ХУЙВАЛДАЖ БУС ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ!

zandanshatar(1)_500x500ИТГЭЛЦЛИЙН ХЯМРАЛ ХААШАА ХӨТӨЛНӨ ВЭ

Өнөөдөр Монгол улс эдийн засгийн болон өрийн, түүнчлэн улс төрийн хямралд ороод байгааг гадаад дотоодын судлаачид төдийгүй манай Засгийн газар өөрөө ч хүлээн зөвшөөрчихлөө. Энэ хямралыг ердөө хоёрхон үгээр “Итгэлцлийн хямрал” гэж дүгнэж болно.

Засгийн газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл үгүй болов. Хууль эрх зүйн засаглалын тэгш шударга зарчим алдагдаж, бүх шатанд хариуцлага эзэнгүйдсэнээр төрийн институциудад итгэх итгэл гадаад дотоодгүй суларч, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт уналтыг үүсгэлээ.
Аливаа улсын нийгмийн институцийн шинж чанар ямар байгаагаас хүн ардынх нь баялаг бүтээх чадамж, эдийн засгийн өсөлт шууд хамаардаг. Сайн институиитай, өмчлөх эрх баталгаажсан, гажуудал багатай бодлого бүхий улс орон биет болон хүмүүн капиталд илүү их хөрөнгө оруулж, орлогыг өндөр төвшинд хүргэхийн тулд эдгээр хүчин зүйлсээ илүү үр өгөөжтэй ашигладаг.

Дэлхийн банкнаас гаргасан зургаан үзүүлэлтээр (үг хэлэх эрх ба хариуцлагатай байдал, улс төрийн тогтвортой байдал ба хүчирхийлэл, Засгийн газрын үр ашигтай байдал, зохицуулалтын дарамт, хуулийн хэрэгжилт, авилгын хяналтын дунджаар) тухайн улсын төрийн институциудын чанарыг тодорхойлдог. Дээрх үзүүлэлтээр Монголын засаглалын чанар, чадамж ямар байгааг сүүлийн 17 жилийн динамикаар судалж үзээд манай итгэлцлийн хямралын шалтгааныг ийнхүү тодорхойлж байна.

Үзүүлэлтүүд тус бүрдээ -2.5 ба 2.5-ын хооронд утга авах ба утга нь ихсэх тусам институцийн үзүүлэлтүүд сайжирч байгааг харуулна. Монгол Улсын хувьд тоймлон авч үзэхэд институцийн чанарын эдгээр үзүүлэлтүүд тус бүрдээ муу гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Эндээс манай төрийн аппарат улс төрийн дарамтад орсон, үр ашиг муутай, хүнд сурталтай, хуулийн хэрэгжилт ихээхэн дордсон, авлига өссөн харагдана. Монгол Улс маань муу институцитай улс орнуудын ангилалд хамрагдаж байгаа нь товчхон хэлбэл байгалийнхаа нөөц баялгийг улс орныхоо хөгжил дэвшилд оновчтой зарцуулж чадахгүй байна гэсэн үг юм.

Дэлхийн туршлагаас харахад, институцийн чанар муу нөхцөлд байгалийн баялаг өрийн хямралд хүргэдэг (Мексик, Нигери, Венесуэлийн жишээ) бөгөөд үйлдвэрлэгчдэд халтай, завшигчдад тааламжтай (grabber friendly) эдийн засгийг бий болгож баялгийн хараалд хүргэдэг нь нэгэнт батлагдсан билээ.

ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОХ АРГА БАЙНА УУ

Итгэлцлээ сэргээж хямралаас гарахын тулд Засгийн газар уг нь Тавантолгойн яриа хэлэлцээг эрчимжүүлж шийдэх гэсэн боловч бүүр эсрэгээрээ, хэрүүлийн алим болон хувирав. Улмаар итгэлцлийн хямралыг гүнзгийрүүлж, нийгмийг хоёр талцуулж орхилоо. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн өөр өөр мэдээлэл, харилцан зөрчилтэй байр суурь нь иргэдийн толгойг эргүүлж гүйцэв. Яагаад ингэтлээ талцаж улайраад байгаа нь ч иргэдийг сэжиг таавар, төөрөгдөлд оруулсаар байна. Цаашид ийм явцгүй байдлаар үргэлжилбэл Тавантолгойн асуудал улс төр, эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, төрийн институциудын хоорондын легитим зөрчлийг хурцатгаж, улмаар улс орныг ангал руу түлхэх нь тодорхой байна. Монголын нийгэм улс төрийн байдлыг танддаг “Сант Марал” төвийн 2015 оны дөрөвдүгээр сарын 12-ны судалгаанаас үзэхэд УИХ-д 62 хувь, Ерөнхийлөгч 55 хувь, Хууль шүүхийн байгууллагад 50 хувь, Улс төрийн хамуудад 67 хувь нь итгэдэггүй гэсэн нь бидний улс төрийн институцид итгэх итгэл байнга буурч, төлөөллийн элит ардчиллын институци системийн хямралд ороод байгаа нь тодорхой байна.

Ардчиллын үнэт зүйлс болох “Хуулийн өмнө тэгш эрхтэй байх”, “Өөрийн өмчийн зарцуулалтыг чөлөөтэй шийдэх”, “Нийгмийн ялгаа аль болох бага байх” гэсэн гурван асуудлыг хамгийн өндөрт зэрэглэжээ. Тухайлбал “Манай өнөөгийн ардчилал улс төрийн тогтолцоо таны сэтгэлд хэр нийцдэг вэ?” гэсэн асуулганд иргэд 45 хувь нь огт нийцдэггүй буюу бараг нийцдэггүй гэж хариулж, хэт ардчилалтай учир дарангуйлал хэрэгтэй, ардчиллын жинхэнэ үнэт зүйлс хөгжөөгүй дарангуйллын нэг төрөл байна гэж үзжээ. “Таны бодлоор аль ангилалд багтаж байна вэ” гэсэн асуулгад дарангуйлал руу шилжиж байна, хэт дарангуйлалтай байна гэж 24 хувь нь, хоёр замын уулзвар дээр байна гэж 38 хувь нь, ардчилал хөгжүүлэх төвшинд байна гэж 23 хувь нь үзжээ. Дэлхийн банкны засаглалын чанарын үзүүлэлт манайд байнга уруудаж байгаа нь ч үүнийг нотолж байгаа юм.

Хямралыг боломж болгодог арга бас бий. Бүр дайны хямралыг ч хөгжлийн боломж болгон хувиргасан Герман, Япон, БНСУ, АНУ-ын жишээг бид бэлээхэн мэднэ. Харин манай бүх хямралын үндэс нь гажуудсан ардчилал, институциудын хямрал, clientelism буюу улс төр дэх хонжоо харсан түншлэл гэж дахин хэлье. Бид эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлж, хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхийн тулд ардчиллын энэ мэт аливаа гажуудлыг засахгүйгээр үр дүнд хүрч чадахгүй. Ардчиллын гажуудлыг засч улс орноо хөгжүүлэх зам мөрөө тодруулахын тулд бүгдээр хэлэлцвэл буруугүй гэсэн зарчмаар олон улсад амжилттай хэрэгжиж эхэлж буй Зөвлөлдөх ардчиллыг нэвтрүүлэх нь хямрал, Тавантолгойн хэрүүлийн алим, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг маргаантай чухал асуудлуудыг шийдвэрлэх үндсэн арга зам юм.

ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Онолын хувьд ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал. Манайд төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, гаргасан шийдвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй, ард түмний итгэл илт суларсан нь бүхий л судалгаагаар нотлогдож байна. Шууд ардчилал буюу ард нийтийн санал асуулга өртөг зардал өндөртэй, иргэдээс улс төрийн өндөр боловсрол шаарддаг, популизмыггааруулдаг гээд олон сөрөг үр дагавартай тул Монголд тохирохгүй байна. Харин зөвлөлдөх ардчилал (deliberative democracy) бол иргэдийн дунд явуулсан шударга бөгөөд ул суурьтай хэлэлцүүлгийн үр дүнд л улс төрийн шийдэл гаргахыг чухалчилдаг, нийгмийн шинжпэх ухааны онол зарчим юм. Нийтийн сайн сайханд бүрнээ нийцсэн хамгийн  оновчтой шийдвэрийг өөр өөр үзэл баримтлал уралдуулсан хэлэлцүүлэг, мэтгэлцээн, зөвшилцөөний үндсэн дээр гаргадгаараа, тэрчлэн төлөөллийн ардчилал, шууд ардчилалын аль ч системд хэрэгжиж болдог, хамгийн дэвшилтэт санаа бодлыг авахын хамтаар ард олныг өөрсдийн хүсэл эрмэлзлэлээ төрийн шийдвэрт тусгахад нэмэр болох мэдээллээр хангаж, итгэлцлийг бэхжүүлдгээрээ онцлог давуу талтай. Тавантолгой зэрэг улс орны эрх ашигт нэн чухал томоохон асуудлууд дээр чухамхүү ард олны оролцоотойгоор асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөн тунгааж, консенсусаар эсвэл олонхийн санал хураалтаар шийдэх нь өнөөдөр Монголд тохирох хамгийн оновчтой хэлбэр болоод байна. Зөвлөлдөх ардчилал нь шийдвэр гаргах харьцангуй шинэлэг хэлбэр хэдий ч, дэлхийн олон улсад амжилттай хэрэгжсэн туршлага байдаг. Австрали, АНУ, Англи зэрэг хөгжингүй болон Ази Африкийн олон улс, хөрш зэргэлдээ БНХАУ Зөвлөлдөх ардчиллаар дэд бүтэц, орон нутгийн төсвийн асуудлуудаа шийдвэрлэж байсан.

Тиймээс хямралаас гаръя гэвэл ардчилал, засаглалын гажуудлаа засах. Гажуудлаа засъя гэвэл Зөвлөлдөх  ардчиллыг сонгох нь оновчтой арга зам гэж үзэж байна. Асуудлыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар шийдэхдээ эрдэмтэн судлаачид, тухайн асуудпаар мэргэшсэн, салбарын мэргэжилтнүүд, иргэдийг түүвэр судалгааны аргаар сонгон оролцуулж болно. Гагцхүү нэгдүгээрт, зөвлөлдөн тунгаах, хоёрдугаарт, улс төрийн тэгш байдал, гуравдугаарт, иргэдийн оролцоо гэсэн ардчиллын гурван үнэт зүйлийг баримтлах ёстой. Зөвлөлдөх санал хураалтад дараахь таван үндсэн нөхцөлийг мөрдпөг болгоно. Үүнд:

1 .Мэдээлэл /Санал хураах, зөвлөлдөх асуудалтай холбоотой үнэн зөв бодит мэдээллээр хангасан байх/

2.Бодитой тэнцвэртэй / Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, хэлэлцэх асуудпыг бүх талаас харж, өөр өөр өнцгөөс тайлбар танилцуулга хийх, нотолгоо баримт гаргах нөхцөлийг бүрдүүлэх/

З.Олон ургальч үзэл. /Олон нийтийн дунд түгээмэл байгаа байр сууриудын төлөөллийг хэлэлцүүлгийн явцад жигд хангасан байх/

4.Шударга зарчимтай байх. /Оролцогчид зөвхөн баримт нотолгооны үндэслэл давуу талыг үнэлж цэгнэх/

5.Тэгш хандах хэлэлцэх зар-чим. /Хэн санал болгож буйгаас үл хамааран бүх оролцогчдын гаргаж буй баримт нотолгоо үндэслэлийг тэгш авч үзэх/

Дээрх үндсэн нөхцөлийг хэр өндөр төвшинд бүрдүүлэхээс зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийн чанар, үр дүн хамаарах учиртай. Хэлэлцэж, зөвлөлдөж, нэг шийдвэрт хүрсэний эцэст л бид энэ хямралыг даван гарч, нэг түүхтэй, нэг амьдралтай, нэг ирээдүйтэй НЭГ МОНГОЛ нэг зорилгын дор нэгдэхийн цагт хямрал өөрөө боломжид хувирах болно оо.

 

Г.ЗАНДАНШАТАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих