Булган аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сум, Хялганат тосгоны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагч, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, төрийн байгууллагуудад гарын авлага тараан ажиллаж байна.

uls_55402a17c9ca8_1

Ажлын хэсэг дээрх сумдад ажиллах явцад нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийг албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулдаггүй, ИТХ нь дүрэм журам, үнэ тариф тогтоохдоо эрх зүйн үндэслэлгүйгээр эрх хэмжээгээ хэтрүүлсэн, худалдан авах ажиллагаа, сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулахдаа, мөн өөртэйгөө болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргадаггүй, сумын 90 жилийн ойн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан хандив авах, хүсэх ажлыг зохион байгуулсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрч байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 3 сум, 1 тосгоны төрийн албан хаагч, иргэдийг оролцуулан нийт 327 хүнд сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтын явцад ярилцлага өрнүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, тэдний сонирхсон асуултад хариулах, сумдын цахим хуудас, мэдээллийн самбарын ил тод байдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


URL:

Сэтгэгдэл бичих