Оросын сонгууль ба нефть

Оросын эдийн засгийн гол судас нь нефть бөгөөд үйлдвэрлэл нь 130 гаруй жилийн түүхтэй. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар ОХУ-ын нефтийн олборлолт өдөрт 10,2 сая баррелиар нэмэгдэж, дэлхийн нефтийн салбарт  тэргүүлэх байр сууриа дахин бататгасан юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд шатахууны үнэ тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд нефтийн дотоодын нөөц ихтэй Орос ч мөн адил өсөлт харагдаж байна.
Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч энэ улс өөрийн дотоодын шатахууны хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, үнийг барьж дийлэхгүй бэрхшээлтэй тулгараад хэдэн сарын нүүрийг үзэж буй. Орос улс үйлдвэрлэсэн шатахууныхаа хагасыг дотооддоо хэрэглэдэг ба дотоодын зах зээлийн үнийг Засгийн газар нь хүчээр хязгаарлан барьж ирсэн билээ. “Лукойл” компанийн эзэн Алекперовын хэлснээр “Дотоодын өнөөгийн үнэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, нийлүүлэх зардлыг ч шингээж чаддаггүй” аж.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн үнэ дотоодын үнээс хоёр дахин нэмэгдсэн учир Оросын нефтийн компаниуд экспортод илүү анхаарал тавих болсон юм. Тухайн үед Япон улс газар хөдлөлтөөс үүдсэн цунамийн дараа газрын тосны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Оросоос ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн худалдан авч байлаа. Үүнээс өмнөхөн хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг төрийн өмч оролцсон томоохон компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргах тушаал гаргаж, газрын тосны бүтээгдэхүүний үнийг төрөөс хязгаарлахгүй байх бодлого явуулж эхэлсэн юм.
Оросын нефтийн зах зээлийг “Газпром”, “Роснефть”, “ТНК-БП” зэрэг төрийн өмчит гурав, хараат бус “Лукойл” хэмээх энэ дөрвөн компани бүхэлд нь барьдаг. Тэд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж эхэлснээр нефтийн экспорт хэдхэн сарын дотор огцом нэмэгдэж, зөвхөн энэ бизнес, ашгийн төлөө байгуулагдсан компаниуд тоогоо алдав. Ингээд Сибирийн хотуудаас эхлэн газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсч, улмаар бүх нутгийг хамарсан тул Оросын Засгийн газар тавдугаар сарын 1-нээс нефтийн бүтэгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргахад хүрсэн юм. Экспортлох онцгой тохиолдолд гаалийн татварыг 44 хувиар нэмэгдүүлсэн билээ. Гэвч энэ арга хэмжээ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.
Нефтийн бүтээгдэхүүн орон даяар хүрэлцээтэй, хэвийн хэмжээнд хүрсэн гэж Засгийн газар итгүүлж, тайвшруулахыг оролдсоор байгаа ч шинжээчид өөр байр суурьтай байна. Тэд зах зээл дээр түгшүүрт хандлага ажиглагдаж буйн зэрэгцээ биржийн борлуулалтын хэмжээ багасч байгааг сануулсаар байна. “Роснефть”, “Газпром нефть”, “Лукойл”  компаниуд биржээс бүрэн гарчээ. Өөрсдийн борлуулалтын сүлжээг хангах шаардлагын улмаас ингэх нь ойлгомжтой юм. Гэхдээ энэ нь чөлөөт зах зээлийг нүцгэлж, хараат бус трейдерүүд нефтийн бүтээгдэхүүн худалдаж авах явцыг улам бүр түвэгтэй болгож байгаа юм.
Оросын Засгийн газар байдал сайжирч буйг батлахын тулд наймдугаар сарын нэгнээс нефтийн экспортын гаалийн татвараа тонн тутамд 445.1 ам.доллар байсныг 438.2 ам.доллар болгон бууруулж байна.  Гэхдээ шатахууны экспортын гаалийн татвараа одоогоор хэвээр үлдээхийг зөв гэж үзжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих