Л.Пүрэвсүрэн сайд яагаад хууль бус Төрийн нарийн бичгийн даргаа явуулж чадахгүй байна вэ?

527-1429521047amjkue0420Монгол Улсын гадаад харилцаа гацаанд орчихвол юу болох бол…? Гэхдээ асуудлыг ингэж сүржигнүүлээд юу хийхэв. Өнгөрсөн долоо хоногт ньюс мн сайтад “Гадаад хэргийн яам гацаанд оржээ” гэсэн мэдээлэл цацагдсан юм. Үүнээс үүдэж л толгойд ийм бодол цухасхан бодогдсон хэрэг.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо 2014 оны Арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ЗГХЭГ-т томилгооны тухай нэгэн албан бичгийг хүргүүлсэн байгаа юм. Гэвч уг асуудал хаана ч юм дарагдаад өдийг хүрсэн нь өнгөрсөн долоо хоногт олны хүртээл болсон. Магадгүй Л.Пүрэвсүрэн сайд Төрийн нарийн бичгийн даргаа солих сонирхолгүйгээс ч өдийг хүрсэн байж болох. Үгүй байсан бол яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг гадаад хэргийн яам хав дарж, Төрийн албаны зөвлөлд Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөөгүй байгаа юм бэ.

Хэтрүүлээд шүүмжилчхэж Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын асуудлыг шийдэж чадахгүй энэ олон сарыг үдэж байгаа хүн Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлоод явж чадах уу гэх асуулт ч гарч ирж болох. Олон юм нуршаад юу хийх билээ. Доорх баримт олон нийтэд тодорхой байхад. Энэ асуудал дээр уншигчид өөр өөрийн дүгнэлтээ хийнэ биз.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Засгийн газарт илгээсэн албан бичигтээ “Ажилд томилох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн хэмээн Төрийн албаны тухай хуулийн 35.1.4, 35.1.6, Засгийн газрын тухай хуулийн 18.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай Хуулийн 9.1, Улсын их хурлын 2003 оны “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, уг журмын 9-ийн “а”-г тус тус зөрчин Гадаар хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал томилгоо хийсэн байна…

…Иймд дээр дурдсан томилгоонуудыг зөрчлийг арилгаж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад томилогдох удирдах ажилтныг Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах захиалга ирүүлэхийг зөвлөж байна” гэжээ.

Ийм л байна. Холбогдох газар нь хууль бус томилгоо байна аа. Зөрчлөө арилга гээд байхад “нүдэн балай, чихэн дүлий” байсаар л… Харин эрх зүйн чадамжгүй Төрийн нарийн бичгийн дарга нь ажилласан ч биш, ажиллаагүй ч биш хоёрын хооронд гурвын дунд байх юм.

Мэдээж төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчин томилогдсон гэх бичгийг үйлдчихээд байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажлаа хийж, шийдвэр гаргаж, элдэв бичгэн дээр мутраа үлдээвэл дараа нь хэрэгт орж ч болох. Тиймээс энэ гацаанаасаа Гадаад хэргийн яам гарах тал дээр сэтгэл чилээвэл дээр биз ээ.

Ц.Амундарь

 

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих