Сайд нарын “авдар”-ыг ухахуйд…
Энэ засаг Ерөнхий сайдтайгаа нийлбэл 18 сайдтай. Тэдний тал нь УИХ-ын гишүүн. Гаднаас 50 хувь нь засагт ажиллаж байна гэсэн үг. Давхар дээлтнүүдийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг өмнө нь хураангуйлсан тул энд орхив.
ШАДАР САЙД ХАДГАЛАМЖААРАА АМЬДАРДАГ
Шадар сайд У.Хүрэлсүх ойрын жилүүдэд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байж байгаад өнгөрсөн онд өгчээ. 2008 оноос намынхаа генсекээр ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүн болсон. У.Хүрэлсүх 2014 онд 132.5 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийнх нь жилийн орлого 23.5 сая төгрөг байж. Тэрээр нэг орон сууц, бас нэг барилгатай. Тэдгээрийн үнэлгээ нь 162.5 сая төгрөг болно. Унааны хувьд Lexus-570, Mercedes benz ML320, Harley Davidson мотоцикльтой. Нийлүүлээд бодохоор 284.1 сая төгрөгийн өртөгтэй болдог ажээ. Мөн түүнд 100 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл бий. Харин амьжиргааны гол орлого нь хадгаламж бололтой. Учир нь У.Хүрэлсүх банкинд 1.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Энэ мөнгөний хүүгээр хангалуухан амьдарчихна гэсэн үг. Тэрээр ганц ч малгүй, ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Ер нь л илүү дутуу орлого энэ тэргүй амьдардаг ажээ. Түүний хөрөнгийг багцаалбал 2.3 тэрбум төгрөг болж байна.
Д.ДОРЛИГЖАВЫН ХӨРӨНГӨ 60 САЯАР ӨСЧЭЭ
Хууль зүйн сайд Д.Дорлигжав засагт бол шинэхэн гишүүн. Гэхдээ Ерөнхий прокурор байсны хувьд хөрөнгө орлогоо мэдүүлж байсан туршлагатай. 2014 онд өөрөө 24.5 сая, гэр бүл нь 118.5 сая төгрөг олжээ. Хоёр орон сууцтай. Үйлдвэрлэл үйлчилгээний болон бусад зориулалтын дахин хоёр барилгатай. Эднийх нь үнэ 770.3 сая төгрөг болдог. Харин ганцхан машинтай. Тэр нь Mercedes benz гэж байна. Үнэ нь 94.7 сая төгрөг. Мөн 50 хонь, 28 адуутай. Малаа 7.1 сая төгрөгөөр үнэлсэн. Бас хадгаламжтай. Хадгаламжид нь 177.5 сая төгрөг бий. Д.Дорлигжав сайдын хувьд долоон компанийн хувь эзэмшдэг. Үүнийгээ 402.1 сая төгрөгөөр үнэлжээ. Ингээд бодвол Хууль зүйн сайд маань 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж таарна. Өмнө оныхтой нь харьцуулбал гэр бүлийнх нь орлого 11 сая төгрөгөөр буурсан байна. Өөрийнх нь ч бас нэг саяар буурчээ. Харин хадгаламж нь 73 орчим сая төгрөгөөр өссөн байна. Бусад нь хэвээрээ, бүр мал нь ч гэсэн ямар ч хөдөлгөөн алга. Ингэхээр мань хүний хөрөнгө 2014 гэхэд нэг жилийн дотор 60 сая төгрөгөөр өссөн гэсэн үг.
ХАМГИЙН “ДАРУУХАН” ХӨРӨНГӨТЭЙ НЬ ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг бас л “анх” удаа хөрөнгөө мэдүүлж байгаа. 2012 оны сонгуулиар бараг л гишүүн болчихсон ч Өвөрхангай нутгийнх нь АН-ын нөхдүүд суудлыг нь булаачихсан гэдэг. Харин өмнө нь олон жил дэд сайдаар нь ажилласан салбартаа “жинхэлж” ирсэн. 2014 онд С.Чинзориг сайд 24.6 сая төгрөгийн орлоготой байжээ. Гэр бүл нь 32.1 сая төгрөг олсон байна. Тэрээр нэг орон сууцтай, бас нэг барилгатай. Эдгээрийнх нь үнэ 91 сая төгрөг болдог. 25 саяын үнэтэй Wolkswagen Touareg гэдэг машинтай. Харин овоо малтай ажээ. 130 хонь, 30 адуутай юм байна. Эднийгээ 18.5 сая төгрөгөөр үнэлсэн байна. За тэгээд 16 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Ямар нэг хувьцаа алга. Хөдөлмөрийн сайдын мэдүүлсэн хөрөнгийг “тоолбол” 154.1 сая төгрөг болох нээ.
ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМГИЙН БАЯН САЙД Н.ТӨМӨРХҮҮ
“Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү Зам тээврийн сайд болоод хэдэн сарын нүүр үзэж байгаа. Яахын аргагүй энэ засгийн хамгийн баян сайд байж таарах эрхэм. 2014 онд энэ хүний орлого 2.9 тэрбум төгрөг байжээ. Гэр бүлийнх нь орлого 305.7 сая төгрөг байсан байна. 17 орон сууцтай. Эрхэм гишүүд дунд ч ийм олон байртай хүн байхгүй. Таван ширхэг барилга, байгууламжтай. Нийт үнэ нь 2.9 тэрбум төгрөг болж байна. Бас долоон машинтай. Машинууд нь 516.5 сая төгрөгийн үнэтэй. 13 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 24.4 саяын хадгаламжтай. Нийтдээ 13 компанийн хувьцаа эзэмшдэг. Тэдгээр нь 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг гэж АТГ-т мэдүүлсэн байна. Зам тээврийн сайдын хөрөнгө 4.6 тэрбум төгрөг болж байна.
Р.ЖИГЖИД САЙД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга байж байгаад Шийдлийн Засгийн газарт сайдаар жинхэлсэн эрхэм бол Р.Жигжид. Түүний орлого 2014 онд 51.1 сая төгрөг байжээ. Харин гэр бүлийнхэн нь 55.2 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Түүнд орон сууц хоёр, барилга байгууламж нэг бий. Үнэ нь 387 сая төгрөг. Mercedes benz С200 машинтай. Машинаа 10 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн Р.Жигжид сайдад хурдан удмын адуу дөрөв, адуу хоёр, сайн үүлдрийн үхэр 20 байгаа. Бас хоёр нохойтой. Эднийгээ 34 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн үнэт эдлэлээ 45 сая төгрөгөөр үнэлж. Хадгаламждаа 17.4 сая төгрөг байгаа гэжээ. Түүний хөрөнгө 493.5 сая төгрөг болж байна. Тэрээр ямар нэг компанийн хувь эзэмшдэггүй ажээ.
ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ БАС НЭГ САЙД
Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Г.Шийлэгдамба өнгөрсөн онд 11.1 сая, гэр бүл нь 20.0 сая төгрөгийн орлоготой байжээ. Тэрээр орон сууц нэг, үйлдвэр худалдааны чиглэлийн барилга байгууламж нэг, бас нэг барилгатай юм байна. Үнэлгээг нь 700 сая гэжээ. Хоёр машинтай, түүнийгээ 55 саяар үнэлсэн. 12 адуу, 120 хонь, 80 ямаа, таван үхэртэй. Малаа 20.1 саяар үнэлсэн аж. 40 саяын үнэт эдлэл, 5.7 сая төгрөгийн хадгаламжтай. Ямар нэг хувьцаа эзэмшдэггүй юм байна. Г.Шийлэгдамба сайдын хөрөнгийг “жинлэвэл” 820.9 сая төгрөг болж байна.
УДААХ БАЯН САЙД Д.ЦОГТБААТАР
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар бүр өмнө нь Гадаад яаманд ажиллаж байсан. Энэ эрхэм 2014 онд 60.9 сая төгрөгийн орлого олсон байна. Гэр бүл нь 210.2 сая төгрөгийн орлоготой байсан гэж АТГ-т мэдүүлжээ. Гурван байр, гурван барилгатай. Тэдгээрийн үнэ нь 989.4 сая төгрөг болно. 700 мкв нэг газартай. Тэрийгээ 5.0 саяар үнэлсэн байна. Хадгаламждаа 22.8 сая төгрөгтэй. Д.Цогтбаатар найман компанийн хувьцаа эзэмшдэг. Тэдгээр нь 3.05 тэрбум төгрөгийн дүрмийн сантай ажээ. Ингэхээр мань сайд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө Зам тээврийн сайд, “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүүд ойртож очиж байгаа юм.
“БЯЦХАН НАЙЗУУД”-ЫН ЭЗЭН ГАДААД ХЭРГИЙН САЙД
Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад Гадаад хэргийн сайдаар очсон Л.Пүрэвсүрэн өнгөрсөн жил 14 саяын орлого олжээ. Гэр бүл нь 463.5 сая төгрөг олсон гэнэ. Энэ эрхэм гурван байр, хоёр худалдааны төв, бас нэг барилгатай. Үл хөдлөх хөрөнгүүд нь 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Toyota Hilux гэдэг 9.0 саяын үнэтэй ганц машинтай. 200 саяар үнэлэгдэх 696 мкв газар эзэмшдэг гэнэ. Хадгаламждаа 4.5 сая төгрөг хийсэн. “Роадту Монголиа” ХХК, “Бяцхан найзууд” цэцэрлэгийн эзэн. Эдгээр нь 3.9 сая төгрөгөөр үнэлжээ. Гадаад хэргийн сайд, цэцэрлэгийн эзэн энэ эрийн хөрөнгө 1.8 тэрбум төгрөг болох ажээ.
ХАМГИЙН “ТОВЧХОН” ХӨРӨНГӨТЭЙ САЙД
Мега төсөл хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан. Өмнө нь Ерөнхий сайд, АН-ын дарга байсан. Одоо МҮАН-ын дарга. Улс төрд олон жил болсон. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг нь гайхмаар товчхон байх ажээ. М.Энхсайхан 2014 онд зургаа, гэр бүл нь зургаан сая төгрөгийн орлоготой байсан гэнэ. Түүнд машин, мал, байр сууц, хувьцаа энэ тэр байхгүй. Харин хадгаламжид нь 35.5 сая төгрөг байдаг гэж АТГ-т мэдүүлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: