Булавч бултайдаг булхайг 16 дугаар байр илчиллээ

1430094738553d83921bc12Нийслэлийн удирдлагын зөвлөл ээлжит хурлаа өнгөрсөн Бямба гаригт нэлээд ширүүхэн хийлээ. Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр МХЕГ, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Өмчийн Харилцааны Газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл бүхий өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм. Энэхүү хурлын гол зорилго нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлтийн хариуг сонсож, түүнд үндэслэн цаашид авах арга хэмжээнийхээ тухай хэлэлцэх байв.

“Баянгол дүүргийн XIV хорооны 15, 16, 17 дугаар байрны орчимд 16 байршилд геодезийн хэмжилт хийхэд тэнд хөрс ухсанаас үүдэлтэй ямар нэгэн ноцтой өөрчлөлт илрээгүй. Харин 16 дугаар байрнаас гурван метрийн зайд бохирын хоёр худаг байдаг.

Энэ худгуудын орчимд хөрсний шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа бөгөөд хэрэв тэгсэн тохиолдолд тус байрны суурьт нөлөөлөх аюултай. Тиймээс даруйхан ухсан газрыг битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Даруйхан ухсан газрыг битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Хөрсийг хэвийн байдалд оруулсны дараа оршин суугчдыг байранд нь буцаагаад оруулж болно” хэмээн МХЕГ-ын Барилга, дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал шалгалтын дүнг танилцуулав.

Энэ дүгнэлтийн дагуу нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгавар боловсруулж байгаа бөгөөд бүх тооцоо судалгаа гарсны дараа хөрсийг хүчитгэн бэхжүүлэх гэнэ. Дээрх ажлыг богино хугацаанд, найдвартай гүйцэтгэж, иргэдийг байранд нь буцаан оруулах хэрэгтэй гэдгийг хотын дарга онцоллоо.

ДӨРВӨН CM ХАЗАЙЛТ ХЭЗЭЭНИЙХ ВЭ?

Энэ үеэр анхаарал татсан нэг чухал факт байсан нь 16 дугаар байр баруун тийшээ буюу “Би Жи Би Жи” компанийн барилгын суурь ухуулсан нүхний эсрэг тал руу дөрвөн см хазайсан болохыг хэмжилтийн компани тогтоожээ. Гэвч үүнийг хөрс хөндөгдсөнөөс болоогүй гэдэг дүгнэлтийг МХЕГ-ын газрын дарга өөрийн амаар хэлсэн.

“Энэ хазайлт уг байрыг анх барихад үүссэн үү, эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй” хэмээн бас дээрээс нь нэмэв. Орос ах нарын барьж өгсөн байрууд яагаад ч анхнаасаа хазгай байна гэж үгүй хэмээн иймэрхүү яриа гарахыг мэдсэн юм шиг хуучцуул хэлж байсан. Адаглаад социализмын үед шинээр ашиглалтад орж буй орон сууцуудыг улсын комиссынхон хэдэн давхар шалгуураар хүлээж авдаг, одоогийнх шиг халтуурдаад өнгөрдөггүй байсныг учир мэдэх хүмүүс ярьдаг шуү дээ.

Тэгэхээр энэ арай л үндэслэлгүй тайлбар санагдаад байгаа юм. Гэтэл бас 16 дугаар байр газар хөдлөлийн зургаан баллын бүсэд байдаг учраас ашиглалтын явцад хазайсан байж ч болох гэдэг өөр нэг тайлбар мөн энэ үеэр цухалзлаа. Харин үүний өмнөхөн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “2013 онд тус байрны барилгын чанарт нэг бүрчлэн дүгнэлт хийж байсан юм билээ. Тэр үед илт мэдэгдэхүйц хазайлт байгаагүй. Харин саяны хэмжилт, дүгнэлтээр дөрвөн см хазайсан гэж гарсан байна” хэмээгээд байсан юм.

Барилга хазайсан тухай олон хүний янз бүрийн тайлбар сонссоор “толгой нь эргэсэн” Э.Бат-Үүл дарга сүүлдээ “Иргэд нь болохоор барилгын суурь нүх ухсан зүүн тал руугаа манай байр хазайгаад байна гэсэн гэх. Та нар болохоор тийм биш ээ, харин ч баруун тал руугаа хазайлттай байна гэх юм. Баруун, зүүн тийшээ хазайх нь ямар хамаатай юм бэ.

Хамгийн гол нь хэзээ, юунаас болж хазайсныг харьцуулан тогтоох хэрэгтэй биз дээ. Гэтэл хэзээ гэдгийг тогтоох боломжгүй гээд сууж байдаг” гэж бухимдав. Үнэн үг шүү дээ. Энэ бол ганц 16 дугаар байрны, тэндхийн оршин суугчдад хамаатай асуудал биш билээ. Орон даяар бөөн сүр дуулиан болгочихоод эцэст нь “Танай байр зүгээр байна аа, орж болно” гэхээр хүмүүсийн сэтгэл амарчихна гэдэг юу л бол.

Монголын барилгын салбарын эмгэнэл болох газрын наймаа, хувийн хэвшлийнхэн эрхтэн дархтнуудын хоорон  дахь бизнесийн сүлжээ, ил, далд хууль бус үйлдэл, дүрэм журмыг дуртай нь зөрчдөг тогтсон “уламжлал”-ын гор эхнээсээ гарч, 250-иад хүний эд хөрөнгө, сэтгэл зүйгээр хэрхэн тоглож буйг бид харж байна.

ГАР БАРИАД БУГУЙ БАРЬСАН “БИ ЖИ БИ ЖИ”-ГИЙН ТАЙЛБАР

2008 оны эхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт “Эн Эс Ар” ХХК-д гарааш, үйлчилгээний зориулалтаар 3000 ам метр газар олгосноо тэр жилдээ дахин 565 дугаар захирамж гаргаж, “Би Жи Би Жи” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна.

Гэтэл Г.Мөнхбаяр даргын үед буюу 2011 оны зургадугаар сард 470 тоот захирамж гарч, дээрх эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, 1000 ам метр талбайд орон сууц, үйлчилгээний барилга барих эрх олгожээ.

16 дугаар байрны зүүн талын газар гараашийн, орон сууцны гэсэн хоёр захирамжтай яваад байж. 

Өөрөөр хэлбэл, 16 дугаар байрны зүүн талын газар гараашийн, орон сууцны гэсэн хоёр захирамжтай яваад байж. Тэгэхдээ Г.Мөнхбаяр даргын гаргасан захирамжаар бол 1000 ам метр газарт 12 давхар орон сууц, үйлчилгээний барилга барих тухай байсан аж. Харин 2014 онд “Би Жи Би Жи” ХХК зургийн даалгавраа шинэчлэх, газрын зөвшөөрлөө сунгуулахдаа 12 давхраа 18 болгох хүсэлт тавьж, батлуулжээ.

Ингээд доороо хоёр давхар гарааш, таван давхар үйлчилгээний газартай, 13 давхар орон сууцны барилгын архитектур, төлөвлөлтийн зураг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар хийлгэсэн байна. Энэхүү төлөвлөлтийн даалгаврын дагуу улаан шугам тавих ёстой байтал зураг төслийн “Петронас тауэр” компани байх ёстой хэмжээнээс нь хоёр дахин томруулан магадлал хийж өгчээ. 18 давхар барилга учраас үүн дээр хяналт тавих ёстой газар нь Барилга, хот байгуулалтын яам. Гэтэл тэд нүдэн балай, чихэн дүлий царайлж, 2014 оны долдугаар сарын 22-нд 18 давхар барилга барьж эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл шууд л өгчихөж.

“Би Жи Би Жи” компанийн менежер Ганбатаас “Энэ заасан талбайд барилгын суурь ухах ёстой шүү гээд улаан шугам татаад өгчихсөн байхад яагаад та нар журам зөрчсөн юм бэ” гэж хотын мээр асуутал өөдөөс нь Газар доорх хоёр давхар гараашийн талбайгаа том ухсан болохоос яг газар дээрээ ил байх барилга нь зургийнхаа дагуу жижиг байх юм” хэмээв. Юу гэсэн үг вэ. Бид л мэддэггүй болохоос нүглийн нүдийг гурилаар хуурдаг энэ мэт жишээ барилгын салбарт өчнөөн байдаг бололтой.

Энэ олон иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулах шахсан байхад “Би Жи Би Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мягмарсүрэн болоод улсын бүртгэлд тус компанийн эзэмшигчээр нэр нь байдаг С.Оюунгэрэл зэрэг удирдлага нь өдий хүртэл зүсээ харуулахгүй, менежерээ урдаа барьчхаад байгаа нь хачирхалтай.

Одоо тэгээд хэн хариуцлага хүлээх вэ. Тийм давчуухан талбайд автомашины зам хүртэл оролцуулаад 3000 ам метр газар олгосон Т.Билэгт нь ч, гарааш, үйлчилгээний зориулалттай газарт орон сууц барих зөвшөөрөл давхардуулан олгосон Г.Мөнхбаяр нь ч одоо ажлаа өгсөн. Нийслэлийн ИТХ-ын журмыг зөрчин байж “Би Жи Би Жи”-д 18 давхар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн БХБЯ-ны газрын дарга ч засаг солигдсоны “ачаар” өдгөө хаа нэгтээ сул жороолж яваа.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын улаан шугамаас хэтрүүлэн нүх ухуулсан “Би Жи Би Жи”, зураг төслийг нь магадалсан “Петронас тауэр” компани, 12 давхар барилгаа 18 болгоё гээд ирэнгүүт нь уриалагхан “За” гэчихдэг Ерөнхий төлөвлөгөөний газрынхан, цаашлаад нийслэлийн Өмчийн харилцааны газар гээд энэ хэргийн олон эзнээс хариулт хүлээсэн асуултууд байсаар байна. Ямартай ч хотын дарга иргэдийг хохирооход хүргэсэн бүх хүнд хариуцлага тооцно гэдгээ гурван цаг үргэлжилсэн хурлын төгсгөлд мэдэгдэв.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих