Шилийн богдоо шил лаазаар бузарлах болжээ

Эрхгүй ингэж дуу алдахаар байдал Шилийн богдод үүсээд байна. Шилийн богдод л гарч гэмээнэ хийморь лүндаа сэргэнэ хэмээн итгэж зорьдог хүмүүс маань шүтээн уулаа архины шил, сүүний лаазаар дүүргэсэн харамсмаар дүр зургийг Дарьганга нутгийн хүү, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гэрэл зургийн хальснаа буулгажээ.  Идээ цагааны дээж хэмээн хэдэн зуун бээрийн алсаас тээж тээвэрлэж очсон сүү, архиа өргөчихөөд шил, савыг нь буцаан авч яваад хогийн цэгт хаячих сэтгэлгүй шүтэн бишрэгчид гэж байх уу. Хангай дэлхийгээ ингэж шүтэж, ажил үйлээ даатгадаг ёсон бий бил үү. Нутгийн иргэд энэхүү бусармаг үйлд тун ч сэтгэл дундуур байна. Тэдний нэг яруу найрагч Г.Мэнд-Ооёо өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.

-Шилийн Богд ууланд зорчигсод дэг замбараагаа алджээ. Өнгөрсөн цагаан сарын шинэдээр Шилийн ууланд гарч цог хийморио сэргээхээр давхилдагсаын ууланд өргөсөн идээ боов, хог новш болон хөглөрч, уусан архины шил, цацсан сүүний савууд овоог овоо биш болгоод буян сүсэг биш бузар буртгаар онгон байгалиа сүйтгээд буцсаны ул мөр элэг эмтэрмээр. Зарим хүн цагаан сарынхаа есөн үе идээний боовыг тэр чигээр нь авчирч тавьсан гэнэ. Нутгийнхан машины тэвш тэвшээр нь ачаад ч цэвэрлэж дийлэхгүй байгаа бололтой. ” ӨРГӨЛ БАГАДДАГГҮЙ, НЭГ ШИРХЭГ АРВАЙ ТЭНГЭРТ ШАР ҮХРИЙН ЧИНЭЭ ХАРАГДДАГ гэсэн” гэж ЭЭЖ минь хэлдэг сэн… Гэртээ идэхгүй цамаархсан идээгээ ууландаа авчирч хаядаг цатгалан ихэс олон болоо юу даа…?

Уулын царам руу машинтайгаа давхиж ороод хад чулууг нь хөлгийнхөө аржгар дугуйгаар онги татан дээш авирч оройд нь гарсан мөр харагдана. Нэрээ мөнхлэх гэж бяруун чинээ чулуунд баахан юм сийлээд өргөгч кранаар аваачих тавьсан нь ч байж л байна. Юу гэгч болж байна вэ? Таминь! Амьдрал дээшилсний ааг омог уу? Аль эсхүл араатан зэрлэг шинжиндээ буцаж байгаагийнх уу?… хэмээн сэтгэл өвтгөн бичжээ.

Үнэхээр ингэж шүтэх гэж байх уу, хүмүүс ээ. Онгод хийморио овоолоостой хогондоо даатгаад байхаар бид хэрхэн өөдлөх билээ. Ядаж л шүтээн уулаа хогноос ангид байлгахсан.

Шилийн богд цагаан сарын дараа

 

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих