Аваргуудын дуэль

1-093628-677935621Өнөө цаг үед Монгол бөхийн өргөөнд ихэнхдээ зүүн, барууны магнайд залуухан аваргууд болох С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар тэргүүлэн гарч барилдаж байна.

Дээрх аваргууд маань хоорондоо хэдэн удаа таарч, ямар мэхний хувилбар хийж барилдаж байсан тухай баримт сөхөн бичив.

Дээрх хоёр хүчтэн маань 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмаар аварга, арслан цолонд хүрсэн гэдгийг бөх сонирхогчид маань мэднэ.

Нийтлэлчийн гар бичмэл бүхий тэмдэглэлд бичигдсэнээр анхлан 2009 оны тавдугаар сарын 9-нд Хаан банкны нэрэмжит Арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдааны гурвын даваанд Г.Эрхэмбаяр начин цолтой үедээ аймгийн заан С.Мөнхбатыг амлан барилдаад сэнжигний барьцнаас бярдаж гуд татаад давсан байна.

Аваргууд 2009 оны тавдугаар сараас хойш нийтдээ зургаан удаа хүч үзэхэд Г.Эрхэмбаяр дөрвөн удаа, С.Мөнхбат хоёр удаа хаясан байна. Тэгэхдээ шийдвэрлэх барилдаанд С.Мөнхбат хоёр удаа буюу төрийн наадмын тавын даваа, арвын даваанд хаяснаараа онцлогтой юм.

Харин 2010 оны долдугаар сарын 12-нд Ардын хувьсгалын 89 жилийн ойн үндэсний их баяр наадмын тавын даваанд өсөх идэр начин Г.Эрхэмбаяр залуу начин С.Мөнхбатыг амлан барилдахад С.Мөнхбат зүүн талдаа хутгах мэхээр өвдөг шороодуулж шөвгөрчээ. Энэ наадамд С.Мөнхбат одоогийн улсын гарьд М.Баяржавхлангаар зургаа давж харцага цолтон болсон билээ.

Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмаар арвын даваанд түрүү булаалдан барилдахад Г.Эрхэмбаяр С.Мөнхбатыг элэг бүс сэнжигний барьцнаас дугтараад татахад нь С.Мөнхбат дагуулж баруун талдаа гар ачих мэхээр давсан билээ. Энэ наадмаар С.Мөнхбат одоогийн цолондоо хүрсэн түүхтэй.

2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн барилдааны наймын даваанд түрүү булаалдахад арслан Г.Эрхэмбаяр сугадсан барьцнаас баруун талдаа бярдаж мушгиад аварга С.Мөнхбатыг давснаар таван сая төгрөгний бай хүртэж байв. Энэ барилдааны үзүүр бөх гурван сая төгрөгний шагнал хүртсэн байдаг.

2013 оны хоёрдугаар сарын 10-нд Усан могой жилийн цагаан сарын барилдаанд наймын даваанд түрүү булаалдахад арслан Г.Эрхэмбаяр хав дөрвөлжин золгож дан шуудагдсан барьцнаас зүүн талдаа мушгиж тэнцвэр алдуулаад зөрүүлж баруун талдаа сугадаж мушгиад давсан. Г.Эрхэмбаяр 2013 оныхоо төрийн наадамд түрүүлж аварга цол хүртсэн.

Үүнээс хойш аваргууд хоёр жил гаруй хугацаанд таарч хүч үзэлгүй байсаар 2015 оны дөрөвдүгээр сарын таванд Сонгинохайрхан уулын хишиг барилдааны долоогийн даваанд хоёр аварга уран мэхийг уралдуулан хүчийг үзлээ. Энэхүү барилдаан нилээд удааширч хоёр хүчтэн эхний барилдаандаа хайн унаж дахин барилдахад Г.Эрхэмбаяр хаялцах барьцнаас баруун талдаа даацтай хутгах мэхээр давсан билээ. Энэхүү барилдаанд аварга Г.Эрхэмбаяр гарьд Б.Гончигдамбаар найм даван түрүүлж Сонгинохайрханы хишигт хоёронтоо түрүүлсэн юм.

Ийнхүү аваргууд 2009 оны тавдугаар сараас хойш нийтдээ зургаан удаа хүч үзэхэд Г.Эрхэмбаяр дөрвөн удаа, С.Мөнхбат хоёр удаа хаясан байна. Тэгэхдээ шийдвэрлэх барилдаанд С.Мөнхбат хоёр удаа буюу төрийн наадмын тавын даваа, арвын даваанд хаяснаараа онцлогтой юм.

Э.Алтанболд (МУИС-ийн багш)

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих