Индонезийн ерөнхийлөгчийн цомоос боксчид долоон медаль хүртэв

otgondalaiИндонезийн Палембанг хотод болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өндөрлөлөө. 22 дахь удаагийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын боксчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ. Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд  спортын мастер Э.Цэндбаатар, 64 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг нар алтан медалиар энгэрээ мялааж төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Харин олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, М.Нандинцэцэг мөнгө, Г.Ган-Эрдэнэ, О.Сувд-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медалийн тавцанд зогсчээ. Энэ нь манай тамирчдын хувьд ирэх наймдугаар сард Тайландын Бангкок хотноо зохиогдох Азийн аварга, аравдугаар сард Катарын Доха хотод болох ДАШТ-д бэлтгэх зорилгоор халуун бүсийн орныг сонгон оролцсон тэмцээн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө манай тамирчдыг ОХУ, Куба, Герман зэрэг оронд болох дөрвөн тэмцээн хүлээж байна. ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрхийн болзолтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих