“Монос фарм”-ын захирал мансууруулах төрлийн эм нийлүүлсэн нь тогтоогдлоо
Монголдоо эмийн үйлдвэрлэл, худалдаагаар тэргүүлэгч, түүгээр зогсохгүй гадны зарим оронд нэр хүндээ олоод буй “Монос” группийнхэн хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдаалсан хэрэгт холбогдсон нь дуулиан тарьсан үйл явдал болов. Тус группийн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бараг бүх эмийн сан мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй морфин, фенобарбитал, диазепам, валиум зэрэг эм шахсаныг цагдаагийнхан тогтоожээ.
Улмаар энэ хэрэгт тус группийн охин компани болох “Монос фарм трейд”, “Монос Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогтыг холбогдуулж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Л.Алтанцогт “Бид импортлох зөвшөөрлөөсөө эхлээд хаана түүгээж өгсөн гэдгээ цагдаагийн газар, зохих мэргэжлийн байгууллага болон яамдад танилцуулдаг. Тиймээс бидний талаархи мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” хэмээн эрс үгүйсгэж байсан билээ.
Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 193 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдах журмыг зөрчсөн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж, 252 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.
Д.Туяа
URL: