Луйварчдын үүр ”Теди”

1430268382554029de70397Хэрэглэгч “хаан” гэж өргөмжлөөд бараагаа шахдаг, шахсан хойноо хохь чинь гээд ам тагладаг бичигдээгүй хууль “Теди” төвийн утас борлуулагчдад үйлчилдэг болохыг нүдээрээ харж, биеэрээ мэдрэв. Учир юунаас эхэлсэн гэвэл хоёр сарын өмнө “Америк сертэй, ориг” гээд худалдан авагч миний гарт атгуулсан iP- hone 5S утас байв. Ёстой л будаг нь ханхалсан гэдэг шиг гялгар уут нь элэгдэж, зурагдаагүй тийм л шинэ утас 18-6 лангууны худалдагч н.Хулан гэх бүсгүйгээс худалдаж авсан юм. Төд удалгүй өнөөх шинэ “алим” маань амь тасрах нь тэр. Анх гарч байхаас эхлээд өдийг хүртэл хэрэглэж заншсан “iPhone” маань логоноос цааш үзүүлэх зүйлгүй болсон учир зургаан сарын баталгаа амалсан дээрх газартаа маргааш нь аваад очлоо. Тэгэх хэрэгтэйг ч алга дарам “Баталгаат засварын хуудас” дээр буулгасан байв. Ингээд өнөөх асахаа байсан утасныхаа учрыг олуулахаар буцах хаяг буух эзэнд нь хандтал “Error (9)” гэсэн алдаа заасан, зай нь суухаар ингэдэг юм гэж хэлээд эзэн хүүхнийг нь хүлээ гэх “зааварчилгаа” авав. Цаг гаран хүлээхдээ юу эсэхийг ажих вэ. Лангуун доторх “шинэ” утаснуудыг хартал “Battery” гээд биччихсэн хэдэн алим бас байна аа. “За иймэрхүү юм тохиолддог л юм байна” гэх мэтээр хамт явсан найзтайгаа ярилцах зуур “Яачихсан юм бэ” гэсээр хөмсгөө зангидсан хүүхэн ороод ирэв. Учир байдлаа тайлбарлаж дуусаагүй байтал “Энийг авбал ав” гээд бас нэг тийм утас өөдөөс шидэх нь холгүй лангуун дээрээ хаялаа. Мэдээж өөрийн хэрэглэж байсныхаа учрыг нь олох бодолтой очсон миний хувьд хариулт нэхэж хэсэг зогсов. Алдаа 9 гэдэг чинь батерей нурснаас болдог гээд л бөөн мэдээллээр бөмбөгдөх юм. Аваад удаагүй утас нурсан зайтай байна гэхэд нэг л үнэмшилтэй санагдсангүй тул “Одоо тэгээд яах вэ” гэтэл хажуу бөөрнийх нь худалдагч “Наад баталгааны хуудсаа сайн унш.

Батерейны асуудлыг хоёр сарын дотор л шийднэ гэж байгаа биз дээ” гээд миний бичиг үсэг тайлагдсан эсэх, сэтгэн бодох чадварт хүртэл эргэлзэж бүр зандарч эхлэв. Айх, гайхах зэрэгцэж, өнөөх шар цаасыг үсэглэх нь холгүй эргүүлж тойруулан үг бүрээр нь уншлаа. Олдсонгүй. Дашрамд хэлэхэд “Теди” төвийн лангуу эзэмшигчид хэлж буй үг бүртээ хүн хэрхэн доромжлох талаар гаргууд сайн мэддэг юм билээ. Ёстой польдуулна гэж тэнд л болов. Амь нэгтэй байна гэж тэднийг л хэлдэг байх. Нийлж дайрна, хажуугаар нь худлаа ярина. Баталгаагүй баталгааны хуудас Тэгсээр эзэн хүүхний таних засварчинд асахгүй утсаа харуулахаар болов. “Теди”-дээ л додигор бололтой махлагдуу эр “Алдаа 9. Санах ой гэмтсэн. Нэмэргүй” гэдэг онош тавьдаг юм байна. Эзэн хүүхэн уухайн тас “Чиний буруу. Механик алдаа юм байна. Чи утсаа унагаасан, усанд хийсэн эсвэл яасан ч юм билээ. Надад хамаагүй. Чи л аятайхан хэрэглээгүй болохоор зураг хадгалдаг нь шатсан байна” болоод явчихав. Энгийн логикоор бодоод үзсэн ч зураг хадгалдаг санах ой гэмтлээ гэхэд утас асахгүй байна гэхээр байж боломгүй санагдаад байв. “Хэн батлах юм” гээд хэдийнэ алдсан итгэл үнэмшлээ Аглуугийн стилээр хэлээд авав. Тусыг эс олов. Хуруугаа чичилсээр зодох нь уу гэлтэй өвөр дээрээ суулгах нь холгүй найр тавьж анх утсаа зарсан хүн яав ч биш гэлтэй. Үнэн хэрэгтээ айсандаа биш хүн ийм боловсон бус, бүдүүлэг харилцаатай байх, асуудалтай бараагаа шахчихаад ичих гэдгийг мэдэхгүй амьдарч болдог юм байна. Ингэсээр зохион байгуулагчийн өрөөнд хөөгдөх шахам орж суулаа. Хамаг түүхээ дахиад л эхнээс нь. Тэд ч нэг тоосон шинжгүй бүртгэж авсан болоод сууж байх. Нэг нэгнээ гэр бүл мэт нэр, хочтой нь таньдаг болчихсон тэд “Чи аваад удчихсан л юм байна шүү дээ. Хоёр сар хэрэглэчихээд аваад ирнэ гэхээр хэцүү л юм даа” гэсэн шигээ дапаалах.

Баталгаат хугацаа гэдэг цаас ёс төдий зүйл гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгож авлаа. “Яах гэж зургаан сар гээд урт хугацаа өгдөг юм. Хоёр сар байхад л болно” гээд зохион байгуулагч өнөөх хүүхнийг загнах аж. Угаасаа эвдэрхий юм зардаг байж юмаа мэдэж он сараа бичиж бай гэсэн зөвлөх аятай. Байдал хаашаа эргэх нь тодорхой болов. Худалдан авалт хийсэн миний буруу бас хохь болоод дуусах нь ээ. Яаж ч яриад тусыг эс олох учраас төвөггүй яв гэх зөвлөгөө хүртэл авлаа. Алдаа 9 болон Apple эксперт “Теди”-гийнхнээр бол алдаа ес нь батерей нурсан эсвэл санах ой гэмтэхэд заадаг гэнэ. Итгэж өгөхгүй байсан тул Google, Apple-ийн албан ёсны цахим хуудсанд юу гэж буулгасан байдгийг олж уншихаар шулуудав. Үнэхээр алдаа 9 гэж гардаг юм байна. Гэхдээ түгээмэл биш. Энэ нь “Теди”-гийн шинжээчдийн оношлоод байсантай огт хамааралгүй ажээ. Тус алдааны учрыг олоход олон жил англи хэл гээчийг үзсэний ач тус гарав. Баримтжуулаад хэд хэдэн Screenshot ч хийгээд авлаа. Санах ой гэдэг үгийг англи хэлнээ буулгавал mem- ory. Гэтэл ийм төрлийн гэмтэл заасан есийн тоотой алдаа Google, Apple-ээс хайгаад лав олсонгүй. “Теди”-гийн Apple-р дагнасан эрдэмт засварчдын хэлснээр механик гэмтэл буюу хэрэглэгчийн буруугаас болдог гэж буй ч үнэн хэрэгтээ тэдний хэлээд байгааг Apple компанийн ямар ч инженер баталж чадахгүй юм байна. Яагаад гэвэл санах ойн гэмтэл, алдаа 9 огт хамааралгүй учир дэлхийд байхгүй томъёоллыг манай “Теди”-гийнхэн гаргачихсан байгаа юм.

