“ОТ”-н гэрээнд өөрчлөлт оруулах нь Монголын талд ашиггүй

14297472965538366007561

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж Оюутолгойн асуудлыг хэлэлцлээ гэх яриа сүүлийн өдрүүдэд шуугиан тарих боллоо.

Тодруулбал, Оюутолгой компани, Монголын татварын албаны дундах 30 сая долларын маргааныг хүчингүйд тооцохоор тохирсон гэнэ. Анх уг маргаан 130 сая доллар төлөх ёстой гэж гарч байсан бөгөөд татварын маргаан шийдвэрлэх алба хэлэлцээд 30 сая доллар болгосон. Мөн хөрөнгө оруулагчид Оюутолгойн ил уурхайн анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум доллараар хэтрүүлсэн, үүнийгээ тайлбарлах ёстой гэдэг зүйлийг ярьдаг. Эдгээрийн буюу анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлыг ч мөн хүчингүй болгож “Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зуруулахаар шийдвэрлэжээ.

Энэ бол өнгөрсөн жилүүдэд Рио Тинто болон манай талуудын маргаж ирсэн мөнгөн дүнгийн асуудлууд. Хэрвээ үнэхээр “Эвлэрлийн гэрээ” гэгч зүйл байгуулагдвал муу хийгдсэн гэж чичлүүлж ирсэн С.Баярцогтын гэрээнээс ч тааруу үр дүн амсах болно.

Тэр ч утгаараа энэ асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар хүчтэй эсэргүүцсэн байна.

Магадгүй энэ үйлдэл нь гадны хөрөнгө оруулагчид татвараа төлөхгүй байж болдог, зардлаа хэтрүүлсэн ч ямар нэгэн хариуцлагагүй бултаж гарах боломжтой гэх муу жишгийг эхлүүлэх төлөвтэй.

Ямартаа ч Рио Тинтод найр тавьж бууж өгөхөөр шийдсэн нь нийт монголчуудын эрх ашгийг зөрчсөн зүйл боллоо хэмээн учир мэдэх эрхмүүд үзэж байна. Хэрвээ гэрээг шинэчилж асуудлыг ийнхүү шийдэх юм бол бидний хүсэн хүлээсэн эдийн засгийн өсөлт орж ирэх нь юу л бол.

Үүнийг хүлээн зөвшөөрч “Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ. Уул уурхайн дэд сайд энэ талаараа тайлбарлахдаа “Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээрээр ийм зарчмыг мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” хэмээжээ.

Оюутолгой бол биднийг хэдэн арван жилээр элбэг хангалуун байлгах нөөцтэй том орд. Гадныхан хэзээд өөрийн эрх ашгийг бодсон шийдвэр гаргуулахыг хичээх нь ойлгомжтой. Тиймээс манайхан аливаа асуудалд хянамгай хандах нь зүйтэй болов уу.

Г.Бат


URL:

Сэтгэгдэл бичих