Монголын улс төрийн намын фракциуд
Бидний нэрлэж заншсан “фракц” гэдэг үгийг дэлхий нийтэд юу гэж ойлгодог вэ?
Фракц /латинаар “хугарал”, “бутрал”/
Бидний нэрлэж заншсан “Намын Фракц” гэдэг үгийг Европын улс орнуудад тэр дундаа Герман, Франц, Швецарь гэх орнуудад парламент дахь нэг намын эсвэл эвслийн бүлэг гэдэг утгаар нь ойлгодог. Тухайлбал нэг намаас сонгогдсон гишүүд парламентад нэг бүлэг болж нэгдэхийг фракц гэж нэрлэдэг байна. Жишээлбэл яг одоогийн байдлаар Германы Бундэстагт дөрвөн фракц буюу дөрвөн намын парламентын бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл бидний сонирхож байгаа нам доторхи фракцыг “намын жигүүр”, “намын урсгал” гэж нэрлэдэг байна. Германы улс төрийн намуудын жигүүрүүд манайхтай харьцуулахад хэлбэрийн хувьд тэс ондоо юм. Тухайлбал Меркелийн Германы Христийн Ардчилсан Холбоо “Ахмадын холбоо”, “Залуучуудын холбоо”, “Ажил эрхлэгчдийн холбоо”, “Ажил олгогчдын холбоо” зэрэг олон жигүүртэй. Тэд нам дотроо бодлогын чанартай өрсөлдөөнийг бий болгодог. Намын зүүн жигүүр ажил эрхлэгчдийн эрхийг хамгаалах тал дээл түлхүү ажиллах сонирхолтой байдаг бол намын баруун жигүүр ажил олгогчдын сонирхол зорилгыг түлхүү авч үздэг байх шижээтэй. Тиймээс нам дотор олон төрлийн жигүүрүүд байх нь өрсөлдөөнийг бий болгож намын хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг байна.
Монголын Ардчилсан намын жигүүрүүдийн хувьд бодлогын өрсөлдөөн гэхээсээ илүү бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр нэгдсэн бүлэглэл гэж хэлж болхоор байгаа. Алтангадас, Шонхор, Нэг Ардчилал зэрэг ардчилсан намын фракцуудын хооронд бодлогын өрсөлдөөн бий болж байгаагүй.
Улс төрийн намд “фракц” байх ёстой юу?
Парламент, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудад улс төрийн намуудад жигүүр байх нь элбэг байдаг. Тэд хоорондоо ил тод хэлбэрээр бодлогын чанартай хоорондоо маргалдах явдал их гардаг. Тухайлбал сонгуулийн тухай, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудлуудад нам дотор жигүүрүүд өөр байр суурьтай байж болно. Энэ нь нам дотор өрсөлдөөнийг бий болгож намын бодлогод сайхаар нөлөөлдөг.
Нам доторхи фракцууд хоорондын зөрчилөө хэрхэн зохицуулдаг вэ?
Парламентын засаглалтай улс орнуудад нам доторхи зөрчилөө олонхийн зарчмаар шийдвэрлэх нь элбэг байдаг. Үүнийг намын дотоот ардчилал гэх бөгөөд намын бодлого, үйл ажиллагаа, бүтцэд гишүүд голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Жич. Тухайлбал Германд сонгуульд нэр дэвшигчдийг намын тухайн тойргийн гишүүд хурлаараа шийддэг байна.
Монголын Ардчилсан намд яагаад фракцын хуваагдал зохихгүй байна вэ?
Ардчилсан намын онцлог таван намын нэгдэл. Тиймээс ардчилсан намын фракцын үүсэл бодлогын чанартай гэхээсээ илүү эрх ашгийн үүдэлтэй. 15 жил сөрөг хүчин байсан ардчилсан нам дотоод зөрчилөө гүйцэт зохицуулж чадаагүй. 2012 онд сонгуульд ялснаар намын дотоод зөрчил нэг шат ахиж парламент засгийн газрын хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед намын дотоод сахилга бат юу юунаас илүү чухал гэж хэлж болно.
С.Алтангэрэл
URL: