Энерги засалч Г.Бөхбат: Би ямар ч өвчнийг оношилж чаддаг, хувилгааны үргэлжлэл

nuur_zurag

Мөнх дээд элчис” НҮТББ-ын бариач, энерги засалч Г.Бөхбат онлайнаар хүмүүсийн зургийг харж өвчнийг нь оношилно гэсэн нь бидний сонирхлыг татлаа. Түүнтэй уулзахад  фэйсбүүк хуудаст нь онлайнаар үзүүлэх гэсэн цөөнгүй хүн зургаа явуулжээ. Онлайнаар харахад хүний нүд тод гарсан нүүрний зураг хэрэгтэй байдаг гэлээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

- Та хэзээнээс эхэлж хүмүүст бариа засал хийж эхлэсэн бэ?

- Бариа засал хийгээд хоёр, гурван жил болж байна.

- Тань дээр бариа засал хийлгэж байгаа хүмүүсийн эдгэрэлт ямар байдаг вэ?

- Ерөнхийдөө бариа засал хийж байгаа хүний өвчнийг  60-90 хувийн гүйцэтгэлтэйгээр эдгээдэг. Энд тухайн хүний сүжиг, тухайн өвчний нөхцөл байдал хамаардаг. Ер нь өвчин бүрэн эдгэдэггүй.

- Ямар ч өвчтэй хүн байсан тань дээр сүсэглээд ирвэл та барьж өгөөд эмчилж чадах уу?

- Өвчинд болохгүй зүйл гэж бас байдаг. Энэ бол гурван шалтгаантай. Үүнд тэнгэрийн татлага гэж зүйл байдаг. Энэ нь тухайн хүний нас нь болсон гэсэн үг. Хоёрдугаарт лус савдаг их томоор хилэгнүүлсэн. Гуравдугаарт тухайн хүний муу үйлийн үр . Тэнгэрээс үйлийн үрээ заавал эдлэх ёстой байдаг учраас иймэрхүү шалтгаануудад бариа хийж болдоггүй. Энэ зүйлээс бусад тохиолдолд тухайн хүн өөрөө сүжиглэж байвал бариа хийж эмчлэгдэх боломжтой. Хүмүүс ганц өвчин оношлуулах гэж маш их цаг зав, мөнгөө бардаг. Миний онцлог бол хүн бүрт өвчнийх нь оношлогоог үнэгүй хийх. Би бүх өвчнийг үнэгүй оношлоод өгөх боломжтой.

- Та ямар хүчээр, ямар аргаар бариа засал хийдэг вэ?

- Би өөрөө энергийн бариач. Энэ нь энергээр төөнөж барина гэсэн үг. Хүний муу өвчнийг сорж аваад зөрүүлээд эерэг энерги хийнэ гэсэн үг.

- Бариа заслын эмчилгээ олон төрөл байдаг. Таны хийж байгаа эмчилгээ алт төрөлд нь багтах вэ?

- Миний эмчилгээ аль ч төрөлд багтахгүй. Би зөвхөн далд увдисаараа эмчилгээ хийдэг. Би бусдын биеэс авсан муу зүйлийг биеэрээ дамжуулаад байгаль, тэнгэрлүү явуулдаг. Энэ дамжлагыг хийдэг би чадвартай хүн. Түүнээс биш би ямар нэгэн зүйлийг судалцсан урсгал биш. Би хувилгааны үргэлжлэл дараа төрөл нь.

- Ямар нэг өвчтэй хүнийг та хараад эдгэнэ, эдгэхгүй гэж шууд хэлж чадах уу?

- Бүх өвчнийг би эхлээд оношилж өгдөг. Тухайн өвчин хэр хэмжээтэй байгааг би өөрөө хардаг. Тиймээс тухайн өвчний их бага хэмжээнээс шалтгаалж хэдэн өдөр барьж болох уу гэдэгээ би хэлдэг.

- Дээр дурдсан гурван шалтгаанаар өвчтөнд бариа хийх боломжгүй гэсэн. Ийм шалтгаантай хүн тань дээр ирвэл та тэрийг нь хэлж өгч болох уу?

- Тэгж хэлж өгч болно.

- Онлайнаар хүмүүсийн өвчинг оношилж өгнө гэсэн байсан. Энэ боломжтой зүйл үү?

- Би хүний нүднээс мэдээлэл авдаг. Хүний зургийг чадвараараа хараад дээрээс нь доошоо бүх өвчинг хэлж өгнө.

- Бариа засал хийх чадварыг та яг хаанаас эзэмшсэн бэ?

- Надад багш гэж байдаггүй. Би ном сонин уншаад сүрхий судалсан хүн биш. Миний ааваас дээшхи ес дэх үед хувилгаан хүн байсан. Би чадвараа мэдээд хоёр гурван жил болж байна. Өөрийнхөө зөнгөөр хөгжиж байна. Бариа засал бол миний нэгхэн төрлийн чадвар. Би өөр олон төрлийн чадвартай.

- Бариа заслын хувьд төлбөр мөнгө нь ямар байдаг вэ?

- Бариа заслын хувьд үнэ төлбөртэй байдаг. Тухайн хүний өвчнөөс болон хэдэн удаа бариулахаас үнэ төлбөр хамаардаг. Дунджаар нэг хүнийг 30000 төгрөгөөр барина. Зарим нөхцөл байдал буюу тухайн хүн үнэхээр боломжгүй тохиолдолд сүжгээрээ өгч болдог.

- Та бусад чадварынхаа талаар ярихгүй юу?

- Би өөрөө үзэж хардаг. Сүнс чөтгөрийг хөөж зайлуулдаг. Миний хувьд “Мөнх дээд элчис” ТББ-ийн бариач, энерги засалч гэсэн тодотголтой явж байгаа. Манай ТББ-д “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт орж байсан Хосбаяр, Дашдорж, бариач Ганпүрэв гэх цөөхөн хэдэн хүмүүс байдаг.

- Та ямар мэргэжилтэй, аль нутгийн хүн бэ?

- Би ховд аймгийн хүн. ШУТИС-ын Барилгын сургуульд сантехникийн чиглэлээр суралцдаг. Одоогоор жилийн чөлөө авсан байгаа.

- Гурван жилийн өмнө чадвараа мэдсэн гэсэн. Анх яаж өөрийгөө ийм чадвартай гэдгийг мэдсэн бэ?

- Миний хувьд тав, зургаан жил хувиараа сэтгэлзүйч хийдэг байлаа. Тэгээд сүүлдээ зөвлөгөө өгч байгаа хүнийхээ мэдээллийг хэлдэг болсон. Ингэхдээ нөгөө хүн маань ч гайхаж би өөрөө гайхаж эхлэсэн. Иймэрхүү байдлаар мэдэж эхлэсэн дээ.

- Зөн билэг гэж яг юу вэ?

- Зөн билэг гэдэг чинь энэ их олон чадваруудын үзэж харах төрөл нь. Хүнийг үзэж харах л төрөл нь Зөн билэг юм. Бариач гэдэг өөр, энергич гэдэг ч өөр.

- Та бариа засал хийж эхлэснээс хойш нийт хичнээн хүнд бариа засал хийсэн бэ? Үүний үр дүн ямар байв?

- Барьж байгаа хүнээ би тоолоод байдаггүй. Мэдээж би сайн үйлийн үр хийж байгаа учраас үүнийг тэнгэр тоолж байгаа гэж боддог. Би аль болох чадахаараа төрөл бүрээр тусладаг.  Боломжгүй хүнээ барих дургүй . Дээр дурдсан гурван шалтгаантай хүнийг ерөнхийдөө барихгүй. Үүнийг өөрийнхөө зөнгөөр мэдэрдэг. Миний барьсан хүн болгон ерөнхийдөө 60-90 хувийн гүйцэтгэлтэй  эдгэдэг.  Өвчин бол бүрэн эдгэнэ гэж байхгүй ужиг нь заавал үлддэг шүү дээ.

-Хамгийн удаандаа нэг хүнийг хэдэн өдөр барьж байсан бэ?

- Нэг хүнд өвчтөнийг хорь гаруй хоног барьж байсан.

- Бариа хийхдээ та тухайн хүний өвчнийг өөр дээрээ яаж мэдэрдэг вэ?

- Энерги болгон өөр байдаг. Тухайлбал цээж хорсдог хүний цээжэн дээр гараа тавихад гарын алга баг зэргийн хорсох жишээний, ходоод хатгуулдаг бол миний гарлуу хатгах, толгойны даралт миний гар руу бамбалзаж төөнөх гэх мэт мэдрэмжүүд байдаг.

- Таны  эдгээж байсан хүмүүсийн дотор хамгийн хүнд өвчтэй нь ямар хүн байв? Хавдартай хүмүүсийг хэрхэн эмчилж байсан бэ?

- Хүнд өвчин гэхээр хорт хавдар, саажилт, харвалт, нугасны гэмтэл гэх зэрэг ордог. Би одоогоор гурван саажилттай хүүхдийг нэг хорт хавдартай хүнийг өдөр болгон  барьж байгаа. Би хамгийн анх долоон настай саажилттай хүүхэд барьсан. Өдөр болгон бариа хийдэг байсан. Тэр хүүхэд ямар ч үг хэлж чаддаггүй, үе мөч нь байнгын таталттай. Бариа хийлгэснээс хойш дөрөв, таван үг хэлдэг болоод, үе мөч нь сулраад, ганцхан дээшээ хардаг байсан бол эргэж хөрвөөдөг болсон. Оюун ухааны хувьд ч өөрчлөгдсөн. Энэ миний сэтгэлд их хүрсэн. Би өөрөө тэр хүүхдийг өрөвдөөд гэрт нь орж бариа хийдэг байсан юм. Монголд саажилттай хүүхдийг дээрдүүлдэг эмнэлэг, бариач ч байдаггүй юм билээ. Тэр байтгуай гадаадад  очоод нэмэргүй байсан хүүхэд юм билээ. Японд хоёр жил, солонгост хоёр жил, монголд нэг жил эмчлүүлээд нийтдээ таван жил эмнэлэгээр явсан хүүхэд.

- Энэ хүүхдийг барихад хэдий хэр хугацаа шаардсан бэ?

- Долоо найман удаа л барьсан. Энэ мэдээж бага тоо. Магадгүй цаашаа бариад байсан бол илүү дээрдэх байсан. Гэтэл амьдралын шаардлагаар хүүхдийн гэр бүл  Эрдэнэт рүү явсан. Хэзээ нэг өдөр тэр хүүхэдтэй таарна гэж боддог.

- Энерги гэж хүмүүс маш ихээр ярьдаг. Бидний хувьд яаж энергээ сайжруулах ёстой вэ? Яахаар хүний энерги дордоод байдаг юм бол?

- Энергийг удирддаг хамгийн том зүйл байдаг. Энэ бол өөрийн тань бодол. Өөрийн бодол эерэг хүчтэй, зоригтой, өөртэй итгэлтэй байдлыг цогцлоож чадвал энергийг удирдаж болдог. Гадны нөлөөлөл орох тохиолдол маш бага хувьтай. Энергийн 70-80 хувийг хүний бодол удирддаг. Хүн бодлоо цэгцэлж чадвал гадны нөлөөлөлд өртөхгүй өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Тэгэхээр бодлоос энерги хамаарна. Энергээс бүх зүйл хамаарна. Өвчин, ажил үйлс гэх мэт. Энерги дотор хүний мэдээлэл хадгалагдаж байдаг.

- Үйлийн үр гэж юуг хэлээд байдаг юм бэ?

Үйлийн үр гэдэг нь тухайн хүний бодлоороо сэтгэлээрээ үйлдсэн муу нүгэл. Хүн бодлоороо хүртэл муу нүгэл үйлддэг. Зөвхөн үйлдлээрээ гэж ойлгодог. Муу зүйл бодох тоолонд муу үйлийн үр хэрэгжиж байдаг.

- Үйлийн үр яахаар үр хүүхдэд нь тусаад байдаг юм?

- Тухайн хүн үйлийн үрээсээ зугатаад  үхчихдэг ч юмуу ийм тохиолдолд үр хүүхдийг нь үйлийн үр  зовоодог. Энэ нь тэнгэрийн зохицуулалт. Үйлийн үрийг хариуцаж, бидний бурхан гээд байгаа зүйл бол тэнгэрт байгаа бидний өвөг дээдэс. Бид нарын бодол санаа, хийж байгаа үйлдэл, алхам бүрийг хараад хянаад үйлийн үрийг нь зохицуулж байдаг.

- Бөөгийн шашин гэхээр хүмүүс их сөргөөр хүлээж авдаг болсон байна. Яг бөөгийн шашин гэж юу юм? Та яагаад энэ шашинд итгэдэг юм?

- Миний шашны ойлголт ганцхан бөөгөөр дагнадаггүй. Ерөнхийдөө бүх шашинд эрх тэгш ханддаг. Бүх шашинд сайн муу талууд байдаг. Хүн хамгийн гол нь сайн талыг нь олж харах хэрэгтэй. Болж бүтэхгүй луйвардаж байгаа бөө нар зөндөө байгаа энэний хажуугаар лам нар ч муу хэлэгддэг. Мөн Есүсийн шашинтай баахан хүмүүс амиа хорлох зэрэг үзэгдлүүд гардаг. Энэ бүгдээс харахад бүх шашин эерэг сөрөг хоёр талтай. Хүн ямар ч шашин шүтэж болно. Тухайн шашны хэрэгтэй зүйлийг олж харах нь чухал байдаг.

- Тань дээр өдөрт хэдэн хүн ирж үйлчлүүлж байна. Таныг залуу хүн болохоор үйлчлүүлж байгаа хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

- Залуу хүн гээд надад чадваргүй гэж ханддаггүй. Яагаад гэвэл би хүрч ирэнгүүт нь бүх өвчнийг эхлэлээс нь төгсгөл хүртэл, тэр байтугай эмч нарын хэлж чадаагүй зүйлийг хэлж чаддаг. Тухайлбал савны даралт, бөөрний даралт , голын хий гэж эмч нар олигтой мэдэхгүй. Хоолойны ангень, бамбай хоёрыг хэмжээ нь томроогүй л бол зүгээр гэж эмч нар ойлгодог. Гэтэл энэ нь өөрөө даавар ялгаруулж байдаг. Эмч нарын мэдэхгүй олон зүйл байдаг. Нуруу чилэхийг гол нугастай холбож авч үздэг. Гэтэл энэ нь доторхи эд эрхтэнээсээ болдог. Өвчний шалтгаануудыг би төгс хэлээд өгчихөөр итгэхгүй байхын аргагүй болдог. Үүнд миний нас ердөөсөө хамаагүй.

- Та хөдөө орон нутгаар явж бариа засал хийдэг үү?

- Тийм. Саяхан  нилээд хэдэн удаа хөдөө орон нутгаар явсан. Өмнөговь руу хоёр ч удаа яваад ирсэн. Дундговь, Сэлэнгийн Зүүн хараа гэх газруудаар явсан. Удахгүй өөр газруудаар явна.

-Танай ТББ ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

- Манай төрийн бус байгууллага ерөнхийдөө буяны үйлж ажиллагаа явуулдаг. Бөө нар болон чадвартай улсууд хүмүүсээ үзэж харна. Бариа засалч, энерги засалч нар хоорондоо хоршиж лус , савдагийг хилэгнүүлсэн байлаа гэхэд түүнийг нь аргалж өвчнийг нь барьдаг. Манай бөө нарын давуу тал гэвэл хүмүүсийг сүжгээр нь үздэг. Ямар ч хүн очоод боломжоороо өгөөд үзүүлдэг.

- Тань дээр бариа засал хийлгэе гэвэл нээлттэй юу?

Нээлттэй. Би бас хүнээ харна. Зарим хүн жоохон сүжиггүй ханддаг. Дээр дурдсан гурван том шалтгаан болон , сүжиг муутай байвал би барих дургүй. Ядаж сүжиггүй хүнд бариа хийх чинь урамгүй. Сүжиггүй болохоор эмчилгээний үр дүн ч бага хувьтай гардаг. Үнэхээр сүжиглээд хүрээд ирвэл боломжгүй байсан ч бариулж болно. Ямар ч байсан би одоогоор багаас нь дээд хүртэл бүх өвчнийг барина. Хамгийн гол нь миний зав чөлөөг асууж байгаад ирэх хэрэгтэй. Нэг хүнийг барихад хоёр гурван цаг болдог учраас олон бариа өдөрт олон бариа хийгээд байдаггүй.  Нэг хүнээ чанартай барихыг боддог. Гадуур маш олон хүнийг суулгачихаад бага хугацаанд барьдаг. Ерөнхийдөө гурилдах төдий барьдаг хүмүүс байдаг. Дутуу дулимаг хийдэг зүйлд би дургүй.

- Ярилцсанд баярлалаа.                                                                                    

зиндаа.мн


URL:

Нэр: Зочин Огноо: 23 April 2015

Энэ хүнтэй яаж холбоо барих вэ

Сэтгэгдэл бичих