Эмма Ватсон Дэлхийн хүчирхэг 100 хүний нэг боллоо
2015 оны Time сэтгүүл Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтаа гаргасан байна. Бяцхан охин байхаасаа 10 гаруй жилийн турш “Harry Potter” кинонд бүтээсэн Хэрмони Грэнжерийн дүрээрээ нэрд гарсан залуу жүжигчин бүсгүй Эмма Ватсон дээрх хүндтэй жагсаалтанд багтсанаараа олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байна. Тэрээр ихэнх цаг заваа уран бүтээлд бус, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн элч төлөөлөгчөөр ажиллахдаа зориулах болсноор Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгт зүй ёсоор нэрлэгдэх боллоо.
New York Times сонины эрхлэгч Жилл Абрамсон нэгэн нийтлэлдээ, Ватсон #HeForShe жендерийн тэгш эрхийн төлөөх кампанит ажлаараа нэрд гарч, өөрийн алдар цууг батлан харуулсан хэмээн дүгнэсэн байна. Ингэхдээ Абрамсон түүнийг “зоригтой, ухаантай” хэмээн магтаад зогсохгүй, жендерийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал биш гэдгийг олон нийтэд ойлгуулж, эрчүүдэд эмэгтэйчүүдийг дэмжихийг уриалахын зэрэгцээ уг кампанит ажилдаа татан оролцуулсан явдлыг нь өндрөөр үнэлж буйгаа илэрхийлжээ. Эмма Ватсоны илтгэлүүд дэмжлэг авчраад зогсохгүй, гэнэтийн эргэлт, өөрчлөлт болж чадсан хэмээн албаны хүмүүс дүгнэсэн байна.
URL: