Барилга хазайсан нь “Би Жи Би Жи”-гийн буруу биш болох вий дээ
Тавантолгойн гэрээтэй зэрэгцэн өрнөсөн том дуулианы нэг нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 16 дугаар байртай холбоотой асуудал байлаа.Нийслэлд хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж, тэнгэр баганадсан өндөр барилгууд худалч хүнд нүд ирмэхийн зуурт сүндэрлэн босч буй юм.Гэвч их хотын хөгжил хэмээн бахархаж баярлахаас өмнө иргэдийн амьдрах эрх, өмч хөрөнгөнд халдсан дуулиан сэтгэл эмзэглүүлэх боллоо.Нар үзэх эрхийг хязгаарлан цонхыг нь таг хаан өндөр барилга босгож зүрхэлдэг эрхмүүд өдгөө дэргэдэх байшинг нурах эрсдэлд оруулахаас ч үл эмээдэг болсны тод илрэл “Би Жи Би Жи” гэж компани. Алга дарам газар өгөөч, аравхан машин багтах гарааш барья хэмээн царайчилж хотоос зөвшөөрөл авчихаад түүнийгээ арав зуу дахин томсгоод арван хэдэн давхар өндөр байшин босгохоор улайрсны горыг 50 шахам айлын 240 гаруй иргэн амсч байна.
“Би Жи Би Жи” гэж компанийг барилга барих гээд газар ухаж эхлэхэд л оршин суугчид хот, дүүрэг, хяналт шалгалтынхан гээд хамаарч магадгүй гэж бодсон бүхэндээ хандсан гэдэг.Харамсалтай нь дүлий, сохор дээр нь хэлгүй төрийнхөн үүнийг нь үл тоосон.Харин асуудал босч, айлууд орох оронгүй болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр очихын даваан дээр эрх мэдэлтнүүд дуугарч эхлэв.Цагдаа, хууль хяналтынхан ч бөөн бөөнөөрөө очиж, оршин суугчдыг зочид буудал руу ачиж чамгүй их ажил өрнөсөн.Үүний дараа л хотын холбогдох албан тушаалтнууд газрын зөвшөөрлийг хэн өгөв, “Би Жи Би Жи” гэж хэний юун компани вэ, тэд юу барих гэж байв гэдгийг судалж эхэлсэн байдаг.
Тэр ч бүү хэл Нийслэлийн удирдлагын зөвлөл амралтын өдөр хуралдаж Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэв.
Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгчээ.
Тэдний өгсөн мэдээллээр 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 хүнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зургаан зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан байна. Зардлыг Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан гэнэ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4,0 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан, эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэжээ.Мэргэжлийн байгууллагын уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна гэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.
16 дугаар байрны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан “Би Жи Би Жи” компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд дараах мэдээллийг өгчээ. Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар “Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 ам м талбайг гараашийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгосон төдийгүй гарааш барьж иргэдэд худалдсан байдаг. Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтийн 2008 оны долдугаар сарын 25-ны 349 дүгээр захирамжаар “Эн Эс Ар” ХХК-д гарааш, үйлчилгээний зориулалтаар 3000 ам м газар олгосноо 565 дугаар захирамжаар “Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна. Мөн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын 2011 оны зургадугаар сарын 16-ны 470 тоот захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, 1000 ам м газарт үйлчилгээний хэсэгтэй орон сууц барих эрх олгожээ. Газар эзэмших эрхийг 2014 онд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 115 тоот захирамж гарган таван жилийн хугацаатайгаар сунгасан байна. Харин дуулианы эзэн болсон “Би Жи Би Жи” компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн 29/2014 тоот тушаалаар олгожээ.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын шугамын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосныг хуралдааны үеэр хотын дарга нар дуулгаж байв. Өмнө нь хөрөнгө мөнгө байхгүй хэмээн гүрийж байсан “Би Жи Би Жи” ХХК-ийн менежер Ганбат энэ хуралд оролцсон.Тэрбээр үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэсэн нь энэ хурлын нэг сонин хэмээн онцолж болох байх.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна.Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэсэн байна.
Мөн геодизийн зураг гаргаж, барилгын улаан шугам тогтоосон геодиз, зураг төслийн компани, эзэмшүүлсэн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж ойролцоох орон сууц, барилгуудыг эрсдэлд оруулсан “Би Жи Би Жи” ХХК, эдгээр газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгджээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн цаашид авах арга хэмжээ буюу хөрсийг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг зохион байгуулах, хууль, журам зөрчиж барилгын ажил явуулж байгаа газруудын жагсаалт гаргах үүргийг холбогдох албаныханд өгөхөөр болсон байна.
Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн дараагийн буюу пүрэв гаригт болох хурлаар танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ.Тиймээс 16 дугаар байртай холбоотой асуудал хэрхэн яаж шийдэгдэхийг энэ хурал хүртэл хүлээх л үлдлээ.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
16-р байранд 3 өрөө байр 60 саяд багтааж худалдаж авна