Уул уурхайн салбараа урьдчилгаа төлбөрт барьцаалаад байх уу

Манай улс уул уурхайн салбараас ихээхэн хэмжээний орлого олж байна. Он гарсаар экспорт 2155.2 сая ам.долларт хүрсэн нь үүнийг батална.

Өнгөрсөн жилийн өдийд экспортын орлого 1360 сая ам.доллар байсан юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого 788 сая ам.доллар буюу 57.6 хувиар өсчээ. Хамгийн гол нь экспортын орлогыг бүрдүүлж буй хүчин зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн байгаа юм.

Тодруулбал, нийт орлогын 4.9 хувийг бохир, 0.9 хувийг самнасан ноолуур, долоон хувийг уул уурхайгаас бусад бүтээгдэхүүн эзэлж, үлдсэн 90 орчим хувийг ашигт малтмалын орлого дангаараа бүрдүүлжээ. Хэдийгээр манай улс уул уурхайгаас ихээхэн мөнгө олж байгаа болов ч ашигтай, ашиггүйг үл харгалзан улс орнуудаас урьдчилгаа төлбөр авсаар байна.

Энэ жилийн хувьд олны сонирхолын төвд байгаа уул уурхайн томоохон ордуудтай холбоотой гэрээнээс манай улс тэрбум 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр аваад байна. Энэ дунд манай улсад ашигтай эсэх нь тодорхойгүй гэрээ ч байгаа юм.

Тухайлбал, хамгийн сүүлд “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн хэсгээс нүүрс олборлож нийлүүлэх таван жилийн гэрээг Хятадын “Chalco” компанитай байгуулж урьдчилгаанд 250 сая ам.доллар авлаа. Урьдчилгаа төлбөрийг 1.5 жилийн хугацаанд төлж барагдуулах хүртэл нүүрсээ тус улсад үнэгүй өгөх бололтой.

Учир нь гэрээнд гарын үсэг зурсан нөхөд Хятадын тал 250 сая ам.долларын урьдчилгаанд хэдэн сая тонн нүүрс, ямар үнээр авах тухай огт дурьдаагүй юм. Тэд уг гэрээ эдийн засгийн үр шимийн хувьд манайд ашиг багатай хэмээн хэлснээс харахад Хятадын тал урьдчилгаа төлбөрөөсөө давуулж нүүрс экспортлох нь ойлгомжтой байна. Ирэх дөрвөн сарын хугацаанд л гэхэд сая тонн нүүрс олборлож экспортлохоор төлөвлөсөн гэх.

Улмаар 2-3 жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 15 сая тоннд хүргэх тухай дурьдсан. Ингэхлээр Хятадын тал 250 сая ам.долларынхаа хариуд ёстой л чадлынхаа хэрээр нүүрс тээвэрлэх бололтой. Манай тал мөнгийг нь авчихсан, дээрээс нь гэрээнд хэдэн тонн нүүрс, ямар үнээр авах тухай тусгаагүй (гэрээг үзэглэсэн нөхөд энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй тул ингэж ойлгохоос аргагүй) тул бусдын барьцаанд орчихов уу хэмээн хардахад хүргэж байна.

Тэгвэл яах гэж дэлхийн зах зээлд улам бүр үнэд орж байгаа нүүрсээ урьдчилгаа хэдэн төгрөг өгсний төлөө хятадуудад үнэгүй нийлүүлэх хэрэгтэй байсан юм бэ гэсэн асуулт гарна. Хариулт нь энгийн юм. “Эрдэнэс Тавантолгой” Хүний хөгжил санд мөнгө хуримтлуулах ёстой. Уг үүргээ гүйцэтгэхийн тулд арга буюу урьдчилгаа төлбөр авахаас өөр аргагүй байсан тухай ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ын удирдлагууд тайлбарласан. Сонгуулийн амлалтыг биелүүлэхийн төлөө ямар ч тооцоо, барьцгүй наймааг Хятадын компанитай хийсэн ганц шалтгаан нь энэ.

Тэгвэл энэ үнэхээр зайлшгүй шалтгаан байсан уу үгүй юу гэдгийг ч бодолцож үзэхэд илүүдэхгүй юм. Учир нь он гарсаар авсан Оюутолгойн урьдчилгаа төлбөрийн сүүлч 100 сая ам.доллар, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч нараас өгсөн тэрбум ам.доллар орж ирж байхад нэмээд ашиггүй гэрээ байгуулж 250 сая ам.доллар хятадуудаас царайчлах хэрэг байсан уу хэмээн бодоход хүргэж байна.

Эхний 100 сая ам.доллар эх орны хишгийг санхүүжүүлэхэд зориулагдсан. Дээр нь нэмээд тэрбум ам.доллар орж ирсэн. Уг нь төлөвлөгөө ёсоор Тавантолгойгоос орж ирсэн хөрөнгөөр төсвийн алдагдал болох 500 тэрбум төгрөгийн ихэнх хэсгийг санхүүжүүлэх учиртай. Бүр тодруулбал, Засгийн газар олон талын болон хоёр талын хамтын ажиллагаатай түншүүдээс ДНБ-ий 0.8 хувьтай тэнцэх санхүүжилт хүсэх ёстой.

Энэ нь ойролцоогоор 60 орчим тэрбум төгрөг байна. Үүн дээр өмч хувьчлалаас ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх хөрөнгө буюу 115 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд олохоор төлөвлөсөн юм. Иймээс энэ жил заавал Тавантолгойгоос дор хаяж 320 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар тооцсон. Үлдсэн мөнгө нь ямар ч тооцоогүй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар Тавантолгойгоос дээрх хэмжээний мөнгө заавал олж, төсвийн алдагдлаа нөхнө хэмээн тооцсон л болохоос бус тэрбум ам.доллар ороод ирнэ гэж анхнаасаа төлөвлөөгүй. Тиймээс тэрбум ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 900 орчим тэрбум төгрөг нь бараг л сул мөнгө гэсэн үг. Үүгээр хүний хөгжил сангийн хөрөнгийг санхүүжүүлэх бүрэн боломжтой. Заавал гадна дотноос мөнгө гуйгаад байх хэрэггүй байсан мэт.

Эцсийн дүндээ гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авснаар бусдын барьцаанд орох зам нээгдэнэ. Хятадууд Цанхийн баруун хэсэгт давамгайлах нь нэгэнт тодорхой болсон. Тэгвэл Цанхийн зүүн хэсэг мөн л хятадуудын давамгай байдалд шилжихийг үгүйсгэх арга алга.

Г.Бат http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих