Айсуй намрын улс төр
Найр, наадам, аймгуудын ойн баяр дууслаа. Улстөрчид амар амгалангийн дүр эсгэн айсуй сонгуульд бэлтгэж байна. Хууль нь тодорхойгүй ч сонгууль болох нь үнэн учир хорчдын эрэлт хэрэгцээ ч ихэсч буй бололтой.
Сонгогчдын хувьд пропорциональ, мажоритар нь хамаагүй, өгсөн саналыг шударга тоолоод дүнг нь гаргачихаасай л гэж хүсч байгаа. Харин намууд тогтолцооны хэлбэрээр талцчихаад байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилсээр намрын чуулгантай золгох нь ойлгомжтой. Гэвч чуулган эхэлсэн ч зөвшилцөлд хүртлээ өдий биз. үүний өмнө намууд дотоод хагарлын шархаа илааршуулж, ойлголцсон байх ёстой.
Одоогийн байдлаар Ардын намын удирдлагуудын хоорондын харилцаанд хүйтэн салхи сэвэлзэж эхэлчихээд байгаа нь ил цагаан харагдаж байна. Намын удирдлага нэрийн дор бантанг нь хутгаж, халаа сэлгээ хийсэн Ардын намын генсек У.Хүрэлсүх намын даргатайгаа толхилцож эхэлсэн тухай мэдээлэл чих дэлсэх боллоо. Аргагүй шүү дээ, намын нэрийг сольсон цагаас эхлэн С.Батболдтой зайлшгүй нэр холбогдох томоохон шийдвэрийг хүчээр гаргаж, чамгүй олон халаа сэлгээ хийсэн.
Сонгуулийн тухай хуулийг батлах асуудлаас болж, УИХ дахь намын бүлгийн дэд даргын халаа, сэлгээ хүртэл олон нийтэд ямар хүчтэй туссан гээч. Одоо энэ “тулаан” ирэх намаржин үргэлжилнэ. Магадгүй, Ардын намын удирдлагууд зэрэгцэн сууж байгаад “Тийм юм болоогүй. Бид эвтэй сайхан байгаа” гэсэн жижүүрийн инээмсэглэл тодруулсан мэдэгдэл хийх байх л даа. Гэхдээ л бодит үнэн бүхэн хөшигний цаана л байдаг шүү дээ.
Иймд С.Батболдоос давсан шийдвэр гаргачихаад намын даргаасаа бусад лидерийг дагаж намирсан У.Хүрэлсүх генсекийн суудлаасаа үсэрвэл гайхах хэрэггүй. Учир нь У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрээс болж С.Батболд гэмгүй сууж байгаад дэндүү олон хүний “дайсан” болчихоод байгаа.
Ирэх намрын улс төрийн бас нэг оньсого нь Н.Энхбаяр ба түүний нам. Хуучин МАХН-д байхдаа тойрон хүрээлэгчдээрээ тоглож чадаад байсан Н.Энхбаяр одоо шинэ МАХН-д тэгж галаар наадах боломжгүй болсон. Яагаад гэвэл МАХН-ынхан цөөхүүлээ. Хэн нэг нь шогтоод байхыг тэд тэвчихгүй. Шударга улс төр, нийгмийг цэвэрлэхийн төлөө нэгдэж буйд итгэсэн тэр цөөнх доторх хэн нь ч “барын сүүл” байхыг хүсэхгүй байгаа.
Тиймээс зарим нь Н.Энхбаярыг дагаж намирахгүй ээ гээд гарч байна. Цаашид тус намаас хэн гарч, хэн орохыг одоогоор таашгүй. Тэр тусмаа УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө М.Энхсайхан тэргүүтэй Н.Энхбаярын хөршүүд ямар ч “буруу эргэлт” хийж болзошгүй. Бүр байчихаад “алалцаад” байсан Ардын намтайгаа нэгдчихвэл яах вэ. Яагаад болохгүй гэж. Тэгвэл Ардын намыг өмөөрч Н.Энхбаяртай тэрсэлдээд байсан жараахайнууд айхавтар хүнд байдалд орно.
Ардчилсан намын хувьд МАХН, Ардын намын хоорондох сөргөлдөөн маш таатай нөхцөл байдлыг буй болгож байна. Тэд тун хөөрхөнөөр ард түмнээ сонсч явахдаа сонгогчдын чихэнд юу шивнэхээ мартаагүй. Улс төрийн намуудын рейтинг тогтоодог элдэв төрлийн судалгаанаас алийг нь ч харсан Ардчилсан нам дандаа түрүүлж, эсвэл аман хүзүүдэж яваа. Өмнөх морь нь бүдрэмтгий байгаа нөхцөлд аман хүзүүднэ гэдэг найдвартай түрүүлэхийн дохио.
Энэ тохиолдолд маргааш сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам л манлайлах нь гарцаагүй. Хэдийгээр эрх мэдлийг гартаа авсан цагт Ардчилсан намынхан “тэнэгтдэг” ч гэсэн өөр найдах хүчин алга. Дээр нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гараад алдаагаа засчихвал бүр ч догь. Энэ алдаа бол сөрөг хүчин гэдэг үгийг тэдний тодорхойлолтоос авч хаячихаад байсан юм.
Тэгэхээр одоо хар даа, Ардын нам ба МАХН хоорондоо сөргөлдөөд байвал Ардчилсан намд ашигтай. Харин нийлээд Ардчилсан намын эсрэг зогсвол “нууц”-ын зэрэглэлтэй бүх мэдээллээ ашиглан, хэн хэнтэй хүзүү сээрээрээ холбогдон хэрхэн хор хутгаж байсныг нь олон нийтэд дэлгэнэ. Дээр нь сөрөг хүчин гэсэн тодотголдоо ганцаараа эзэн нь байж, голын нөгөө эрэг дээр гарч зогсоод сэлэм эргүүлэхэд амжилтад хүрэхгүй гээд хаачих билээ.
Ийм л дажинтай улс төр энэ намар үргэлжилнэ. Товчхондоо Сонгуулийн тухай хууль ямар ч тогтолцоог буй болгосон ирэх сонгууль Ардын нам ба Ардчилсан намын хооронд л өрнөнө. МАХН бол энэ сонгуульд зөвхөн “Хоролмаагийн дүр”-ийг л бүтээхээс хэтрэхгүй. “Намын нэрээ авчих л юм бол очиход бэлэн” хэмээн Н.Энхбаярт амлаж байсан Ардын намын хэсэг нөхөд намын даргынхаа эвгүй харцтай хэдийнэ тулгарчихаад байгаа. Жижүүрийн гуравдагч хүчин ИЗН, Ногоон нам мөн л нэрний асуудалтай шүүхдэлцсээр сонгуулийн өмнө ямар нэг оноосон нэртэй үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Ардчилсан намаас амжилтын үнэр авсан сул гишүүд нь хандивын мөнгөө намын удирдлагуудынхаа аманд чихэх нь холгүй намдаа хайр зарлаад эхэлчихсэн.
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа УИХ энэ суудлаар Ерөнхийлөгчтэй наймаалцаж ч мэдэхээр байна. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх асан Г.Ганзоригийг тус газрын даргаар очино гэсэн учир мэдэх хүмүүсийн шивнээ тун үндэслэлтэй. Түүний гаргасан алдаа мадаг буй ч Ерөнхийлөгчтэй ямар тохиролцоо хийгээд хоёр тийшээ болсныг таашгүй шүү дээ. Энэ удаа Ерөнхийлөгч ямар ч байсан тохиролцооныхоо дагуу давуу эрхээ эдлэн энэ суудлыг эзэнтэй болгох нь дамжиггүй. Харин үндсэн хуулийн Цэцийн даргыг хэрхэн томилох нь өөрийн дэг жаягтай болохоор М.Алтанхуягаас нэг их холдохгүй л болов уу.
Хэрэв хамтарсан Засгийн газар тарахад хүрвэл өөр олон халаа, сэлгээг ирэх намар олж харах биз ээ. Гэвч гэнэтийн хүчтэй, “давагдашгүй хүчин зүйл”-тэй л тулгарахгүй бол хамтарсан Засгийн газар сарниж зангиатай залуусыг баярлуулахгүй л болов уу. Тэгэхээр их тулааны өмнөх нам гүмийг санагдуулах ирэх намрын улс төрийн бүх хямрал хөшигний цаана л өрнөх төлөвтэй байна.
Б.Оюу
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: