Хамгийн баян түшээ хэн бэ?
Авлигатай тэмцэх газар төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаад байна.
Эдийн засаг хямралтай ч түшээдийн хөрөнгө арвижжээ. Ашиг орлогоороо бусдыгаа тэргүүлсэн нь УИХ-ын гишүүн Г.Батхүү аж. Түүний орлого нь өнгөрсөн онд 1.302 тэрбум төгрөгт хүрсэн бол эзэмшил компанийнх нь дүрмийн сан 72.6 тэрбум төгрөгт хүрчээ. Компанийнх нь дүрмийн санг өмнөх жилтэй нь харьцуулахад 26.4 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Шийдлийн Засгийн газарт Эрчим хүчний сайдын алба хашиж буй Д.Зоригтын орлого 1.396 тэрбум төгрөгт хүрсэн бол 54.8 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшсэнээр Г.Батхүү гишүүний ард жагслаа. Гуравт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 54.1 тэрбумын хувьцаа эзэмшсэнээр, “Бодь”-оор овоглодог М.Зоригт гишүүн 21.1 тэрбумын хувьцаа ээзмшсэнээр, “Богд” банк байгуулахаа зарласан УИХ-ын гишүүн Л.Болд 15.8 тэрбумын хувьцаа эзэмшсэнээр, Ерөнхий сайд асан Сү.Батболд 10.6 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг болохоо мэдүүлснээр айргийн тавд багтаад байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 3.515 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2013 оныхоос 200 сая төгрөгөөр, 2012 оныхоос 700 сая төгрөгөөр буурсан харагдаж байгаа юм. Тодруулбал, 2012 онд 4.2 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2013 онд 3.7 тэрбумын орлого олсон нь 500 сая төгрөгөөр буурсныг харуулж буй. Энэ ангилалд мөн УИХ-ын гишүүн Л.Болдыг хамруулж болно. Тэрээр 2013 онд 33.139 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол 2014 онд 244.907 болж огцом буурчээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын орлого ч буурсан байна. 2013 онд 1.27 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол 2014 онд 377.816 сая төгрөг болж навс буужээ. Ингэхдээ орлого нь 2012 онд олсон 566 сая төгрөгөөс доогуур орсон байгаа юм.
Зээлтэй, хадгаламжтай түшээд хэн бэ?
Монголоос зээлгүй хүн хайгаад олохгүй гэдэг үнэний ортой аж. УИХ-д ч Засгийн газрын танхимд ч зээлтэй гишүүд цөөнгүй байна. Тухайлбал, Шадар сайд У.Хүрэлсүх 1.7 сая, Эрчим хүчний сайд Д.Зоригт 4.2 сая, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү 195 сая, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 848 сая, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар 1.211 тэрбум төгрөгийн зээл тус бүр авчээ. Хууль тогтоогчидоос Г.Батхүү “Шунхлай” групээс 366 сая төгрөгийн, М.Сономпил 5.7 сая, Д.Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас нийт 859 сая, З.Баянсэлэнгэ 108 сая төгрөгийн зээл тус бүр авсан байна.
Хуримтлалын тухайд, УИХ-ын гишүүн Л.Болд 19.6 тэрбум, Б.Наранхүү 7.9 тэрбум, Ж.Энхбаяр 2.1 тэрбум, Сү.Батболд 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. Офшор дансанд гурван сая төгрөгтэй дүйх доллар хийгээд мартсан гэх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хувьд хадгаламжиндаа 7748 төгрөгтэй байна.
Алдарт “Бенз” бүртгэлд багтсангүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар хувьдаа авто машингүй гэдгээ мэдүүлсэн бол тэдэнтэй ханьсах гишүүд олон байна. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Д.Арвин, Ж.Энхбаяр, С.Оюун, С.Одонтуяа, Я.Содбаатар, Л.Болд, Б.Гарамгайбаатар, Л.Болд, Д.Дэмбэрэл нар авто машингүй болохоо мэдүүлжээ. Тэд хоёр дахь жилдээ автомашингүй болохоо ийн мэдүүлээд байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг алдарт бензээ 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дахин мэдүүлсэнгүйгээр авто машингүй гишүүдийн тоог хэвээр хадгаллаа.
Нэг хэсэг нь албаны унаагаар, зарим нэг нь хамаатан садан, түрээсийн машинаар алба залгуулж байхад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Наранхүү нар тус бүр зургаан машинтай болохоо мэдүүлжээ. Анх удаа мэдүүлж байгаа нь энэ биш, 2013 оноос хойш мэдүүлж байгаа юм. Чингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр Lexus-570, Mercedes benz G500, Landcruiser 200, Mercedes benz, Mercedes benz G300, Mercedes benz G55 AMG тус бүр нэг байна. Машинуудын үнэлгээ 951.5 сая төгрөг. Харин Б.Наранхүү гишүүн Mercedes benz G500, Landcriuser Standart тус бүр нэг, харин Rollsroyce Phantom машин дөрөвтэй ажээ.Үнэлгээ нь 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Авто машиныхаа “цуглуулгаар” УИХ-ын гишүүдтэй ана мана үзэж урд нь гарах Засгийн газрын гишүүн бол Зам тээврийн сайд Н.Төмөрхүү аж. Нийт долоон авто машинтай юм байна, тодруулбал, fordfiesta Transit, -1, Range Rover-1, Land Rover Range Rover-1, Toyota Prius XW20-1, Hyndai Elantra-1, Lexus-570-1 Toyota Land Gruiser-200-1 маркийн төмөр хүлгүүд бүртгэгджээ.
Малтай түшээд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25 адуу, гурван үхэр, 20 хонь, 15 ямаатай бол УИХ-ын дарга З.Энхболд хоёр адуу, 50 хоньтой. Ерөнхий сайд огт малгүй. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар малгүй бол Уул уурхайн сайд Р.Жигжид хурдан удмын адуу дөрөв, хоёр адуу, сайн үүлдрийн үхэр 20, хоёр нохойтой гэж мэдүүлжээ. Хөдөлмөрийн сайд Н.Чинзориг 30 адуу, 130 хоньтой бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёр адуу, 37 үхэр, 92 ямаа, 482 толгой хоньтой аж. Сангийн сайд Ж.Эрдэнэбат 117 үхэр, 203 хонь, 19 адуутай юм байна.
УИХ-ын гишүүдээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ урьд жилүүдийн нэгэн адил малын тоо толгойгоороо бусдыгаа тэргүүллээ. Гэхдээ идшэнд нэлээд хэдийг унагасан уу, 2013 оныхтой харьцуулахад тоо нь цөөрчээ. Тодруулбал, 2013 онд 4020 толгой малтай байсан бол 2014 онд 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хоньтой буюу нийт 3890 толгой малтай гэдгээ мэдүүлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуутай аж. Нийт мал сүргийнхээ тоогоор УИХ-ын гишүүд дундаа “Мянгат малчинд” харьяалагдахаар…
Араас нь нэхэл хатуутай нэхэх түшээд бол 788 толгой малтай УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, 842 толгой малтай Су.Батболд, 488 толгой малтай Г.Батхүү нарыг оруулж болох нь. Хурдан удмын адуугаар нь эрэмбэлбэл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 109 хурдан удмын адуутай бол
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хурдан удмын 60, мөн 260 адуутай юм байна. УИХ-ын гишүүн С.Оюун 2 сая төгрөгөөр үнэлсэн хурдан адуутай болохоо мөн мэдүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/index/hom/hom2014.pdf линкээс үзэх боломжтой. /ньюс.мн/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сонин зүйл байх юм аа!!! Монгол улс хямраад, ард түмний бүсийг чангалаад л байдаг хэрнээ АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН ТҮШЭЭДҮҮД ҮЛ ХЯМРСАН БАЙХ ЮМ АА, ЭНЭ АРДЧИЛАЛ Ч ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ЮМ АА