Цаашид тус газраас iPhone авдаг юм бол ард иргэд минь алдаа 9-ийг сайн судлах хэрэгтэй юм билээ. Асуудал гарвал алдаа 9 гээд хамаг буруугаа өөрт чинь яаж ийж байгаад л тохно. Өнөө америк серийн дугаартай, ориг, шинэ утас маань хэн нэгний өмнө хэрэглээд цааш борлуулж, баталгаат хугацаа нь жилийн өмнө дуусчихсан хуучин утас болж таарлаа. Түүгээр ч зогсохгүй олон утасны сэлбэг дундаас “төрсөн” болохыг “Apple” брэндийн гэрээт борлуулагчийн үүрэгтэй нэгэн байгууллагын засварчин хэлэв. Капитал буюу мөнгө ологч “Теди” бүр вант улс болчихож. Хоорондоо харилцах, ойлголцох тусгай код хэлтэй. Миний хардсанаар бол “Санах ой” гэвэл “Наад утасны чинь но илэрсэн. Механик гэж хэлээд түргэн сал” гэсэн утга илэрхийлнэ. Дээрх үг нууцлалын зэрэгтэй, “Теди бус” хүмүүс үл ойлгоно. Амь нэгтэйг ч хэлэх үү утас бариад очвол “Механик гэмтэл” гэдэг шошго наахыг л бодно. Баглаа, боодол нь цоо шинээрээ өөлөхийн аргагүй өнгөлөг утаснууд “Теди”-гийн лангуугаар өрөөстэй. Гэвч тэдгээрийн дийлэнх нь КАПИТАЛ хэмээх чамин нэр зүүдэг аж. Санхүүгийн хэлээр эл үг мөнгөн хөрөнгийг илэрхийлнэ. Тэнд бол сэлбэгээр боссон дуураймал, угсарсан утсыг хэлэх аж. “Теди” төвд гар утасны худалдаа хийдэг зарим хүн энэ тухайгаа илэн далангуй хэлж, сонголт хийх боломжийг иргэдэд олгодог юм байна. Учир начрыг нь тайлбарлаж хэлээд харилцан тохиролцдог тухайгаа ч зарим нь ярьсан юм. Капитал утсыг оргиналь эсвэл хуурамч плат дээр бусад эд ангийг суулгаад хайрцаглан савлаж, хүнсний уутаар ороодог гэж байна.

Халуун сэнсээр үлээлгэхэд үйлдвэрийн боодлоос дутахааргүй харагддаг аж. Энэ талаар мөн л хуучин эсвэл угсарсан утас зардаг нэгэн борлуулагч хэлэв. Энэ тухай мэдээгүй яваа цорын ганц хүн би болж таарлаа. Бусад нь бүгд мэддэг юм байх. Харамсалтай нь, худалдан авагчийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаад асуудлын гол учиг байгаа юм. Нийлүүлж болох бүх сэлбэгийг механикаар угсарчихаад тэрэнд нь гарсан механик алдааг худалдан авагчид үүрүүлээд буцаадаг ийм тогтолцоо “Теди”-д “Үндсэн хууль” лугаа үйлчилж, луйврын шинжтэй гэмт хэргийг хэдэн зуун хүний нүдэн дээр үйлдэж байна. Ахин хэлэхэд бас анхааруулахад “Теди”-гийн засварчдаар бахархаж байна. “Apple” брэндийг бий болгогч дэлхийд нэртэй инженерүүдийн гаргаж ирээгүйг тэд илрүүлж байна. Хорвоод байхгүй согог, гэмтлийг түрүүлж мэдээд монголчуудад хэлж өгч байна. Харин чадахгүй болохоороо “Механик” гэж оношлоод иргэдийг хохироож байна. Ийм хариултаар амаа таглуулж байсан бол та хууртаж, луйвардуулсан гэж бод. Тэрийг нь хэлэхээр хаа хүрэхийг чинь харна гээд ам бардам байх худалдаалагчдад Монгол Улсын хууль үйлчилдэггүй бололтой. Хууль, хяналтын ямар ч байгууллагаас төлөөлөл ирсэн “Хохь нь” гээд хэлэх хангалттай хүчтэй хүмүүс юм байна гэж ойлгох. Лангууны эзэн хүүхний хэлснээр худалдан авагч миний бие юу ч олж долоохгүй гэнэ. Юм олж долоох гэсэн нохой биш учраас тэр хүнтэй хэл амаа ололцох гэж зүтгэсэнгүй. Хүний нийгэмд болох, болохгүйг тогтоогоод өгдөг хуулийн байгууллагуудад нь хандахаар мордлоо. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”. 12 дугаар зүйлийн 12.2-т “Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /ний лүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна”. 12.8-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно”. 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэх лэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ. Ийм төрлийн хууран мэхлэлттэй нүүр тулж, хохироод үлдсэн ч хаана хандахаа мэддэггүй тул халаглаад өнгөрсөн тохиолдол олон байдаг аж. Түүнийг нь ч овжин ашиглах дээрх мэтийн луйварчид хэрхэн аашлахаа ч андахгүй болсон байдаг гэнэ.

Гэхдээ “Теди” дээр худалдаа эрхэлж буй бүх хүнийг луйварчин гэхгүй. Үнэнээ хэлээд иргэдэд сонголт өгч буй наймаачид ч бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэдэг л болоод байгаа юм. Иймд бохир аргаар хэдэн халтар төгрөг олж, элэг нэгтнээ хуурч байгаа хэсэг бүлэг хүн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, цагдаагийн байгууллагууд зэрэг холбогдох газрууд анхааралдаа авахыг уламжилъя. Энэ явдал үүгээр дуусахгүй. Өчигдөр ч гарсан, өнөөдөр ч гарна, маргааш ч үргэлжилнэ. Хэдэн төгрөгөө цуглуулан байж аятай, эвтэйхэн утас барих гэсэн биш луйвардуулаад дуусах иргэд “Теди”-гийн давхруудаар өдөрт хэдэн зуугаараа эргэлддэг. Тэд үүнийгээ яахан мэдэх, луйварчид түүнийгээ юу гэж зарлах. Саяхан болж өнгөрсөн Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015 чуулганд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нэг сайн мэдээ дуулгахад бид удахгүй ТЭДИ төв шиг иргэддээ угтах үйлчилгээ үзүүлнэ” гэсэн. “Теди” төв шиг луйврын вант улсаар жишиг тогтоож буйд харамсч буйгаа илэрхийлмээр байна. Тэнд иргэдийг угтдаггүй. Иргэдэд үйлчилдэггүй. Харин иргэдийг хуурч, мэхэлж, халаасыг хоослох гэж улайрсан хумсаа нуусан муурнууд үүрлэжээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 29 April 2015

Яг үнэн

Нэр: zochin Огноо: 29 April 2015

Vnen shv vnen

Нэр: Uul baatar Огноо: 29 April 2015

Ulaanbaatar hotoo tedy tuv shig bolgonoo

Нэр: Anonymous Огноо: 29 April 2015

Ter unen shuu. Hudlaa yarij humuusiig hohoriodog.

Нэр: zochin Огноо: 30 April 2015

Neg moson mongold ugsarav geed gargah heregtei humuusiig toorogduulj hulhidah heregguishtee

Нэр: zochin Огноо: 30 April 2015

tiishde buun lalruud

Нэр: baagii Огноо: 1 May 2015

zarim n tiim bhi

Сэтгэгдэл бичих