“Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжпийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд нийт хүн амын 51,7%, хөдөлмөрийн насны хүн амны 50,4%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн дээд боловсрол эзэмшигчдийн 64%, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 66%, боловсролын салбарын нийт ажиллагсдын 71,3%, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж, эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Үндэсний чуулганы зорилго:
• “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганаас гарсан зөвлөмж, санаачлагын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх;
• Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх;
• Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг чухалчлан үзэж, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох шинэчлэлийн бодлого, зарчмыг хамтрагч талууд болон олон нийттэй зөвшилцөх;
Үндэсний чуулганыг зохион байгуулснаар:
• Монгол Улсын “Хөгжлийн урт хугацааны бодлого”-д эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаарх саналыг тэдний оролцоотойгоор тусгах;
• Гэр бүлд суурилсан эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог бүх түвшинд дэмжих, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээрх орон нутгийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;
• Шинээр болон шинэчлэн боловсруулж байгаа хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн оролцох эрхийн асуудлыг түлхүү тусгах юм.
Чуулганы үндсэн илтгэлийг “Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо”сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай эхлүүлж, “Эмэгтэйчүүдийн эрх ба эрх зүйн шинэчлэл”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” зэрэг илтгэлүүд тавигдлаа.
“Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.
Эдгээр төлөөлөгчдийн 80 хувь нь 18-50 насны эмэгтэйчүүд байгаа бөгөөд мөн жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд эрчүүдийн санал бодлыг тусгах, эрэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулах зорилгоор нийт төлөөлөгчдийн 20 хувь нь эрэгтэйчүүд байв.
URL: