Хүргэн Дэнзэн гэж хэн юм бэ?
Хүргэн Дэнзэн гэхээр монголчууд андахаа байсан биз ээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, үргэлж нэрийг нь баастсаар огцруулсан. Одоо ч баастсаар л яваа хүргэн.
Хүргэн Дэнзэн одоо Монголд байхгүй. Германд сурч байгаа. Тэндээсээ захиа бичсэн. Энд их олон хүн уншсан.
Хүргэн Дэнзэнд холбогдох асуудал маш их. Голдуухан гэмт хэргийн шинжтэй, эсвэл төрийн албыг хувийн болтол ашигласан нь байдаг ажээ.
Хүргэн Дэнзэнгээс болж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурь шоронд хоригдож байгаа гэж учир мэдэх хүмүүс яриад удаж байна.
Хүргэн Дэнзэнг би танихгүй, мэдэхгүй. Магадгүй, та ч таньж мэдэхгүй байх. Харахад зүгээр л нэг жулдрай пацаан байх… Ингэж хүмүүс ярьж буй. Харин тэр Монголын төрд дийлддэггүй. Өмнөөсөө өчнөөн жил дипломат алба хашчихсан төрийн хүнийг шоронд суулгачихсан том эр.
Хүргэн Дэнзэнд хэрэг үүсгэх гэхээр хуулийн байгууллагууд зөрчилдөөд сүйд болдог гэсэн. Үүсгэнэ, үүсгэхгүй. Шалгана, шалгахгүй… гээд л. Ингээд бодохоор аргагүй том эр байгаа юм.
ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН “ХЭРЭГ”-ҮҮД
…ЗГХЭГ-ын дэд дарга болсон, давхар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан. Энэ хүнийг ямар боловсролтой, ямар шалгуураар төрийн өндөр албан тушаал хаших болсныг хэн ч мэддэггүй. Харин түүний талаар саяхан ажлаа өгсөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго өмнөөс нь ичиж үхмээр зүйлийг ярьсан байх юм.
Тэрээр “Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол замаас нь гаргаж, мөргөж унагаж чадахгүй л дээ. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл бол ямба биш ажил, хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд л Г.Дэнзэн гэдэг залуу “Би ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болно” гээд зарлаад явсан. Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн, математикч юм чинь арай өөрөөр сэтгэх байх, ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргаашаас нь эхлээд л ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг санал болгож эхэлсэн. Эндээс л бид хоёрын зөрчил эхэлсэн дээ. Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ “алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, “Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд “Би тэргүүн дэд дарга болохдоо л болно. Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа” хэмээн өгүүлснийг times.mn мэдээллийн сайт 2013 оны тавдугаар сард нийтэлсэн байна.
Мөн ЗГХЭГ-т ажилладаггүй О.Чинхүсэлийг, өөрийн ТУЗ-ийн даргаар ажилладаг “Эрдэнэс-Тавантолгой” ХХK-д ажилладаггүй Ц.Мөнхтогтох, Д.Лхагвадорж нарыг ажилладаг хэмээн хуурамчаар тодорхойлоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурсан гэж хардагдах болов.
Г.Дэнзэнгийн хувьд хуурамч тодорхойлолт хийсэн нь баримтаар харагдаж батлагджээ. Харин визээ авсан уу, аялсан уу гэдэг нь тодорхойгүй аж. Хэрэв явсан бол хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Нэгд Швейцарь болоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурахад нь Монголын ГХЯ оролцсон шинж харагдаж байгаа. Гадныхныг хуурсан бол Монгол Улсын ГХЯ-ыг Европын орнууд буруутгана. Харилцаагаа чангатгана. Дээр нь хуурамч бичиг баримт үйлдсэн Г.Дэнзэн тэргүүтэй хүмүүст дахиж Шенгений орнуудын виз олгохгүй байх магадлал өндөр гэнэ. Мөн эдгээр хүмүүс аялсан бол зардал нь хаанаас гарсан бэ гэдэг бас нэг асуудал үүснэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, Г.Дэнзэн эрх мэдлээ урвуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХХK-иас гаргуулсан байх магадлал өндөр гэнэ.
Бас дээр нь ЗГХЭГ-ын дэд дарга гадаад дахь байнгын төлөөлөгчийн газрыг шалгах эрхгүй юм байна. Мөн Швейцарийн Лугано хотод манай байнгын төлөөлөгчийн газар байдаггүй аж.
… “Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээлэлдээ 26 настай Г.Дэнзэнгийн ТУЗ-ийн даргаар томилогдсоноосоо хойш улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан талаар мэдээлсэн юм. Үүнд,
-Г.Дэнзэн 2012 онд өөрийн цалин гэж 16 мянган ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан
-Ш.Дэнзэнгийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэхээр болсон
-Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан “Говь повер” компани Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан зэрэг хэд хэдэн баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Г.Дэнзэн нь ТУЗ-ийн дарга болсныхоо дараа өөрийн эгч Г.Одонгэрэлийг Ханган нийлүүлэлтийн албанд ажилд оруулсан байна. Энэ нь бүхий л тендерийн асуудлыг зохицуулдаг аж.
Энэ мэтчилэн төрийн албыг төрлийн алба болгосон Г.Дэнзэн мэт хүмүүсээс эхлэн улсад хохирол учруулж, тэрбумаар нь мөнгө идэж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай байгааг онцлоод, бусад төрийн өмчийн байгууллагуудад ч гэсэн ийм зөрчил байгааг сануулсан юм.
2012.01.07
…Нэг сая төгрөгийн дүрмийн сан бүхий “Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан
2012.10.11
…“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Дэнзэнг томилов
2012. 10.11
…“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан
2012.12.25
…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан
2012.12.29
…“Эрдэнэс Таван толгой” ХК “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг амралтын өдөр зарлав.
2013.01.16
… Уянга гэдэг хүний үүсгэн байгуулсан “Говь повер” компани “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.
2013.04 сард
…Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов
2013.06.06
…Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав
2013.06.28
…АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав
2013.11.15
…“Говьповер” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан
2013.11.19
…“Говь-повер” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК хоорондоо эвлэрч “Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон
Улмаар
2013.11.28-нд 1.2 сая,
2013.12.13-нд 100.0. сая,
2013.12.27-нд 600.0 сая,
2014.01.03-нд 2.0 сая,
2014.01.16-нд дөрвөн удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг, нийт 4.688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулан авчээ.
2014.05.14
…УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдав
2014.11.04
…Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар байна. Энэхүү мэдээллийг https://www.facebook.com/galzuu.bichleg/posts/578934452212750 линкээр орж унших боломжтой юм байна лээ.
Үүнээс гадна www.mminfo.mn сайтад “…Яг одоо Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо “Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн аудитын шалгалтын дүн мэдээг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн талаар хаалттай мэдээлэл сонссон юм.
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад тус компанид хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь 2014 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 840 тэрбум өртэй гэсэн мэдээлэл гарчээ. Харин тус компанийн удирдлагууд 550 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тайлбар өгсөн нь гишүүдийг багагүй эргэлзүүлэв. Ямар шалтгаанаар хоёр өөр мэдээлэл өгөөд байгааг УИХ-ын гишүүд тодруулахад гуравдугаар улирлаас хойш өр нь төлөгдсөн байж магадгүй. Бид дөрөвдүгээр улирал 2015 оны эхний улирлын тайлан дүн мэдээг гаргаж амжаагүй байна гэсэн хариултыг А.Зангад аудитор өгсөн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой эртнээс яригдсан нэг асуудал нь ТУЗ-ийн гишүүдийн цалин байсан юм. Төрийн өмчит компани гэх атлаа дааж давшгүй өртэй болчихсон тэгсэн атлаа ТУЗ-ийн дарга нь зургаан сая, гишүүд нь 1.5 сая төгрөгийн цалин авдаг асуудлыг тайлбарлаж өгөхийг хүссэн ч тэд хариултаас бултаж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүд ТУЗ-ийн дарга нь хэн бэ гэдгийг удаа дараа асуусан нь хэн нь ч хариулаагүй төдийгүй УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бараг л загнаж байж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийн охины нөхөр гэгдэх Г.Дэнзэн болохыг хэлүүлж чадсан юм.
Ийнхүү Г.Дэнзэн гэх ТУЗ-ийн дарга байхдаа сар бүр зургаан сая төгрөг төрөөс зүгээр л аваад сууж байдаг, тэгсэн атлаа компани нь дампуурлын ирмэгт ирчихсэн гэдгийг гишүүд олж сонссон юм” гэж 2015 оны нэгдүгээр сард бичжээ.
МАН-ын хуульч Б.Энхбаяр @Enkhbayar_bat хаягтай твиттерээрээ “…Өнөөх хүргэн хүү Г.Дэнзэн 17 тэрбумынхаа тендерийг цуцалсны хохирол гээд юу ч хийгээгvй байж 4.8 тэрбумыг “Эрдэнэс Тавантолгой” компанаас гаргуулаад авчихаж?!” гэж байв.
ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН ХАРИУЛТ
Тэрээр 2013 оны дөрөвдүгээр сард дээрх мэдээллүүдэд хариу болгон “…Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Говь повер” гэдэг компани надад болон манай гэр бүлийн хүнд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. “Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийгээд ирэхээр олон хүний эрх ашиг зөрчигдөөд байгаа юм билээ. 17 тэрбум төгрөгийн тендер гээд зохиомол зүйл гаргаад ирсэн. Шударга байсныхаа төлөө ингэж доромжлуулах ёстой юм байлгүй дээ. ТУЗ-ийн дарга компанийнхаа гүйцэтгэх болон дэд захирлыг томилж, чөлөөлж, хяналт тавьж ажилладаг. “Эрдэнэс Тавантолгой”-д явагдаж буй тендер, гэрээ хэлцлүүд гүйцэтгэх захирал болон санхүүгийнхний хийдэг ажил. ЗГХЭГ-ын дэд дарга учраас тендер мэтийн зүйлд оролцох үндэслэл надад байхгүй. …“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ тухайн компанийнхаа төсвийг баталдаг, гүйцэтгэх болон дэд захирлыг томилдог, жилд хоёр удаа хувь нийлүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнадаг юм. Тус компанийн санхүүгийн тайланг авч үзэхэд маш олон зөрчил илэрсэн. Энгийн жишээ хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” дөрвөн дэд захиралтай, хоёр нь гадаад. Энэ хоёр хүнтэй хийсэн гэрээг судалж үзэхэд нэг гадаад захиралд нь жилд 500 сая төгрөгийн цалин өгч, 4000 ам.долларын түрээсийн байранд амьдруулдаг байсан юм билээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр Харвардын их сургуулийн магистрантурт сурдаг байж. Тэр хүн өөрөө ч хувийн ашиг сонирхлын зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, хувийн компанид ажилладаг хэр нь тэр компанитайгаа гэрээ хийсэн байсан. Бүх гэрээ, баримт нь надад бий. Тиймээс энэ хүнийг би ажлаас нь халсан. Нөгөө нэг гадаад дэд захирлыг нь ч халаад байгаа. Тэдэнд “Эрдэнэс Тавантолгой”-г бэхжүүлэхийн төлөө хийсэн зүйл байгаагүй. Хийсэн ажлынхаа тайланг бичээд ир гэхэд гурван хуудас цаас л өгөх жишээтэй. Тэднийг ажлаас халсны дараа удирдлагын зардал 65 хувиар буурсан. .
…Би Ш.Солонго даргыг хүндэлдэг. Бид хоёр өмнөх дөрвөн жил хамтарч ажилласан. Тэр хүнээс надад сурсан зүйл их бий. Би тэр хүний ажлыг авна гэж огт бодоогүй, хэлж, ярьж ч байгаагүй. Бид хоёрын нэг нь бодлого зохицуулалт хууль, нөгөө нь орон нутаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг байсан. Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зөрчлүүд гарсан. Тухайлбал, гишүүд нь 90 сая төгрөгийн ашиг, 15 сая төгрөгийн урамшуулал авсан байх жишээтэй. Мөн өмнөх Сангийн болон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар орон сууцны дэмжлэг хэлбэрээр жилийн 9.6 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай амины орон сууцны зээлийг тус банкнаас авсан байсан. Энэ хэргүүд тантай холбоотой юм байна гэдгийг Ш.Солонго даргад хэлсэн. Түүнээс хойш Ш.Солонго надад их дургүй болсон. Төрийн албан хаагчид 500-700 мянган төгрөгийн цалин авч байхад дарга нар нь урамшуулал гэж өч төчнөөн сая төгрөг авч байна шүү дээ. Энэ шударга явдал биш шүү дээ” гэсэн.
ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН ЗАХИА
Хүргэн Дэнзэн өдгөө Германд байгаа. Энэ сарын 2-нд ирнэ гэсэн ч сураг нь гарсангүй. Үүнтэй зэрэгцэн АТГ-аас хүргэн Дэнзэнгийн хэргийг тусгайлан шалгана гэсэн мэдээлэл гарсан. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлж хүргэн Дэнзэнд мөнгө гаргаж өгсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь хоригдсоор л байгаа. Харин хүргэн Дэнзэн би буруугүй гэдэг үгээ дахин хэлсээр сууна. Ингэхдээ Германаас захидал илгээсэн байв. Захидалд “Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй, ээлжит гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зориудаар нийтэд түгээж буйг залруулахын тулд уг ил захидлыг бичиж байгааг минь ойлгон хүлээн авна уу.
Намайг чиглэсэн олон удаагийн гүтгэлэг нь эхэндээ улс төрийн зорилготой байсан бол одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна. Харин үнэн зүйлийг хэлж ярьсан нь хэлмэгддэг болсон энэ нийгэмд цаашид хэрхэхийг би мэдэхгүй.
Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сургалтад сууж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно. Эх орондоо байхгүй байгааг минь ашиглан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг зориудаар тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Г.Дэнзэн” гэсэн юм. Захидал тойрсон элдэв яриа таамгууд хэсэг шуугиад чимээгүй болсон. Харин одоо мань Дэнзэн алга. Монголд ирээгүй л байна.
ХҮРГЭН ДЭНЗЭН ГЭЖ ХЭН БЭ?
Галсангийн Дэнзэн. 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төржээ. Аав нь багш, ээж нь эмч ажээ. Тэрээр Замын-Үүдэд дунд сургуулиа төгссөн байна. МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд НХХЯ-нд мэргэжилтэн, МУИС-ийн Математик компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажилласан. Улмаар Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан гэх намтартай.
Мөн “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Төрийн банкны ТУЗ болон ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хөөрхөн хүүхдэд төрийн жолоо атгуулж байхад нь бодож л явлаа ийм юм болно доо гэж. Тэр Я.Батсуурийг одоо сулла. Нотлож чадахгүй бол хорихоо боль, шүүхэд хурдхан шилжүүл