Хятадад гурван настай хүү ээжийгээ хөнөөжээ

Хятадад гурван настай бяцхан хүү ээжийгээ цахилгаан шатнаас түлхэж унагаасан тухай “South China Morning Post” сайт мэдээлжээ. Харамсалтай хэрэг зүүн Хятадын Зежиань аймгийн Ниньбо хотод болсон байна. 45 настай хохирогч Шие Хон Фений үнгэгдсэн цогцсыг цахилгаан шатны шалны доороос гаргажээ.
Хэргийн нүдэн гэрч гэгдэж буй барилгын менежер, 52 настай Ян Шао эмэгтэйг хүү нь түлхэн хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байна. Тэрээр цагдаагийнханд мэдэгдэхдээ “Тэр түлхүүрээ доош нь унагаачихаад надаас тусламж хүссэн. Би түүнд тавдугаар давхарт байсан цахилгаан шатны хаалгыг онгойлгоод нэг давхраар дээш нь өргөе гээд тэр зуур зайгаар нь ороод түлхүүрээ авахыг санал болгосон. Би цахилгаан шатаа өргөчихөөд эмэгтэйг түлхүүрээ авсан эсэхийг шалгахаар иртэл лифтэнд ганцхан хүү нь байсан. Түүнээс ээж нь хаана байгааг асуухад би түлхчихсэн гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байна.
Тэрээр доошоо тонгойгоод хартал эмэгтэйн цогцос цахилгаан шатны хонгилын ёроолд харагдаж байсан бөгөөд тэр даруйд цагдаа дуудсан байна.
Орон нутгийн цагдаагийн газар ч эх сурвалжийн мэдүүлгийг үнэн зөв хэмээн үзжээ. Учир нь цахилгаан шатны дотор байсан камерт хэрэг явдал бичигдэн үлдсэн байжээ.
Хохирогч эмэгтэйн нөхөр энэхүү мэдээллийн дараа ихэд уймарсан байдалтай байгаа аж. 50 настай эцэг Тан Хсиех “Харамсмаар зүйл нь зөвхөн миний эхнэр амиа алдсанд бус хүү маань насан туршдаа эхийгээ хөнөөсөн гэж өөрийгөө буруутган амьдрах нь” хэмээн ярьжээ.

Г.Үжин

www.24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих