Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

4-24-7_700x700Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв.

Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг зурсныг хэв­лэлүүд онцолж байна. Бээжингийн тал хоёр улсын хоорондох эдийн засгийн төсөлд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ төслийн хүрээнд 28 тэрбумын өртөгтэй дэд бүтэц байгуулах 51 гэрээ, тохиролцоонд гарын үсэг зураад байна. Исламабад үүний хариуд Пакистанд ажиллах хятад ажилчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана хэмээн амлав. Тус улс дахь хятад ажилчид лалын радикал бүлгийнхний довтолгоонд нэг бус удаа өртөж байсан билээ.

Пакистаны арми 10 мянган цэргээс бүрдсэн тусгай хүчнийг байгуулж хятад ажилчдыг хамгаална хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ тусгай хүчин нь аюулгүй байдлаар мэргэшсэн хэд хэдэн батальоноос бүрдэх аж. Пакистаны зарим улстөрч, тоймчид энэ мэдээг таагүй хүлээж авчээ. Учир нь сүүлийн үед радикал бүлгүүд Пакистаны үндэсний цөөнх рүү довтлох нь нэмэгдэж байгаа ч эрх баригчид үүний эсрэг олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Өнгөрсөн сард Лахоре хотын хамгийн ядуу дүүргийн нэгд байдаг хоёр христос сүмд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн юм. Үндэстний, шашны цөөнхөө хамгаалж чадахгүй байж гадаадын ажилчдыг хамгаалахаар олон зуун саяын зардал гаргаж байна хэмээн тэд Засгийн газраа шүүмжилж байна. Пакистанд үндэстний цөөнх, лал бус шашинтай иргэдийг хамгаалах ажил ихээхэн доголдолтой байдаг. Дээр нь тэдний эсрэг аллага үйлдсэн хүмүүс ямар ч ял шийтгэлгүй хоцрох нь жирийн үзэгдэл болсон ажээ.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих