Тавантолгойг ашиглуулахдаа хяналт тавих ёстой, гэвч…

1430225324553f81ac5f740Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байна. Одоогийн байдлаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж, өөрсдийн байр сууриа нэгтгэхээр хэлэлцэж байна. Тавантолгой бол мэдээж том төсөл. Иймд уг төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцож, харилцан ашигтай, хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ бодох учиртай. Иймийн тулд Засгийн газраас ажлын хэсэг гарган, гэрээний төслүүдийг хэлэлцэж, оруулж ирээд байгаа. Гэвч энэ нь УИХ-ын зарим гишүүдээс хангалтгүй гэсэн үнэлгээг аваад байна.

Гишүүдийн зүгээс Тавантолгойн төсөлд хангалтгүй дүн тавиад байгаагийн гол учир нь тэнд хяналт алга. Хөрөнгө оруулагчид нүүрс олборлож, чөлөөтэй тээвэрлээд явах боломжтой байдлаар гэрээнд тусгаж өгсөн нь ийнхүү тэднийг шүүмжлэхэд хүргээд байна.

 

 

Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна” гэж мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нэг хувийн компани төмөр зам юм уу, автозам дангаар эзэмших нь ямар хор уршиг дагуулдаг талаар тодорхой судалгаа тоо баримтыг дэлгэсэн. Тодруулбал, “Энержи ресурс” компани автозам бариад, түүгээрээ нүүрсээ тээвэрлэж байхдаа уг автозамыг ашиглах компаниудаас нүүрсний тонн тутамд 5-6 ам.долларын тээврийн хөлс авдаг байсан аж. Харин улс уг замыг худалдан авснаар нүүрсний тонн тутамд 1.25 ам.долларын тээврийн зардал авч байгаа гэнэ. Түүнчлэн төмөр зам, тээврийн чиглэлийг хувийн компани авснаар гадаад улсуудад гарсан алдаа, дутагдлыг ч танилцуулсан. Тухайлбал, Австралид нүүрсний компани өөрсдийн хөрөнгөөр төмөр замаа барьчихаад, уг төмөр замаа зөвхөн өөрсдөө эзэмшиж, бусад компаниудын тээврийг явуулахгүй хориглож байжээ. Австрали улсын зүгээс үүнд ямар ч шаардлага тавих боломжгүй, хүнд хэцүү нөхцөл байдал бий болсон байна. Ингээд яаж ч чадахгүй нөхцөл байдал бий болсноор тодорхой хугацааны дараа улс нь хөрөнгө гаргаж, хувийн хэвшлийн төмөр замын хажуугаар давхар зам барьж байсан түүх бий гэдгийг бүлгийн хуралдааны үеэр дурьдсан байна” гэв.

Шүүмжилж буй гишүүдийн хэлж байгааг зүгээр өнгөрөөж болохгүй. Улсын аюулгүй байдал, Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөжтэй ч холбоотой чухал асуудал юм.

 

 

Төмөр замыг нэг хувийн компаниар бариулж, хэдэн жилийн дараа төр хувиа эзэмших байдлаар оруулж ирсэн уг гэрээг сайтар хэлэлцэж, хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээний эцсийн үр дүнг олон нийтэд тодорхой болгох учиртай.

Монгол Улсын төр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 болон 2015 оны 04/03 дугаар Зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байгаа болохыг “МТЗ”-ын удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Үүнийг ч мөн тоохгүй орхигдуулж болохгүй. Эдгээр асуудлын цаана манай улсын төр засаг хөрөнгө оруулагчидтай томоохон уурхайгаа хамтарч ашиглахын зэрэгцээ хяналт тавьж, дотооддоо авах ашгаа авч, эдийн засгаа сайжруулж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх үүрэгтэй. Үүний тулд ч Засгийн газар ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр тавих ёстой хяналтын талаар яагаад дуугарахгүй байна вэ…

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих