Г.Шийлэгдамба сайд TV9-ийг тэтгэнэ
МАХН-ынхаа нэрийг авч тусдаа нам байгуулсан Н.Энхбаярын бие илааршсан хэдий ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тархийг угааж 2024 он хүртэл АН-тай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө эх орондоо байж суух газаргүй болсон. Түүний далдын хүч, зөн совинч байдал, улс төрийн онч мэргэн хараа зэрэг нь эрх барьж буй хоёр том намыг ихэд айлгасан нь тодорхой.
Бүхэл бүтэн намын даргынхаа тархийг алсын зайнаас атгуулсандаа АН-ынхны дургүй нь хүрч, улмаар ганхаж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг тэр чигээр нь унагах сайхан боломж бүрдсэн юм. Энэ нь мэдээж хэрэг Н.Энхбаярт ач тусаа өгөхөөс илүү муугаар тусаж, харин түүний анх зарласан МАНАН дахин шинээр “татахад” хүргэжээ. Ийнхүү дархан мэхээ хийсэн биш давхар тонгоруулж, өнгөрсөн Цагаан сараар эх орондоо ирж золголт хийсний дараа их улс төрд орох бэлтгэл ажилдаа гарахаар төлөвлөсөн нь харин талаар болов. Энэ бүхэн Цагаан сарын барилдаанаас үүдэлтэй юм.
Түүний “эгэл олноо” гэх сэтгэл буюу үзэгчдийн дунд сууж бөх үзсэн явдал олон хүнд эвэртэй туулай үзсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ. Тиймээс ирэх жилийн сонгуулиар “зодоглохоор” шийдсэн Н.Энхбаярыг эртхэн шиг унагаж авахын тулд АТГ-аас авахуулаад дахин янз бүрийн асуудлаар эрүү үүсгэн шалгахаар болмогц арга буюу тэрбээр Солонгос Улсыг зорив. Харин түүний үнэнч албат Г.Шийлэгдамба өмнө нь жийгдсэн нам нэгт бусад сайд нарыгаа бодвол “хоншоортой” эр гэдгээ харуулж, улмаар Н.Удвал сайдын оронд Эрүүл мэндийн сайд болж амжив. Чингээд зогсохгүй тэрбээр даргынхаа эзэмшлийн TV9 телевизтэй хамтарч “Сумын эмч” нэртэй олон ангит киног хийж, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болжээ. Одоогоор зохиолын судалгаа хийгдэж байгаа бөгөөд сонгуулиас өмнө энэ кино олны хүртээл болох юм.
Ийнхүү шийр зааж үлдсэн “Шилэгдмэл сайд” Г.Шийлэгдамба намынхаа квот бүхий сайдын суудалд очмогц даргадаа хариуг нь барьж эхэлжээ. Энэ байдлаас харвал тэр үнэхээр хол явах нь тодорхой. Ялангуяа 2016 оны сонгуулиар МАХН-ын жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдэж Ч.Улаан, О.Чулуунбат, Н.Удвал, О.Баасанхүү нараас дээгүүр жаалж, “Эрхэм гишүүн” хэмээх сэтрийг зүүчихсэн явбал эрхэм та бүү гайхаарай даа.
URL: