С.Эрдэнэ: Яагаад Н.Энхбаяртай уулзаж болдоггүй юм бэ?
Бүлгийн хуралдаан дээр 2011 оны улсын төсвийн тухай асуудлыг авч хэлэлцэн С.Эрдэнэ ажлын хэсгийн санал дүгнэлтийг уншиж танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, Н.Батбаяр нарын гишүүд санал зөрөлдөн маргалдах үеэр намын дарга Н.Алтанхуяг орж ирэн С.Эрдэнэ, Батбаяр хоёрыг чичлэн “Та хоёр ер нь аятайхан байгаарай. Бүх юмыг чинь гаргуулна шүү” хэмээн сүрдүүлсэн гэнэ.
С.Эрдэнэ намынхаа даргын дээрх үйлдлийг “УИХ-ын гишүүн, намын гишүүн хүний зүгээс байж боломгүй үйлдэл” гэлээ. Мөн Н.Алтанхуяг дарга ширээ цохин, юм шидсэн гэлээ.
Иймд тэрбээр УИХ-ын дарга Дэмбэрэлд хандан албан хүсэлт гаргахаар болжээ. Уг хүсэлтэд ”Намайг тагнаж чагнан, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн” зэргийг дурджээ. Тагнаж чагнасан хэмээн үзэж байгаа талаар тайлбарлахдаа “Чамайг Н.Энхбаяртай уулзаж байсныг чинь мэдэж байгаа. Тагнуулын Ерөнхий газарт манай хүн байгаа шүү” гэсэн Н.Алтанхуягын хэлсэн үгтэй холбоотой бөгөөд ингэснээрээ УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл хэмээн үзэж байна гэлээ. Тэрбээр “Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнтэй яагаад уулзаж болдоггүй юм бэ. Уг нь би Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгснөөс нь хойш нэг ч уулзаагүй” гэв.
Мөн тэрбээр “Н.Алтанхуяг дарга удаа дараа намайг гүтгэн доромжилж, шоронгийн хулгайч, алуурчин гэж доромжилдог байсан” гэв. Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаанд нь түүний эсрэг зохион байгуулж байсан эсэргүүцлийн арга хэмжээ, өлсгөлөн зэрэг бүх санхүүжилтийг Н.Алтанхуяг хийсэн хэмээн энэ үеэр мэдэгдлээ.
Б.Мандах
URL: