлбарлалаа. “Тиймээс бид бараг л хагас цэргийн зохион байгуулалттай байдаг даа. Хаалгыг нь түгжинэ. Тэгэхгүй бол архи авчруулаад ууна, үгүй бол оргож гараад архидчихдаг юм аа” гэж ярихыг нь сонсоод биднийг орж ирэнгүүт хаалгыг тачигнатал түгжиж байсан нь санагдлаа.

Хүмүүсийн аж байдлыг сонирхох зуур тэдний байрлах өрөөнд хэдэн сандал, ор, зурагт, цонхонд өлгөсөн хөшигнөөс өөр эд хогшил бараг үгүй, гал тогооны өрөөн дэх хоолны шүүгээний жижигхэн үүд эвдэрч унжсан, будаг нь холцорсон шал, хана нүдэнд торох бөгөөд хөл муутай хүмүүст зориулсан алхаж хөлнийхөө чилээг гаргах зорилгоор түших бариул нь хүртэл эвдэрсэн харагдана. Иймээс асрамжийн газрын захирлаас хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийддэг талаар асуухад тэрээр “Төрөөс 50% нь санхүүждэг юм аа. Жилд зуу хүрэхгүй сая төгрөгний төсөвтэй. Нэг сарын живхний хэрэглээ л гэхэд сая төгрөг болж байхад энэ мөнгө хүрэлцэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Цаашлаад эм тариа гээд төсөв мөнгө хүрэлцэхгүй л байна” хэмээн ярив. Энд асрамжинд буй хүмүүсийн ихэнх нь тэтгэвэр, халамж авдаг  бөгөөд тухайн хүний зөвшөөрлөөр 30% -ийг өөрсдийнх нь хэрэгцээнд зориулахаар асрамжийн газар авдаг, харин 70% -ийг өөрсдийнх нь гар дээр бэлэн өгдөг ажээ. Гэвч ихэнх нь ирэхдээ 2-3 жилээр зээл авчихсан, эсвэл хамаатан садан нь ирээд мөнгийг нь авчихдаг гэдгийг сонсоод гайхах шиг болов.

Өөрсдөө хүсэлт гаргаж хорооны дарга, дүүргийн засаг дарга, шүүхийн ерөнхий газар гэсэн гурван дамжлагаар зөвшөөрөгдсөнөөр асрамжинд авахыг зөвшөөрдөг байна. Хэдийгээр хүлээн авах хүний тоо хэтэрчихсэн ч гэсэн нэмж 170 хүний томилолт ирээд байгаа гэнэ.

Энэ зэргийг асууж байх зуур сэргэлэн, шаламгай хөдөлгөөнтэй, нүд нь тогтохгүй эргэлдэх нэг залуу байн байн цаг асуух нь өдрийн хоолны цаг болсных ажээ. Гал тогооны өрөө рүү орох боломжтой хүмүүс нь очиж “П” хэлбэрээр байрлуулсан хоолны ширээнд суулаа. Ганцхан асрагч ажилладаг тул ойр зуураа хөдлөөд байх боломжтой хүмүүс нь гал тогоонд жижүүрлэж хоолоо хийдэг ажээ. Энэ өдрийн цайнд хүүхдийн будаа, цайны печень 4 ширхэгийг өгснийг бүгд л дор дороо чимээгүй “зооглоно”. Хэвтэрт босож явах боломжгүй 7 хүнд захирал, асрагч нар хоолыг нь өгөх аж. Нүд нь хонхойн ширгэж, яс арьс болтлоо турж эцсэн нэгэн өвгөний дэрний дэргэд аягатай кашийг нь тавиад урт гуурс хатгачихаад гараад явчихав. Нэлээд удаж хөрсний дараа өвгөн тэжээлийн будаагаа сорж ууж эхлэв. Өдөрт зургаан удаа хоёр цагийн зөрүүтэй хооллодог ажээ. Талх масло, арвайн гурил зэргийг өглөө, бага үдэд өгдөг бол өдрийн хоолонд нэг, хоёрдугаар хоол, орой мөн л хүүхдийн будаа, амттан зэргийг оруулдаг ажээ.

Хооллож дуусаад “бялдаржуулах” өрөөнд ороход залгаа орших 00-ийн өрөөнд орж тамхи татсаны улмаас утаа суунаглах бөгөөд тамхины утаанд байж сураагүй надад их л таагүй санагдлаа. Угаалгын ванн, суултуур, гоожуур зэрэг нь нэлээд хуучирсан харагдах ажээ. Тиймхэн хоол орсон атал зарим өвчтөн гулгиж, эргүүлэн бөөлжин гаргах аж.

Өвчтөнүүдийн дунд насаараа цэргийн офицер явсан “эрхэм” байх бөгөөд 10 жилийн өмнө осолд орж, хань ижлээ алдан, өөрөө толгойдоо хүнд гэмтэл авсанаар энд ирсэн ажээ. “Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж үзээгүй ч одоо бол хайчилбар хийж л сууна даа” хэмээн ярихыг нь сонсоход цаанаа л гуниг төрнө. Хайчилбар хийж, жаазлан үзэсгэлэн гаргаж, захиалга авч борлуулах тохиолдол ч байдаг гэнэ.

Нар нэлээн хэвийсэн учир бид буцах боллоо. Дахин ирэх үү? гэж лавласаар тэд үлдэв. Байгуулагдаад таван жил болж байхад өөр тусламж, дэмжлэг бид авч үзээгүй шүү дээ гэсэн захирлынх нь үг чихэнд дуулдсаар л байна. Тангараг өргөсөн эмч нар хүртэл энд ажиллахаас юунд халширна вэ?. Сэтгэл гаргаж ажиллаж байгаа энэ хамт олныг дэмжээд ирэх байгууллага хүмүүс алга гэж үү. Хандив тусламж, халамж, анхаарлын цуваа Батсүмбэр зэрэг асрамжийн газар луу хөвөрдөг байтлаа таван жил энэ газрыг тоолгүй байсан нь хачирхалтай.

Энд халамж дутсан хүмүүс “шоовдор” байдалтай нийгмээс сураг тасран нам жим аж төрж байна. Орох орон, оочих аягагүй, хэт эмзэг эдгээр хүмүүсийг асрах “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын энэ орчин тэдэнд амьдрах эцсийн найдвар өгч байгаа мэт санагдлаа.

Ц.Анужин


URL:

Сэтгэгдэл бичих