Эхнэрээ хөнөөж Налайхын уурхайн цооногт булсан залуугийн өчил

1430182600553edac81e149Эхнэрээ хөнөөсөн гэх Б.Бат-Өлзийд өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3-т зааснаар өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган таван жилийг гянданд, үлдсэн 20 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл Б.Бат-Өлзий нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэвээр үлдээсэн байдаг. Тиймээс Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, түүний гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн юм. Дээд шүүхээс Б.Бат-Өлзийд оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

Эхнэрээ хөнөөсөн Б.Бат-Өлзий гэгч хэн бэ

Эхнэрээ хөнөөсөн хэргээр ял сонсоод буй Б.Бат-Өлзий нь 1992 онд төрсөн, Налайх дүүрэгт оршин суудаг байжээ. Тэрбээр эл хэргийг ялтай байх хугацаандаа үйлдсэн байна. Тодруулбал, тэрбээр 2013 онд Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122.1, 100.1-т зааснаар буруутгагдаж, хоёр жилийн хорих ял сонссон бөгөөд шүүхээс тэнсэн харгалзах ял оноож байж. Гэтэл тэрбээр ялтай байх хугацаандаа буюу өнгөрсөн оны наймдугаар сард өс хонзонгийн сэдлээр эхнэрээ цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосороор хоолойг нь боомилж хөнөөгөөд цогцсыг нь уурхайн цооногийн нүхэнд нуусан байдаг.

Мөрдөн байцаалтын явцад талийгаачийн ойр дотны хүмүүс “Б.Бат-Өлзий нь эхнэрээ байнга зодож, дарамталдаг учраас амьдрал нь хоёр тийш болсон” хэмээн мэдүүлж байжээ. Хэдийгээр талийгаач бүсгүй түүнээс салсан ч байнга түгшүүртэй явдаг байсан тухай мэдүүлэг хавтаст хэрэгт тэмдэглэгдэн үлджээ.

 

Б.Бат-Өлзий эхнэрээ хөнөөсөн тухай юу гэж мэдүүлэв

Б.Бат-Өлзий эхнэрээ хөнөөсөн тухайгаа “Бид хоёр маргалдаад би эхнэрийгээ гарынхаа араар хацар руу нь цохьсон. Тэгээд цаашаа болоход гараараа боочихсон байсан. Тухайн үед би яаж боосноо сайн мэдэхгүй. Нэг мэдэхэд би өөрийнхөө хамгийн хайртай хүн, хүүгийнхээ ээжийг боогоод ухаан алдуулсан байна лээ. Тэр үед миний ухаан ч орж гараад байсан. Дараа нь хартал миний хайртай хүн сэрээгүй. Бие нь аль хэдийнээ хөрчихсөн байсан. Би хүүгийнхээ ээж, өөрийнхөө хайртай хүнийхээ амийг хөнөөсөндөө сандраад Налайх дүүргийн уурхайн аманд хийсэн” хэмээн мэдүүлж байсан юм.

Мөн Б.Бат-Өлзий нь өмнө нь талийгаачийг удаа дараа хардан зодож, тарчлааж байсан, хохирогчийг өөрийн хажууд байнга байлгах эрмэлзэлтэй, түүнээс тусдаа амьдарч, сурч байгаа, өөр хүнтэй хамтран амьдарч байгаа нь таалагдахгүй, үүнд дургүйцэн өсөрхөж “хоёр хөлийг нь хуга цохин өөрийн хажууд байлгана, ална” хэмээн заналхийлж байсан нь тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан. Цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах боломжтой байсан хэмээн гарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих