Б.Баасан: “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт Монгол ажилчдыг түлхүү оролцуулна

УИХ болон Засгийн газраас энэ оны гуравдугаар сард “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ” гэж мэдэгдэж байв. Үүний дагуу Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй хамгийн гол хөтөлбөр хэрэгжиж эхлээд одоо дөрвөн сарын нүүр үзэх гэж байгаа юм.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасантай хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд ямар шатанд байгаа талаар ярилцлаа.

-Танай яамны хувьд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Хөтөлбөрийн хүрээнд манай яамны хариуцах ажлуудын нэг бол хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. Орон сууцны тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Усан хангамж ариутгах татуургын тухай хуулийг батлуулахад бэлэн болголоо. Гэхдээ хаврын чуулганаар батлуулж чадаагүй юм. Эцсийн хэлэлцүүлэгт орох л үлдсэн. Тиймээс УИХ-ын намрын чуулган эхэлсэн өдөр уг хууль батлагдчих болов уу.

Одоо Барилгын тухай хууль дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд барилгын норм, нормативыг боловсронгуй болгох тал дээр ч арга хэмжээ авсан. Энэ оны эхний хагас жилд 19 стандарт, есөн нормыг шинэчлэн батлуулсан. Зуун мянган айлын орон сууцыг европ стандарт, шаардлагад нийцүүлэн барих зорилго тавьсан юм. Чанартай барилга л барих ёстой.

-Тэгвэл мэргэжилтэй ажилтан бэлтгэх, барилгын материалын үйлдвэр барих асуудал аль шатандаа байна вэ. Манайд аль, аль нь хангалттай биш байгаа шүү дээ?
-Засгийн газраас МСҮТ-үүдийг өргөтгөх, шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаарх тогтоол, шийдвэр нь гарч байгаа. Түүний дагуу өргөтгөх, шинэчлэх ажлыг эхэлнэ. Ерөнхийдөө 2016 он гэхэд барилгын салбарт, тэр дундаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт ажиллах үндэсний ажилчдыг бэлтгэх бодлого баримталж байна. Ажилчдын дийлэнх нь монголчууд байх ёстой. Барилгын материалын үйлдвэр тулгамдаж байгаа нь үнэн. Одоо дотоодын хэрэгцээний 80 орчим хувийг импортын бараа, материалаар хангаж байгаа. Шинэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барилгын материалын үйлдвэрүүдийг барьж, 2016 он гэхэд хэрэгцээний 70 орчим хувийг дотоодоосоо хангадаг болно.

-Тодорхой эхлүүлсэн ажил байна уу?
-Цементийн үйлдвэрийг өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Одоогоор зураг, төслийн ажил нь дуусах тийшээ хандсан. Барилгын ажил нь энэ сард эхэлж, үйлдвэр нь дараа жилээс ашиглалтад орох юм. Түүнчлэн 2-3 арматурын үйлдвэр шинээр барьж байна. Үйл ажиллагаа явуулж буй жижиг үйлдвэрүүдэд шалгалт явуулж, үүрэг даалгавар өгсөн. Өөр төрлийн барилгын материал хийдэг үйлдвэрүүдийн хувьд хууль, эрх зүйн орчин нь тодорхой болж чадаагүй юм. Барилгын материалын үйлдвэрүүд голдуу хувийнх байх ёстой.

Тиймээс Хөгжлийн банкнаас болон Концепцийн тухай хуулийн хүрээнд санхүүжилт авах боломжгүй гэсэн үг. Гэхдээ барилгын материалын үйлдвэрүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тухай шийдвэрийг энэ ондоо багтаан гаргах боломж байгаа юм шиг байна. Энэ чиглэлээр УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Түүнчлэн барилга, материалын чанарт хяналт тавих лабораторийг барьж байгаа нь энэ хөтөлбөрийн хүрээнд хийж буй томоохон ажил юм. Сонсголонд барьж буй үйлдвэр ашиглалтад орчихвол аймгуудад салбарыг нь барина.

-Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Барилгын компаниуд “Төр шугам, сүлжээгээ байгуулаад газрын асуудлыг шийдээд өгчих. Бид барилгаа барьчихна” гэдэг юм билээ. Бас өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой шүүмжлэлийг ч хэлдэг?

-Инженерийн шугам сүлжээгээ барьж чадаагүй нь яах аргагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон манай яамны асуудал. Үүнийг хэзээ ч бусад руу чихэхгүй. Инженерийн шугам сүлжээг нь барьсан байхад компаниуд газраа аваад барилгаа барьчихна. Энэ онд “Инженерийн шугам, сүлжээг төр хариуцдаг болъё” гэсэн шийдвэр гарсан. Гол мастерын шугамуудыг шүү дээ. Салбар шугамуудыг орон сууц барьж байгаа компаниуд хариуцна. Энэ бол зарчмын хувьд гаргасан томоохон шийдэл. Ингэснээр барилгуудын төсөвт өртөг ч тодорхой хэмжээгээр багасах учиртай.

-Инженерийн шугам, сүлжээний ажлыг эхлүүлсэн юм уу?
-Шугам сүлжээний ажлыг зарим газарт хийж байгаа.

-Тэгвэл орон сууцнуудыг хэзээнээс барьж эхлэх бол?

-”Орон сууцаа хэзээ барьж эхлэх вэ” гэдэг нь тухайн барилга барих газар, орон нутгийн асуудал. Хуульд тэгж заасан. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт зарцуулах 800 тэрбум төгрөгийн 467 тэрбум нь барилгын салбарт ноогдож байгаа. Үүнээс 300 орчмыг нь инженерийн дэд бүтэц байгуулахад зарцуулах юм. Хөтөлбөрийн хүрээнд барих орон сууцнуудын 60 гаруй мянга орчмыг нь Баянгол, Яармаг, Нисэхэд барина. Орон сууц барих газарт инженерийн шугам сүлжээ байгуулах ажлыг хийж эхэлсэн. Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилтийг шийдээд инженерийн шугам сүлжээг барьсны дараа барилгаа бариад эхэлчих байх.

Т.Урангэрэл


URL:

Сэтгэгдэл бичих